Categories
мэдээ нийгэм

“Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийг хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, УИХ энэ оны хоёрдугаар сард баталсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Шадар сайд У.Хүрэлсүхэд гардуулах ёслол өнөөдөр болов.

Хууль хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Аюулгүй Байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, Онцгой байдлын ерөнхий газар болон харьяа газар, хэлтэс, анги байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн, ЗХЖШ, ХХЕГ-ын удирдлага, НҮБ-ын суурин зохицуулагч, хатагтай Биата Транкман нарын олон улсын байгууллагын зочид, төлөөлөгчид оролцов.

Онцгой байдлын байгууллага байгуулагдсан цагаас хойш хууль, эрх зүйн хүрээнд тулгамдаж байсан олон асуудлыг шийдвэрлэж, цаашдаа тогтвортой ажиллахад уг хууль томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ёслолын үеэр онцлов. Тэрбээр, “Онцгой байдлын алба хаагчид бусдын амийг аврахын төлөө өөрсдийнхөө амийг эрсдэлд оруулдаг. Гамшиг тохиолдсон газарт та бүхнийг очиход иргэд тайвширч “Монгол төрийн авралын гар ирлээ” гэж хардаг. Тиймээс та бүхэн алдах эрхгүй. Хүн төрлөхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэн дэлхий амьдрахад улам бүр аюултай болж байна. Тиймээс гамшгийн үед Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд бүгд бэлэн байх хэрэгтэй. ОХУ-д сургууль төгсч ирээд, Цэргийн төв байгуулагын сонинд ороод авсан хамгийн анхны томилолт маань Иргэний хамгаалалтын сургалт сурвалжлах байсан. Энэ сургалтаар иргэдийг гамшгийн үед хэрхэн ажиллах вэ гэдэгт сургадаг байлаа. Саяхан Хөвсгөл аймагт дунд сургуулийн хүүхэд осгосон найзыгаа аварсан тухай мэдээлэл гарсан байсан. Тэр хүүхдийн ангид гамшгийн үед хэрхэн амьд гарах талаар хичээл орсон тул мэдлэгээ ашиглаж найзыгаа аварсан гэж хэлсэн байсан. Тиймээс хуучны Иргэний хамгаалалтын сургалттай адилаар гамшгийн үед өөрийгөө болон бусдын амийг аврах талаар ерөнхий боловсролын сургуульд хичээл ордог болох хэрэгтэй” гэлээ.

Мөн тэрбээр 2018 онд Азийн Онцгой байдлын байгууллагын сайд нарын хурал Монголд болохоор төлөвлөж буйг хэлээд энэ үеэр бусад орноос туршлага судлах, өөрийн хүчин чадлаа таниулах хэрэгтэйг цохон тэмдэглэв.

Цагдаагийн алба, Дотоодын цэрэг болон Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн баталснаар төрийн цэргийн болон хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын эрхзүйн шинэчлэл дуусч байгааг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлсэн.

Тэрбээр, Уг хууль батлагдсанаар энэ чухал салбарын эрхзүйн орчны шинэчлэлд нэгэн шинэ үеийг нээж, улс орны гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн олон шинэ харилцааг үр дүнтэй зохицуулах бололцоог олгож байна. Түүний дотор батлан хамгаалах салбарын багц хуулиудад тусгагдсан үзэл баримтлалд нийцүүлэн Онцгой байдлын байгууллагыг төрийн цэргийн байгууллагад багтах цэргийн байгууллага болгон тус байгууллагад ажиллагсад нь цэргийн жинхэнэ албан хаагчид байх эрхзүйн хэм хэмжээг хуульчилан баталгаажуулж өгсөн ихээхэн чухал ач холбогдолтой зүйл боллоо. Засгийн газар “Төрийн цэргийн стратеги 2030” бичиг баримтыг ойрын хугацаанд батлахаар ажиллаж байгаа. Уг бичиг баримтад тусгагдсан Онцгой байдлын байгууллагад хамаарах асуудлуудыг тусгайлсан төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх нь та бүхний өмнө тавигдаж байгаа нэн тэргүүний зорилт юм. Гамшгаас хамгаалах асуудлыг шинээр баталсан хуулийн дагуу зохион байгуулах, алба хаагчдын эрх зүйн байдал, тэдний нийгмийн хамгааллын асуудлыг цэргийн жинхэнэ алба хаагчидтай адил болгон, холбогдох дүрэм журмаараа баталгаажуулах нь чухал юм” хэмээгээд Шадар сайд У.Хүрэлсүхэд хуулийн шинэчилсэн найруулгыг гардуулав.

Шадар сайдын зүгээс гамшгаас хамгаалах хуулийг шинэчлэн найруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр эрх зүйн тогтвортой байдлыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд, МУЗН, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын хамт олонд талархал илэрхийллээ.

Шинэчлэн найруулсан хуулиар гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд МУЗН-ийн гүйцэтгэх үүргийг нарийн зохицуулсан нь чухал ач холбогдолтой гэдгийг МУЗН-ийн ерөнхийлөгч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Н.Энхболд дурьдав. Тиймээс дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор гамшгийн аюул, түүнээс үүсэх хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орнуудын нийгэм, эдийн засгийн өсөлт, хүн амын амжиргаанд сөрөг нөлөө үзүүлэх болсон энэ үед МУЗН нь төрдөө нэмэлт хүч болон ажиллах үүргээ биелүүлж, гамшгийн үед олон улсын байгууллагуудтай хамтран хандив, тусламж цуглуулах ажилд идэвхийлэн оролцохоо илэрхийлсэн юм.

НҮБ олон нийтийн гамшгаас хамгаалах мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ОБЕГ-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ тус байгууллагын Суурин зохицуулагч Биата Транкман илэрхийлсэн. Хүн амд байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх боловсрол эзэмшүүлэх нь туйлын чухал гэдгийг тэрбээр онцлоод НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ОБЕГ-тай цаашдаа хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж, иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү анхаарна гэлээ.

Мөн үеэр Ерөнхийлөгчийн зүгээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Н.Энхболд болон НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, БХЯ, ОБЕГ, Шадар сайдын ажлын албанд талархал гардуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *