Categories
мэдээ цаг-үе

Гэрээслэл

Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын “Гэрээслэл” өгүүллэгийг хүргэж байна.

Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ. Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам хонь хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш. Хожим намайг сургуулийн мөр хөөж гарснаас хойш цагаачлан иржээ. Хүүхдүүд нь тус бүр айл болоод өөр нутагт байдаг ба эх нь Ханд гэгч ная гаруй настай эмгэн хамт амьдардаг байв.

Ханд гуай шиг өндөр настай эмгэд олон үгтэй, ярианд дуртай байдаг. Ялангуяа хуучны юм залуугийн явдлыг нь асуувал цэцэглэж явсан ид сайхан насаа бодож сэтгэл санаа нь сэргэн яриа нь төгсгөлгүй болдог шүү дээ. Харин Ханд гуай бол тийм биш ажээ.

Амарч байхдаа ганц өгүүллэгийн материал олж авъя гэж бодоод Ханд гуайтай хэд дахин ярих гэж оролдоод чадсангүй. Энэ тухайгаа Юндэн гуайд гомдон хэлэхэд “Манай ээж урьдах явдлаа ярих тун дургүй. Би хүү нь гэхэд уг нутаг гарал үүслийг нь мэдэхгүй. Эцэг минь ямар хүн байсныг ч ярьж өгөөгүй. Тэгээд би чинь Хандын Юндэн гэж эхээрээ овоглодог хүн шүү дээ” гэжээ.

Ханд гуайгаас юм сонсох хүсэл надад их байлаа. Энэ эмгэний түмэн үрчлээс болсон гонзгой бор нүүр, илч гал нь бараг алга болсон цийлэм нүдний цаана урт удаан амьдралын сонин хачин юм нуугдаж байгаа нь тодорхой. Энэ том цоожтой хаалганы цаана мөн ч их юм буй даа. Гэвч нээх арга нь даанч олдохгүй болохоор яая гэх билээ дээ. Амралт минь дуусч явахаар бэлтгэж байтал Ханд авгай орж ирээд бэргэний хийж барьсан цайг ууж хэсэг дуугүй сууснаа:

-Хүү минь чамайг юм бичдэг гэлцэх юм. Yнэн үү? гэж асуув.

-Тийм ээ. Би зохиолч хүн бас сонины газар ажилтай гээд л өөрийнхөө тухай товч ярьж өглөө. Ханд гуайн асуултыг сонсоод над сонин юм сонсох үлэмж горьдлого буй болсон билээ. Гэтэл дуугардаггүй. Доош харан цай ууж дууссан шаазангийнхаа хээг үзэж байлаа. Энэ үед түүний нүүр харагдсангүй. Гэвч тэр хээг анхааран сонирхож байгаа биш гэдгийг би мэдэж байв. Учир нь дотоод сэтгэлийн гүн бодолд дарагдаад сууж байгаа хүний нүүр нүд далд байвч судас амьсгаа дотор нь болж байгаа их зүйлийг илтгэх ёс бий. Ханд гуайн судас нь гүрвэлзэн, чичирч, хааяа хааяа дотроо гүн санаа алдаж байлаа. Тэгээд над руу үлэмж зөөлөн нүдээр харснаа “Хүү минь манайд ор. Эмээ нь цай чанасан юмсан” гээд босов. Би түргэн босож гэрт нь орлоо. Бүр олбог засжээ. Суумагц аагтай давстай, тос даасан шаргал цай өгч, хуруу зузаан өрөм, бэлцийсэн цагаан ааруул өмнө минь тавив. Идэж ууж байтал эмээ над руу ширтэн хэсэг ажсанаа урт гэгч нь санаа алдаад “Эмээ нь хүүдээ нэг юм яривал чи олон хүнд хэлж өгч чадах уу? Yнэн зөвөөр нь бичээд л сониндоо хэвлүүлж болохсон болов уу гэж байгаа юм шүү дээ” гэлээ.

-Чадалгүй яахав, эмээ минь. Энэ чинь миний хийдэг ажил.

