Монгол дахь Америкийн худалдааны танхимын зүгээс өчигдөр ээлжит уулзалтаа зохион байгууллаа. “Шангрила”-д болсон уг хэлэлцүүлэг уулзалт “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон 2017 оны төлөв байдалд хувийн хэвшлийн манлайлагчдын өгөх үнэлэлт дүгнэлт” гэсэн сэдвээр өрнөв. “М-Си-Эс” группийн ерөнхийлөгч Ж.Од, “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, “Вагнер Ази” группийн гүйцэтгэх захирал Стив Поттер, ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Түен Нгүен нар панелистаар оролцсон юм.
Ж.ОД: ХЯТАД ГАНГИЙН ҮЙЛДВЭРТЭЭ АНХААРНА ГЭДЭГ БИДЭНД САЙН МЭДЭЭ
“М-Си-Эс” группийн ерөнхийлөгч Ж.Од Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгчийн албыг хашдаг юм. Тэрээр “Сүүлийн хэдэн жил Монгол маань амаргүй хүнд байгаа ч миний хувьд бизнесийн том түнш зах зээлтэй, баялагтай улс орныхоо ирээдүйд итгэдэг. Эдийн засгийн гэрэлт ирээдүй бий гэдгийг баталсан өчнөөн шалтгаан бий” гэсэн үгээр яриагаа эхлэв. Ж.Од эдийн засаг хэцүүхэн байгаагийн нэг шалтгааныг улстөрчдийн зарим шийдвэртэй холбоотой гэсэн юм. УИХ-д нэг нам олонхи болсон учраас бизнесийн орчин тогтвортой байх болов уу гэсэн үгийг уулзалтад ирсэн бизнес эрхлэгчид хэлж байлаа. Улс төрийн энэ давуу талаас гадна коксжих нүүрс гэх мэт гол эрдсүүдийн үнэ дэлхийн зах зээл дээр өссөн, өнөө жилийн турш өнгөрсөн оныхоос хавьгүй өндөр үнээр экспортлох боломжтой гэсэн эерэг мэдээнүүдийг Ж.Од онцлов.
Тэрээр “Хятадын Ардын их хурал өчигдөр (уржигдар) эдийн засгийн том төлөвлөгөөгөө баталчихлаа. Монголын уул уурхайн салбарт сайн мэдээ болох хөтөлбөр батлагдсан гэж харж байна. Тэд гангийн үйлдвэрээ бэхжүүлнэ гэчихлээ. Гангийн үйлдвэрийн түүхий эд болсон коксжих нүүрс экспортолдог манай улсын хувьд таатай мэдээ. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих нь цагаа олсон алхам болсон. Нөгөө талаас тавьж буй нэг шаардлага, нөхцөлийг онцолмоор байна. Эдийн засгийн төрөлжүүлэх, тэр дундаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэл өгсөн нь зөв зүйтэй хэрэг” хэмээн яриагаа үргэлжлүүлэв. Түүнийхээр өндөр чанартай органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлоод эхэлбэл эдийн засгийг төрөлжүүлэхэд, уул уурхай гэсэн ганц салбараас хэт хамааралтай байдлаас гарахад бодитой нөлөө үзүүлэх гэнэ. Ж.Од ярианыхаа төгсгөлд “Энэ он эдийн засаг төрөлжсөн, солонгорсон жил болох байх” гэсэн юм.
Ж.ОЮУНГЭРЭЛ: ХУВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ҮНДЭСНИЙ БАЯЛАГ ГЭЖ ҮЗДЭГГҮЙД ХАМАГ УЧИР БАЙНА
“Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл Улаанбаатар хотын худалдааны танхимын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албыг давхар хашдаг юм. Ж.Оюунгэрэл “2016 онд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь шатны санхүүжилт хийгдэж, нүүрсний үнэ өсөөгүй бол эдийн засаг өнөөдрийнхөөс аймшигтай байх байлаа. 2017 оны эдийн засгийг олон улсын санхүүгийн байгууллагууд янз бүрээр төсөөлж проогноз хийж байна. Дэлхийн банк Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан 0.7-2.7 хувиар өснө гэсэн прогнозууд хийж байгаа юм билээ. Засгийн газрын валютын сантай хийсэн гэрээ өөдрөг итгэл төрүүлж байна. Эндээс харахад эдийн засаг 2016 оноос хоёр, гурав дахин өсөх нь тодорхой болчихсон. 2.5 хувиар өсч чадвал бидний хувьд сайхан мэдээ. Монголын гадаад өр ДНБ-ээс хоёр дахин их гэсэн стастистик бий. Үйлдвэрлэж байгаагаасаа хоёр дахин илүүг зээлсэн гэсэн үг. Одооны зээлүүд судалгаагүй, улс төрийн шийдлээр буруу авсан гэсэн сул талтай. Төлж чадахгүй байгаа учраас зээлээ хойшлуулах, эсвэл шинээр нэмж зээл авах зам бий. Тэгэхээр хамгийн гол арга болж экспортоо нэмэгдүүлэх. Ж.Од захирал, Стивийн хэлж байгаачлан хөдөө аж ахуй Монголын боломж юм. Ашиглагдаагүй газарт эрүүл хүнс бий болгох боломж дүүрэн байна. Худалдааны танхим Ж.Од захирлын санаачилсан Агропарк гэдэг төслийг дэмжиж, олон хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллая гэж бодож байгаа. Биднээс эрүүл хүнс худалдаж авахыг хүсч буй улс орнуудын Засгийн газруудтай гэрээ хэлэлцээр байгуулах гэх мэт улстөрчдийн хийх ажил цөөнгүй бий” гэж ярилаа.
Бизнес эрхлэгчдэд хууль эрх зүй, эдийн засгийн тогтвортой ойлгомжтой орчин ус, агаар шиг хэрэгтэйг тэрээр мөн онцолсон. “Петровис”-ын ТУЗ-ийн дарга “Харамсалтай нь бүх зүйл дандаа эсрэгээрээ эргэдэг. Монголд хувийн секторуудын хөрөнгө оруулалт их хийгдсэн байдаг. Ялангуяа махны үйлдвэрт. Монголчууд өөрсдийнхөө хөрөнгөөр барьсан цементийн үйлдвэр байна. Энэ мэтчилэн хувь хүний хийсэн хөрөнгө оруулалтыг үндэсний баялаг гэж үздэггүй. Нэгэнт бий болгосон, босгочихсон хөрөнгө оруулалтыг хамгаалах ёстой. Бий болгосон хөрөнгө оруулалтуудыг экспорт руу яаж чиглүүлэх вэ гэдэг дээр тус, дэм хэрэгтэй. Өнөөдрийн тухайд хувийн сектор хөнгөлөлттэй, урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл авах боломжгүй нөхцөлд ажиллаж байна. Нөгөө талаас нь харахад Монголын аж ахуйн нэгжүүд, эдийн засаг жижигхэн. Тэгэхээр бид эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас өөр гарц байхгүй. Гадаадын тэргүүний технологи, сайн туршлагыг оруулж ирж байж л жижиг аж ахуйнуудаа хүчирхэг болгоно. Төр жижиг дунд аж ахуйн нэгжийг дэмжинэ гээд байдаг. Бизнес угаасаа л жижигхэн шүү дээ” гэсэн тайлбар хийв.
