“Эх орны цэрэг” яруу найргийн наадам өчигдөр 25 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Өнөө жилийн наадамд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагчдаас гадна ЗХЖШ, ҮБХИС, Зэвсэгт хүчний 17 ангийн цэрэг, хилийн цэргийн ахмад дайчин зэрэг 40 гаруй яруу найрагч эхний даваанд шүлгээ уралдуулав. Эх орон, эцэг дээдэс, энхийг сахиулагчид, эгэл цэргийг магтсан шүлгүүд дундаас Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Г.Ган-Эрдэнэ гурван давааг дараалан өнгөлсөөр Тэргүүн байрын шагнал хүртэж, үзэгч олноон ч, ангийн цэрэг дайчдаа ч шуугиулсан юм.
Наадмын Ерөнхий шүүгч Монгол улсын Ардын уран зохиолч Т.Галсан “Нэгэнтээ Б.Түвдэндорж аварга торгон ногоон дэвжээнээ ир бяраа гайхуулан тодорч байсан шиг энэ жил Зэвсэгт хүчний байлдагч найргийн томчуулыг магнайлан шалгарлаа…” гэж үнэлэв.
Наадмын дэд байрын шагналыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч М.Амархүү, гуравдугаар байрыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, дэд хурандаа П.Батнайрамдал эзэлж өргөмжлөл хүртэв. Тусгай байрын шагналыг Хөвсгөл аймгийн Ханхаас ирсэн, эмэгтэй яруу найрагч Л.Туяа хүртсэн нь бас нэгэн шинэ өнгө донжийг бий болгов. Найргийн наадмыг МУСГЗ, яруу найрагч Б.Хүрэлбаатар, БХ-ын сайдын хэвлэлийн төлөөлөгч Б.Батцэцэг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Гүнтэвсүрэн, ЗХЖШ-ийн Цэрэг иргэний хэлтсийн дарга, хурандаа Б. Төмөрхуя нар шүүсэн. Ийнхүү цэрэг эх орны яруу найргийн наадам “Болор цом”-оос өвөрмөц, битүү шинэ найрагчид тодрон гарсан нь шударга шүүлттэй болсных гэж үзэгчид үнэлж байлаа.