-Эмээ нь нас өндөр болж удахгүй энэ хорвоогоос салан, эсгий гэрээс гарч хээрийн гэртээ очих цаг ойртлоо. Залуу хүмүүст хэлмээр юм байна. Би арван найман настай байхдаа сэтгэлдээ хүнд шарх олсон юм. Тэр шарх эдгэрээгүй. Эдгэрэх ч үгүй гээд дуу нь тасарч доош харахад хэд хэдэн том нулимс тасран унав. Би гайхан харсаар л. Ханд гуай алгуураар толгойгоо өргөж намайг эргэж харлаа. Усан хөшиг татсан нүд нь чичирч байгаа уруулд мухардсан гэмшил дүүрэн. Дотно хайрт хүнээ нас барахад нь очиж чадаагүй хүн “Амьсгал нь тасрахад байж чадсангүй ээ. Халаг” гээд толгойгоо нүдэх гэж байгаа хүнийг харсан бол Ханд гуай яг л тийм байлаа. Ханд гуай гарынхаа араар нулимсаа арчиж сэтгэл нь шулуудсан бололтой займчин суудлаа зассанаа зэвхий бөгөөд шийдэмгий дуугаар “Би залуудаа нутаг хошуундаа гайхагдсан сайхан хүн байсан юмсан. Чи ч үнэмшихгүй байх даа. Гэвч тийм л байсан” гээд арга нь барагдсан нүдээр намайг харлаа. Yнэндээ ч өмнө минь сууж байгаа эмгэн олонд гайхагдсан сайхан хүүхэн байсан гэхэд үнэмших юм тун ховор бөгөөд гагцхүү жар гаруй жилийн өмнөхөө ярьж байгаа шүү дээ гэж ухаан санаандаа бодож сэтгэлээ хүчлэн үнэмшүүлэхийг хичээж байлаа. Эмээгийн нүдэнд сэтгэлийн гүний баярын оч гялсхийж өчүүхэн мишээл жавьжинд нь тодрох мэт.

-Манайх үргэлж л Жамбал гэдэг айлтай хамт байдаг байлаа. Тэдний ганц хүү Юндэн бол надаас гурав ах. Бид хоёр хар бага наснаасаа хамт тоглож өсөөд намайг арван зургаан нас хүрэхэд Юндэнгийн зан нэг л биш болоод хувирав. Тэр яавал л надад сайн юм хийх хүсэлтэй. Миний юу л хэлснээс зөрдөггүй болов. Хүн өнгөрсөн юмыг эргэцүүлэн бодоход тэр үед огт ажиглагдаагүй юм тодрон учир нь олдоогүй юмны учир олддог шүү дээ. Ялангуяа сэтгэлд гүн үлдсэн юмыг эргэцүүлэн бодоход харамсах, баясах зүйл мөн ч их гардаг ажээ. Юндэнгийн зан мөн ч өөр болж билээ. Юндэнгийн алхам бүр, хөдлөх бүрээс над хязгааргүй сэтгэлтэй нь илэрхий байж л дээ. Заяагүй хүний хөлд нь ембүү тавихад дээгүүр нь сохор хүн болж нүдээ аниад гарсан гэдэг. Би Юндэнгийн тэр сайхан сэтгэлийг олж харахгүй байлаа. Түүнийг багаасаа тоглож өссөн сайн нөхөр минь гэж бодохоос түүнд хайр сэтгэл надад байсангүй. Намайг хүсэж мөрөөдсөн улс ёстой л захаас аваад байдаг байв даа. Гаднаас харвал Юндэнд гойд юмгүй. Ялангуяа олон хүний нүд булаасан залуугийн цагт бол шохоорхож хармаар юм түүнд байгаагүй. Жижигхэн биетэй, хонин бор нүдтэй гонзгой царайтай. Эцэг нь багад нь миний өөдөс гэж өхөөрдөн нэрлэснээс аав ээж нь Өөдөс гэж дуудна. Харин сүүлдээ Юндэн уцаарлаж байгаад болиулсан юмсан. Миний дэргэд Өөдөс гэж хэлүүлэх тун дургүй сэн. Гэвч дотор нь уу, ёстой л хүн байсан юм сан. Хүний сайхан дотроо нууц байдаг болохоор олж харахад тун хэцүү. Амьдралын эгзэг таниагүй залуугийн цагт бол бүр ч хэцүү.

