Categories
мэдээ нийгэм

Элэгний хавдрын эсрэг шинэ эмчилгээг Монголд нэвтрүүлэхээр ярилцлаа

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын эхээр АНУ-д айлчилж, сайн мэдээтэй иржээ. Төрийн нарийн бичгийн дарга ярихдаа “Монгол Улс элэгний хорт хавдрын нас баралтаараа дэлхийд дээгүүрт бичигдэх болсны гол шалтгаан нь элэгний В, С, Д вирусийн тархалт өндөр байгаатай холбоотой юм. Манай улсын эрдэмтдийн “Journal of Viral Hepatitis” сэтгүүлд өнгөрсөн хоёрдугаар сард хэвлүүлсэн олон улсын судалгааны ажлын үр дүнгээр 400 мянга гаруй иргэн маань элэгний В, С, Д вирусийн архаг халдвартай тухай дурдсан шүү дээ. Манай улсад насанд хүрсэн, элэгний В вирусийн халдвартай 200 мянга гаруй хүн байгаа тухай мэдээлэл байна. Харин эрүүл мэндийн салбарын нийт 48 мянган эмч, мэргэжилтнүүдийн 5000 нь элэгний С вирусын архаг халдвартай гэсэн тоо баримт байдаг юм. Эмч, мэргэжилтнүүдийнхээ дунд элэгний С вирусын голомтыг бүрэн устгах нь халдварын тархалтыг зогсооход тун чухал ач холбогдолтой.

АНУ-д айлчлах үеэрээ элэгний С вирусийн эсрэг өндөр үр дүнтэй эмийг үйлдвэрлэсэн “Gilead Sciences” компанийн удирдлагуудтай уулзаж, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн дундах элэгний С вирусийн голомтыг устгахад зарцуулагдах 5000 хүн тун эм буюу 15 мянган хайрцаг эмийг хандиваар авах асуудлыг нааштайгаар шийдэж чадлаа. Мөн Чикаго хот дахь “Аббвие” компанийнхантай хийсэн уулзалтын үед энэ талаар нааштай хариу сонссон. Өөрөөр хэлбэл, тэд “Уг асуудлыг шийдэх бүрэн боломжтой” гэдгээ бидэнд хэлсэн. Энд нэг зүйлийг дуулгахад, АНУ-д уулзсан хүн бүр Монгол Улсын төр засаг, жирийн иргэд нь элэгний өвчлөлтэй эрчимтэй тэмцэж байгааг сайшааж, бүх талаар дэмжихээ илэрхийлж байсныг дуулгахад таатай байна.

Монгол эрдэмтэд маань дэлхийд алдартай Стэнфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч элэгний В вирусын халдвартай хүмүүсийн 60 хувь нь элэгний В, Д вирусийн давхар халдвартай байгааг тогтоосон. Энэхүү хамтарсан судалгаанаас гадна АНУ-ын Хүнс, эмийн агентлагийн удирдлага дор Монгол Улсад элэгний В, Д вирусийн клиникийн судалгаа хийх дөрөв дэх төвийг нээхээр ажиллаж байна.

Стэнфордын их сургуулийн дэргэдэх Анагаахын их сургуулийн профессор, дэлхийн томоохон эрдэмтдийн нэг Жефри С Гленний хувьд, элэгний В, Д вирусын эсрэг шинэ эмчилгээг нээн илрүүлж “Айгер Био фармацевтикал” компанийг хамт ажилладаг эрдэмтэдтэйгээ байгуулсан. Тус компани өнгөрсөн оны дөрөвдүгээр сард олон улсын зах зээлд хувьцаагаа арилждаг нээлттэй хувьцаат компани болсон юм билээ. Нэрт эрдэмтэн Жефри С Гленний шинээр нээсэн элэгний хорт хавдрын эсрэг эмчилгээ маш амжилттай явагдаж байгаагаас гадна Турк улсын Анкарагийн их сургуульд нэн шинэ эмчилгээгээр элэгний хорт хавдартай хүмүүсийг эмчилж буй нь гайхалтай үр дүнг үзүүлж байна. Тийм учраас бид энэхүү эмчилгээг Монголд нэн даруй нэвтрүүлэх талаар түүнтэй ярилцсан. Нэрт эрдэмтэн маань ирэх сард манай улсад хүрэлцэн ирж элэгний хорт хавдрын эсрэг хийж байгаа шинэ эмчилгээнийхээ хүрээнд Монголын талтай хэрхэн хамтран ажиллахаа ярилцана. Мөн УИХ, Засгийн газрын түвшинд тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах талаар ярилцахаар тохиролцсон гэж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *