Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургадугаар 26нд болохоор товлогдсон. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн намууд нэр дэвшигчээ сойдог. Аль нэгэн намын нэр дэвшигч төрийн тэргүүнээр тодордог.
Улс төрийн хоёр гол хүчин Ардын нам, Ардчилсан намууд нэр дэвшигчээ тодруулна гээд хөл газар хүрэхгүй гүйлдэж байна. Юуны төлөө тэд баярлалдан гүйлдээд байгаагаа ойлгохгүй байна. Учир нь намаасаа нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч эргээд тухайн намынхаа аранга нь болдог. Өөрт нь гай тарих магадлалтай, намынхаа нөлөө бүхий лидерийг хамгийн түрүүнд нухчин дардаг.
Ерөнхийлөгч гэдэг албан тушаал тун сонин, хачирхалтай. Улс орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах, цогцлоон бий болгох талын эрх мэдэл хуулинд нь огт байдаггүй. Харин шоронгийн, хууль цаазны бүх эрх мэдэл бий. Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар, тагнуул гээд хууль цаазны энэ бүх эрх мэдлийг Ерөнхийлөгч ганцаар ноёлон хариуцдаг. Зарим газрынх нь даргыг шууд томилох, бусдад нь нөлөөлөх гээд бүрэн эрхтэй.
Маш товчоор хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг шоронгийн дарга нарыг томилохоос өөр хийх ажилгүй албан тушаал. Тэрхүү албанд очсон хүн хийх ажилгүй уйдаж суухдаа ард түмнийхээ удам угсаа, уг гарвалыг сайтар судалдаг шиг байгаа юм. Ерөнхийлөгчийн албанд хуулийн дагуу дахиад нэр дэвшихэд нь нам дотор нь лай болох, хөндлөн хэвтээд өгөх, үгнээс нь тас зөрөх нөхдийг бүр чиг нарийн нягт судална. Туулж ирсэн зам мөрийг нь нэгд нэгэнгүй мөшгиж, алдаа оноо, уусан идсэнийг нь алган дээрээ тавиад харна.
Эрх биш туурга тусгаар улс юм болохоор төрийн тэргүүнд тэр бүх мэдээлэл тодорхой олдох нь мэдээж. Ингээд л хууль шүүхийн бүх мэдээллийг гартаа атгаад хэнийг хэзээ айлган сүрдүүлэх вэ, хууль шүүхийн нууц мэдээллийг хэрхэн яаж ашиглах уу, хэнтэй нийлж, хэнээс юуг нэхэх үү гээд л “хар дэвтэр”ийнхээ нууц төлөвлөгөөг боловсруулж эхэлнэ. Эрх мэдэлд очсон хүн түүнийгээ хамгаалах, албан тушаалтайгаа байхын тулд бүхнийг золиосолдог. Дахин сонгогдоход надад хэн саад болох уу гэдгээс Ерөнхийлөгчийн ажил эхэлдэг гэдэг нь ийм учиртай. Хууль шүүхээр далайлгаж, айлган сүрдүүлж, зарим нэгийг нь хорьж тарчлаасны эцэст дахин сонгогдож таарна. Харин ялж гарч ирээд намаа ялладаг. Нам нь өөрийг нь төрийн тэргүүн болгох гэж хэрхэн яаж зүтгэсэн хийгээд журмын нөхдийнхөө гавьяа зүтгэлийг огтоос тоодоггүй. Шууд л яргалж, тодорч товойсон бүгдийг нухчин дарж, хэл амыг нь таглаж, өөрөө харин намаа зангидан эрхшээж эхэлдэг. Энэ бол монголчуудын хамгийн өөдгүй, жудаггүй зан. Монголчууд бидэнд хүний тусыг бодож, ачийг санах ёс зүй байдаггүй. Бүгд л социализмаар дамжсан, ёс жудаг гэдгийг мэдэхгүй, түүнийг ойлгож ухамсарлаагүй хулгайчдын үр удам юм. Хүний жудаг ёсыг сахина гэдэг элит хэсэгт хэдэн зуугаас хэдэн мянган жил болж байж тогтдог зүйл шиг байгаа. Тэгж байж жинхэнэ эр хүний жентельмэн шинж чанарыг олж, нийгэм цаг үеэ хошуучлан авч явдаг юм билээ.
Монголд одоогийн байдлаар дөрвөн Ерөнхийлөгч байна. Эдгээр төрийн тэргүүнүүд намаасаа хэрхэн урван шарваж ирсэн түүхийн хуудсыг эргэн сөхье. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай өөрийг нь дэвшүүлж төрийн тэргүүний суудалд залсан энхрийн хайрт “Ху” намаасаа урваж, өрсөлдөгч хүчин болох Ардчилсан намаас нэр дэвшин тэртээ ерэн гурван онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан түүхтэй. Мань хүн ерэн долоон онд мөн л Ардчилсан намаас “Шилжилтийн үеийг цэглэнэ, амьдралын доройтлыг арилгана” гээд “мангас”ынхаа суудлын төлөө дахиад зүтгэж байсан.
Н.Багабанди гуай өнөө л Ерөнхийлөгчийн албан тушаалын бичигдээгүй хуулийн дагуу намынхаа, журмын нөхдийнхөө эсрэг ажиллаж эхэлсэн. Ялангуяа тэрээр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн суудалд суусныхаа дараа намынхаа эсрэг хамгийн хүчтэй дайсан нь болж хувирсан. “Урт шар дээлтэй хүнээс болгоомжил” гэж улс даяар мэдэгдээд, Энхбаяртайгаа эрэгчин эмэгчнээ үзэн дээр дороо орж байсныг түүх гэрчилнэ.
2004 оны Их хурлын сонгуулийн дараа тухайн үеийн хувьсгалт нам 37 суудал авч парламентад олонхи болж байсан. Тэгтэл Н.Багабанди 36 суудалтай, бие даагч гурван гишүүнтэй Ардчилсан намынхантай, бүр тодорхой хэлбэл “Эрэл”-ийн Эрдэнэбат нартай нийлж байгаад Ху намынхаа ялалтыг хүчээр үгүй болгож байв. Ингэж л Багабанди улс төрийн хамгийн эгзэгтэй цаг мөчид намаасаа урваж байлаа. Гурав дахь хүн Н.Энхбаяр Ерөнхийлөгч болсныхоо дараа бас л намтайгаа, намынхаа нөхөдтэй, нэр бүхий тодорхой лидерүүдтэйгээ дайн зарлаад эхэлсэн. “Энэ улс орныг эхнэр чинь удирдаад байна уу, та удирдаад байна уу” гэж хэлснийх нь төлөө У.Хүрэлсүхийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд байхад нь шүүхийн тогтоол гарган ял тулгаж байсан. Тэр үед Хүрэлсүх намынхаа хамгийн чадалтай гэгддэг залуу лидер нь байв.
Хүрэлсүхээс аваад хуучин “Ху”гийн бүхий л нэртэй улстөрч, намын зүтгэлтнүүд Энхбаярын мандан бадралын он жилүүдийг нь бүтээлцэж өгсөн гавьяатнууд юм. Гэвч мань хүн Ерөнхийлөгчийн суудалд очоод л тэр бүгдийнхээ эсрэг ажилласан. Түүний хүчинд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа нэр дэвших дархан эрхийг олж авсан нь мэдээж. Гэвч ялагдсаныхаа дараа намаасаа гарч, хувьсгалт гэх хуучин нэрээ сэргээн авч шинээр нам байгуулаад өөрийг нь Монголын төрд дархалж өгсөн намынхаа эсрэг шөнө өдөргүй тэмцэж эхэлсэн. Энхбаяр өдгөө Монгол Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болгосон намдаа ач санах нь бүү хэл өс санаж улс төрийн сонгуульд санал хувааж явна. Үндсэндээ энэ намаа улс төрийн тавцангаас бүр мөсөн зайлуулахын төлөө тэмцэж явна.
Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигатай тэмцэх нэрээр Ардчилсан намтайгаа үзэж тарж байгаа.Өөрт нь хэн саад болно, санал зөрнө тэр бүгдийг шоронд явуулах гэж айлгаж байна. Үүний тодорхой жишээ бол Н.Алтанхуяг юм. Ардчилсан намыг Алтанхуяг даргалж байхад Элбэгдорж энэ намаас нэр дэвшиж Монгол Улсын Ерөнхийлөгч болж байсан. Түүнийг мөн төрийн тэргүүнээр хоёр дахиа сонгогдоход гол нөлөө үзүүлсэн лидер нь Алтанхуяг болоод түүний тойрон хүрээлэгчид, Ардчилсан намын журмын нөхөд. Гэтэл өнөөдөр Элбэгдорж түүнийг аюулт дайсан хэмээн амийг нь чангааж байна.
Ямар сайндаа Алтанхуяг “Ерөнхийлөгч болон тэдний бүлэглэлийн хууль хяналтын байгууллага дотор хонгил байна. Намайг тэр хонгил руугаа шахах гэж олон жил оролдлоо. Худал, зохиомол хэргүүд үүсгэж ойр дотны минь хүмүүсийг барьж хорилоо. Тэр хүмүүсийг гаргаад намайг шоронд хий. Дотнын минь хүмүүсийг шорон гяндангаар тарчлаах ямар хэрэг байна. Элбэгдорж бид хоёр цуг ардчиллын төлөө тэмцсэн. Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой, үгүй бол шоронд орно гэсэн ардчиллын төлөө би тэмцээгүй” гэж удаа дараа мэдэгдэж байхав дээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх албан тушаал бол өөрийнх нь төлөө зүтгэсэн, өөрийг нь ялалт байгуулахыг хараад ура хашгирч, уйлж дуулж явсан нөхдөө шорон гянданд хорьдог “мангас” юм. Монголчууд бид хэзээнээсээ ядуу буурай хүмүүс. Тиймдээ хэн маань ч ил далд идэж ууж, хулгай хийдэг. Ямар ч хүнийг шүүгээд үзсэн, тодорхой хэмжээний буруу зүйл гараад ирнэ. Харин тэр бүгдээс хэнийг нь шоронд явуулах вэ, хэнийх нь ууж идсэнийг олонд дэлгэх вэ гэдэг сонголт л үлдэж таарна. Ээлжит ийм мангасаа төрдөө гаргах гэж улс төрийн намууд өнөөдөр сэртэн сэвээгүй гүйлдэж байна. Монголын төрд гаргаад яах юм, ямар ашиг байгаа юм. Өөрсөддөө нэг том дааж давшгүй дайсан бэлтгэх, тэгээд түүнийхээ үр төлөөсөнд шоронгийн хаалга татах тийм л тавилан хүлээж байгаа бус уу. Үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Тамгын газрынх нь таван хүн ажилтай болохоос өөр хэнд ашигтай юм бэ. Монгол Улсад ямар ямар бүтээн байгуулалт өрнөж, хөгжил дэвшлийн үзүүр гогцоо тодорхой хэмжээгээр мэдрэгдэв. Өнгөрөгч он жилүүдэд Монголын төрийн тэргүүний бүтээн бий болгосон, улс орны эдийн засагт эргэлт болсон, ард түмний нүдэнд харагдаж, гарт баригдахуйц тийм зүйл байгаа бил үү.
Одоо ч ялгаагүй дээ. Ирэх зургадугаар сарын 26нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан нөхөр хуулиа өөрчлөхгүй бол өмнө явж ирсэн түүхийг давтахаас өөр гарц байхгүй. Гэрэл гэгээтэй зүйл огтоос харагдахгүй байгаа. Жишээ нь Ардын намаас М.Энхболд Ерөнхийлөгч боллоо гэж бодъё. Мань хүн морь уядаггүй хүн бүхнээ шоронд явуулах гэж зүтгэнэ. Энэ албан тушаал үнэхээр л “мангас”ын ажил юм бол Энхболдод үүнээс өөр сонголт байхгүй. Ардын намын лидерүүдээс моринд ойртдоггүй нь хэн гэвэл Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар лав байгаа байх. Тэднийг морь мал уяж, наадам найр хэслээ л гэж дуулаагүй юм байна. Энхболд нь биш Хүрэлсүх нь энэ намаас Ерөнхийлөгчид гарлаа гэж бодвол эсрэгээрээ морь уядаг ганц ч уяач үлдээхгүй “ганц худаг” руу нь явуулчихна.
Ардчилсан намаас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэж бодъё. Элбэгдоржийн ойр тойрны бүх хүнийг Элбэгдоржоос нь эхлээд шоронд явуулж таарна. “Алтанхуягаас өөр хэн байна, оймсыг минь гозойлгочихгүй хүн л Ардчилсан намаас Ерөнхийлөгчид дэвших учиртай гэж Элбэгээ үзэж тарж байгаа” тухай улс төр судлаачид бичээд байгаа биз дээ. МАХН буюу О.Баасанхүүгийн суудалтай намаас Н.Энхбаяр гараад ирлээ гэж үзье. Ц.Элбэгдорж, М.Энхболдын бүх хүнийг шоронд илгээнэ. Өш хонзонгоо авч байгаа юм шиг, нэр усыг нь зоож байгаад ёстой нэг хядаж өгөх нь мэдээж. Эл бүгдийг ийн таамагласны учир гэвэл Ерөнхийлөгчөөр сонгогдох хүмүүст шүүх цааз, шоронгийн бүх эрх мэдэл бийг дахин дахин сануулж буйн хэрэг.
Ерөөс ийм аймшгийн мангас, харгислалын “хэрцгий” ажил Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээж байдаг. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дээр өгүүлсэнчлэн нухчин дарах, улс төрийн тавцангаас хөөн зайлуулах нэгнийхээ зам мөрийг мөшгихөд “но”-гүй хүн гэж өнөөдөр байхгүйг сануулсан. Тэгээд л ямар нэгэн сэжүүрээр буруутгаад авлигатай тэмцэх газраас дуудуулсан нэрээр аччихна шүү дээ. Тухайн нөхдөө барьж хорихдоо “надтай муу юм байгаа, намайг өмнө нь тэгж тамласан юм гэж”олон нийтэд хэлэхгүй. Ард түмний хөрөнгөнөөс идсэн байна, татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшсан байна гэж тархи угаасан мэдэгдэл хийгээд л болоо, ядах юм байхгүй.
Тэгэхээр ийм аймшигтай “хэрцгий мангас”аар төрөө бариулахын төлөө улс төрийн намууд хөөрч догдлон, далдганаж давхилдахаа одоо болих хэрэгтэй. Танай намын хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол танай нам Монголын улс төрийн тавцангаас арчигдана гэдгийг сүүлийн 25 жилийн бодит түүх харууллаа. Ерөнхийлөгчийн сонгууль гэж хөлөө хугалчих гэж гүйлдэхийнхээ өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийг нэн даруй өөрчлөх хэрэгтэй.