Хүүхэнтэй айлд хүн цугладаг. Хүрдтэй айлд буян цуглардаг гэгчээр нутгийн харцуул манайд цугларна. Би тэдний дунд барьцгүй хөвнө. Тэдэнтэй цэц булаалдаж үг хаялцаж байхыг хараад Юндэн бухимдаж ууртай болдог байсан. Гэвч би түүнд нь огт юм бодохгүй. Харин ч инээд хүрдэг байсан билээ гээд эмгэний хоолой зангирахад дуу нь тасрав. Эмээ хэсэг дуугүй байснаа урт гэгч санаа алдаад толгойгоо хэдэн удаа сэжилснээ, нэг өдөр Юндэн хамт хот арилгаж байгаад “Хоёулаа сууж хамт амьдаръя. Ханд минь чамдаа би хязгааргүй дасжээ” гэж палхийтэл шууд хэлдэг байна шүү гээд эмгэн инээмсэглэх мэт болсноо, ер нь Юндэн бүрэг мэт боловч бодсоноо эв хавгүй цөл цал гэтэл цөмийг хэлдэг хүн байсан юмсан. Нэг өдөр манай үнээ тугал нийлж орхиод намайг ээж минь загнаж байхад Юндэн дув дуугүй зогсож байснаа “Дулмаа гуай минь. (Дулмаа гэдэг чинь манай ээжийн нэр) Тугал эхтэйгээ нийлээ л биз. Цайны сүүгүй бол манайхаас ав. Хандыг хичнээн аашлаад тэр хөхсөн сүүг та олж авахгүй” гэж билээ гээд Ханд гуай үгээ таслав. Ханд гуайн нүд нь сэргэж тод инээмсэглэл нүүрэнд нь тодров. Чухам энэ үед “Yнэхээр залуудаа сайхан хүүхэн байсан болов уу?” гэдэг зурвас бодол маний сэтгэлд орж ирлээ.

“Би Юндэнгийн үгийг юмны чинээ ч бодолгүй тоглоом болгож өнгөрүүлэв” гэж хэлэхэд Ханд гуайн нүүрэнд тодорсон баясгалан хусагдан алга болов. Нэгэн хэсэг чимээгүй болов. Би чингээд гэж ярианы үргэлжлэлийг хүсмээр байсан авч “Арай ингээд зогсохгүй байх” гэж горьдоод тэсэв. Yнэхээр Ханд гуай бүдэг дуугаар “Тэр үед би нутгийн Гончиг гэдэг залуутай сэтгэлтэй болоод нууц уулздаг байсан. Намрын үдэш юмсан. Хонь хотолж байгаад Юндэн урьдахаа давтаж хэлэхэд нь би тэр яриаг займруулах гэж “Чи ганцаараа гучин тэмээгээр Хүрээ жин тээж чадах уу” гэлээ.

-Чингэвэл чи баярлах уу гэж асуув.

-Эр чадалтай ажилч хүнийг хараад хэн ч баярлана шүү дээ гэв. Ингэж ярьснаас хойш удалгүй Юндэн айлын гучин тэмээг хөлсөлж аваад ганцаараа хүрээ жинд явчихлаа. Би юу хэлснээ ор сураггүй мартчихаад “Энэ хүйтэнд гучин тэмээгээр ганцаараа явдаг бас онгиргон амьтан юм даа. Нүд улаан, мөнгө цагаан л гэдэг болж байна. Амиа алдах гэж байгаа юм” гэж Гончигийн шоолон инээхэд хамт инээж байж билээ гээд эмгэний хоолойноос хачин авиа гарснаа зангираад тагжрав. Эмгэн тулганы захын үнсийг мойног болсон бор хуруугаараа оролдож газар ширтэн дорой дуугаар

-Намайг арваад айлынх хүүдээн гуйхад аав, ээж өгөхгүй байлаа. Гэтэл хошуу ноёны хүүд гуйхад ухаан жолоогүй баярлан зөвшөөрөв. Би очихгүй гэж уйлан хайлан гуйсан. Огт тус болсонгүй. Энэ бүхнээ Гончигт хэлж даруй түргэн оргож зайлъя гэлээ.