Эдийн засгийг сайжруулахад төсвийн сахилга бат чухал гэсэн саналыг ч тэрээр хэлж байлаа. Төсөв дээр шүүмжлэлтэй ханддагаа ч тодорхой жишээтэйгээр ярьсан юм. Ж.Оюунгэрэл “Төсвийн зардлыг хараад бидний зүрх шимширдэг. Яаж ийм их мөнгийг үр дүнгүй зүйлд хөрөнгө оруулж чадаж байна аа. Аймшигтай тоонууд харагддаг. Валютын сантай хамтарч ажиллах болсон нь зөв шийдвэр. Тэд улстөрчдийн гарыг “мушгих” байх. Төрийн хөрөнгө оруулалт, төрийн төсвийн зардлуудыг хямгадах нь маш чухал байна” гэж онцлов. Тэрээр төр хувийн хэвшлийн түншлэлд сэтгэл дундуур явдгаа нуусангүй. “Төр хувийн хэвшлийн түншлэлд төр дандаа давуу эрхтэй байдаг. Хувийн хэвшлийнхэн төрөө гуйж араас нь гүйдэг. Жинхэнэ түншлэл байхгүй гэсэн үг. Янз бүрийн концессын гэрээгээр төр үүргээ биелүүлж, төлбөрөө хийдэггүйгээс болж маш олон компани хохирдог ч тоодог хүн байдаггүй. Шүүх хүчтэй талд нь л ордог. Эцэст нь хэлэхэд хүндрэлээс гарах нэг л зам бий. Гадаадын сайн хөрөнгө оруулалтыг татаж, чаддаг юмаа хийж экспортолж байж л асуудлаас гарна” гэсэн юм.
СТИВ ПОТТЕР: ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫГ УЛС ТӨРӨӨС ХОЛ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ
“Вагнер Ази” группийн гүйцэтгэх захирал Стив Поттер ОУВС-гийн хөтөлбөрийг “Эдийн засгийг тогтворжуулахад шинэ засагт дөхөм болно. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухлаар нөлөөлнө” гэж үнэлэв. Тэрээр “Яагаад ийм байдалд хүрснээ эргэж харах ёстой. Бодлогын алдаагаа давтахгүй байхад анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэчнээн хөтөлбөр хэрэгжүүлээд үр дүн гарахгүй. Би саяхан Австрали яваад ирлээ. Танайхтай ижил төстэй эдийн засаг. Хоёулаа л эрдэс түүхий эддээ тулгуурласан эдийн засгууд. Сүүлийн 25 жилийг нь харахаар Австралийн эдийн засаг жил бүр өсөлттэй явж ирсэн байх юм. Эдийн засгийн тогтвортой өсөлт нэг салбараас хамаарах ёсгүй гэж үзээд тэр зарчмаараа ажилласан учраас амжилтад хүрсэн хэрэг. Монголд хамаатай асуудал. Мэдээж хөгжилд хүргэх тулгуур салбар бол уул уурхай. Гэхдээ бусад салбартаа анхаарах ёстой. Хувийн хэвшилдээ анхаарах цаг болсон. Монголд социалист нийгмийн зарим нэг зүйл байгаад байх шиг анзаарагддаг. Төр бүх зүйлд оролцдог тэр цаг үе хэдийгээр өнгөрсөн ч төрийн нөлөө өнөөг хүртэл их байна. Нэг том жишээ нь Эрдэнэс Таван толгой” хэмээн ярилаа.
Өмнөх хоёр оролцогчийн хөндсөн бодлогын тогтвортой байдлыг ч тэрээр онцолсон юм. Уул уурхайн салбарт хувийн хэвшлийн компаниуд олноор ажиллавал эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэсэн санаа нь содон сонсогдов. Гүйцэтгэх засаглалыг улс төрөөс хол байлгаж, мэргэжлийн Засгийн газар бодлогоо зөв тодорхойлж хэрэгжүүлээд явбал эдийн засаг хөгжинө гэсэн шинэ санаа ч дуулдав. Засаг төр солигдох тоолонд халаа сэлгээ өргөн хүрээнд явагдаж байгаа нь туйлын буруу гэсэн шүүмжлэлийг “Вагнер Ази” группийн гүйцэтгэх захирал хэлсэн юм.