-Бид хоёр оргоод хаа зайлах вэ?

-Оргохгүй бол өнгөрлөө. Чи ойлгож байна уу?

-Орон гэр мал хөрөнгөө хаяад хүний нутаг, гүний газар яаж амьдрах юм бэ?

-Хайр сэтгэл залуу нас байна. Яагаад ч болсон амьдарна. Эндээс зайлъя.

Гончиг эхлээд оргохыг зөвшөөрөхгүй байлаа. Гэвч би уйлж уурлан эцэст нь боож үхнэ гэж баймаажин оргох болоод өдөр цаг болзоод яг явах дээрээ дургүйд хүчгүй гэгчээр баригдаж Гончиг хүний хүүхнийг эцэг, эхийн зөвшөөрөлгүй оргуулах гэсэн хэрэгт орж хошууны хар гэрт хоригдов. Би ч чанд хараанд орж гэрээс дагалтгүй гарахаа болив. Мордуулах хоног ойртсоор л байлаа. Нэг өдөр Юндэн жинтэйгээ ирээд гэртээ ч орсонгүй хотны хажууд зогсож байсан надтай уулзан шууд л өврөөсөө бор цаасанд боосон мөсөн чихэр гаргаж өгөв. Харвал хоёр хацар хамрын үзүүр нь хөлдөж барзайн шархалсан байлаа.

-За би гучин тэмээгээр ганцаараа жин тээвэрлээд ирлээ. Чи баярлаж байна уу? гэж нүдэнд нь гал гялалзан бахдаж ядсан баяртай хэлэв.

-Иш Юндэн минь би гэдэг хүн түмэн зовлонд учраад байна гээд бүх болсон юмаа ярилаа. Юндэнгийн баяр бахдал бялхан гэрэлтэж байсан царай нь барайн, гялалзан байсан нүд нь бүдэг мохоо болсон юмдаг.

-Хандаа “чи Гончигоос өөр хүнд сэтгэлгүй юү?” гэж намуу дорой дуугаар асуув.

-Yгүй. Гончигоос бусад хүн над огт хэрэггүй. Би яасан заяагүй амьтан бэ? гээд уйлав.

Юндэн арга нь барагдан хэсэг зогссоноо “Хандаа. Уйлаад яах вэ. Би” гээд үгээ тасалж над руу удтал ширтэв. Хойно бодоход тэр нүдэнд мөн ч их юм байж билээ гээд эмгэн над өөд арчаагүй нүдээр харснаа үргэлжлүүлэн

-Энэ үед эх нь бидний дэргэд ирж “Та хоёр сүүлд ярь даа. Миний хүү халуун цай уу, Иш энэ хацар, хамар нь” гээд Юндэнг аваад явлаа. Хэд хоног Юндэн надтай уулзсангүй. Зайлаад л байлаа. Жинд явж олсон мөнгөөрөө хоёр сайн морь худалдаж авлаа. Нөгөөдөр намайг мордуулна гэж юм бэлтгэж байв. Нэг орой тугал уяж байхад Юндэн дэргэд минь ирж “Чи Гончиг үгүй бол үхнэ гэдэг чинь үнэн үү?” гэж шивнэн асуув.

-Өөр би яахав дээ гээд уйлав.

-Чи надтай оргохгүй юү. Би чамд мөн ч сэтгэлтэй дээ.

-Гончиггүй бол би хаашаа ч явахгүй. Мордуулах болбол энэ хойт хадан дээрээс үсэрч үхнэ гэлээ. Юндэн гарыг минь чанга гэгч барьж урт бөгөөд тасалдуулан санаа алдаад “Маргааш орой сэрэмжтэй байгаарай” гээд шууд эргэв. Юу болохыг мэдсэнгүй. Маргааш нь орой болов. Юу ч болсонгүй унтахаар хэвтэв. Гэвч нойр хүрсэнгүй. Чимээ чагнан сэтгэлд минь ямар нэгэн горьдлогын зул асаж хэвтэн байтал гэрийн ард нэг л ер бусын чимээ гарлаа. Би хэвтээгээрээ шахам хувцаслаж гарах гэтэл хүмүүс сэрэв. Би ч үсрэн гарлаа. Хүмүүс ч босоцгоов. Гэрийн хойно очвол эмээлтэй хоёр бараан морьтой хүн зогсож байлаа.

-За бушуухан морд. Баригдвал баларна шүү. Хойноос буутай хуягууд нэхэж байгаа гэсэн. Гончигийн дууг таниад шууд мордлоо. Гэрээс хүмүүс шуугилдан гарахад бид хоёр морины хурдаар давхиж байлаа. Тэр морьдын хурдан гэдэг нь. Гончиг түрүүлэн, би дагаад юм ярих чөлөө завгүй довтолгов. Хойноос чимээ гарсангүй. Yүр цайхад мэдэхгүй газар ирсэн байлаа. Арав гаруй хоног явж хошуу алгасаад харь нутагт очиж айлын мал хариулан амьдрав гээд эмээ дуугаа хурааж хэсэг болсноо уйлж тасалдсан дуугаар Гончигийг хар гэрээс оргуулж хуягийн буудсан суманд өртөгдөн амь нь гарахдаа “Хандад би оломгүй сэтгэлтэй юмсан. Миний хоёр морь та хоёрыг жаргалд хүргэг. Бушуухан яв” гэж Юндэн хэлээд амьсгал хураасан гэдэг гээд Ханд гуай дуугүй болов. Бүх бие нь салганан шанааны нь арьс татвалзана. Нэлээд удсаны дараа нам бөгөөд сэтгэлийн гүн тослог дуугаар «Хүү минь би сайхан сэтгэлийн их хайрыг амсаж эдэлж чадах хүн байсан юмсан. Гэвч түүнийг харж чадаагүй хажуугаар нь өнгөрсөн. Тэр их сэтгэлээс үлдсэн юм гэвэл шаналж харамссан бухимдал, Юндэнгийн нэрийг өгсөн хүү хоёр л байна гээд дуугаа таслахад эмгэний нүднээс бөөн бөөн нулимс тасран хацрынх нь үрчлээг дагаж урсахад жавьжаараа шимэн залгиж байлаа. Би Гончигийн тухай асуумаар байсан авч нэг л асуух зүрх хүрсэнгүй. Бас л Ханд гуайн сэтгэлийн гаслан над аяндаа дамжиж дотор минь нэг л эвгүй болов. Гэтэл Ханд гуай шийдэмгий зэвхий дуугаар “Жил болоод хэвлийд минь хүүхэд буй болов. Гэтэл Гончигийн зан хувирч малыг нь хариулж байсан айлын буцмал хүүхэнтэй сэтгэлтэй болоод удалгүй тэднийд хүргэн орлоо” гэхэд “Ямар муухай хүн бэ” гэж өөрийн эрхгүй дуу алдав.

-Иш хүү минь муухай юу байхав дээ. Юндэнгийн сэтгэлийг түүнээс болгосон шүү дээ. Бүхэл насандаа гэмшиж Юндэнг бодож, Юндэнг харж зүүдэндээ түүнтэй ярьж явлаа. Сайхан хайр байдаг юм шүү. Олдвол гагцхүү алдаж л болохгүй. Хүний сайхан дотроо нууц байдаг юм даа. Хүү минь чи миний энэ ярьсныг заавал сонинд бичээрэй. Амьдралын замд гарч яваа залуу хүмүүст хэрэг болж магад. Энэ бол миний хүнд хэлж өгөх гэсэн амьдралаас үлдсэн ганц зүйл байгаа юм гээд шавхийтэл босож шууд гарсан юм. Тэр орой Ханд гуайн бие муудаж хүү нь эмчид явж бид тэдний гэрт цугларав. Ханд гуайн царайнд хөнгөн мишээл тодроод үг хэлэх гэснээ хоёр дахин эвгүй зогисоод “Юндэн минь” гээд талийгаач болсон билээ. Би Ханд гуайн ярьсныг нэмээгүй бас хасаагүй. Yнэхээр ч амьдралын замд гарч яваа залуу хүмүүст “Сайхан хайр байдаг юм шүү. Олдвол алдаж болохгүй” гэсэн Ханд гуайн үг чухлаас чухал биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *