Сар шинийн баярын төгсгөлтэй давхцан хурдан морины хаврын уралдаанууд эхлэх нь. Ирэх ням гаригт “Дүнжингарав-2017” төвийн бүсийн уралдаан болно. Залгуулаад Говь-Алтай, Хөвсгөл аймагт бүсийн уралдаанууд зохион байгуулах тов гарсныг Засгийн газраас баталжээ. Ингэснээр унаач хүүхдүүдийн хатуу хөтүүтэй нүүр тулдаг хэцүү цаг эхэлж байна. Тэднийг 40 км/цагийн хурдаар хаврын хүйтэн хавсарга сөрөн давхих аргамаг хүлэг хүлээж байгаа. Наадмаас хойш өндөр тунтай витамин, шим тэжээлээр бордуулсан хурдан морины нуруун дээрээс хэзээ шидэгдэн үхэтхийн унахаа үл мэдэх унаач хүүхдүүд өдийд юу бодож байдаг бол. Намар сургуульд ороход шинэ цүнх, хувцас авч өгсөн болохоор яаж ийж байгаад морийг нь түрүүлүүлэх юмсан гэх цайлган бодол өвөртлөн яваа байлгүй. Түүнээс биш өвөл, хаврын улиралд хурдан морь унаж уралдах нь тэвчишгүй хөдөлмөрт тооцогддог гэдгийг, ийм үед морь унавал амь нас, эрүүл мэндэд нь эрсдэлтэй гэдгийг гадарлах ч үгүй байгаа. Сар шинээс хэдхэн хоногийн өмнө уяачид хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулж эхэлсэн сурагтай байна лээ. Мэдээж хэрэг өвөлжөөнийхөө ойролцоох жалганд морьдоо сунгаж байгаа биз. Тэнд засаж янзалсан зориулалтын зам, талбай байхгүй нь ойлгомжтой. Уулын энгэрийн цас өдөртөө хайлж шөнөдөө мөстөж байгаа ийм үед морьдоо давхиулан хөлсийг нь авч байгаа. Ийм үед хүүхэд мориноос унан бэртэж, гэмтэх энүүхэнд. Түүнийг нь уяачид аль болох нуун дарагдуулаад өнгөрөхийг хичээдэг нь нууц биш болжээ. Уг нь өнгөрсөн оны хоёрдугаар сард Хөдөлмөрийн сайд насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг шинэчлэхдээ хурдан морь унахыг багтаасан. Уг шийдвэрээр жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг.
Мөн хурдан морь унахыг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцно гэж заасан. Уг шийдвэрийг хүүхдийн байгууллагууд дэмжин хүлээн авч 18-аас доош насны хүүхдээр морь унуулахыг хориглохыг Засгийн газарт уриалж байлаа. Гэтэл өнөөдөр уг шийдвэр, уриалга хэрэгжихгүй байна. Хэрэгжихгүй байгаа болохоор хоёрхон жилийн хугацаанд 326 хүүхэд мориноос унаж бэртэл гэмтэл авсан. Харин нас барсан 18 хүүхэд бий. Энэ бүх тоо баримт хурдан морины уралдаан насанд хүрээгүй хүүхдүүдэд ямар халтай болохыг харуулж байна. Статистик мэдээнд бүртгэгдсэн нь дээрх тоо болохоос биш цаана нь бодитоор ямар тоо нуугдаж байгааг мэдэх аргагүй. Хаврын уралдааны сунгааны үеэр хүүхэд мориноос унаж тархи толгойдоо гэмтэл авч гэнэ, бооцоот уралдааны үеэр унаач хүүхэд амь насаа алдаж гэнэ, хөлдүү газарт шидэгдээд суумгай болсон гэнэ гэхчилэн сэтгэл өвтгөм муу мэдээ энд тэндээс дуулдаж л байдаг. Ихэнхийг нь уяач, морины эзэн хоёр аргалаад нуучихдаг болохоор ил болж түмний сонорт хүрэхгүй байгаа юм. Угаасаа гадаа хасах хэмтэй хүйтэн байхад хурдан морины нуруун дээр салхи сөрж давхих амар биш. Үнэхээр тэвчишгүй хүнд хөдөлмөрт тооцохоос аргагүй. Гэтэл цөөн хэдэн баячуудын зугаагаа гаргах гэсэн зэрлэг цэнгэлээс болж Монголын ирээдүй болсон охид, хөвгүүд үхэж үрэгдээд байна. Ингэж ярьж, бичихээр уяачид, бас морины эзэд монгол өв уламжлал ярин өөрсдийгөө өмөөрөөд хариугүй уйлангаа алддаг. “Хурдан морины хүүхэд тэсвэр хатуужилтай байдаг юм. Унахдаа хүртэл гэмтэхгүй байх арга ухаанаа мэддэг” гэхчилэн ярина. Ухаандаа баргийн хүнд баймгүй тэсвэр тэвчээр, хатуужил, арга ухаан унаач хүүхдэд байдаг юм байх аа. Тэр нь үнэхээр үнэн юм бол, тийм арга ухаанд суралцчихдаг юм бол өөрсдийнхөө хүүхдийг яагаад морь унуулахгүй байна вэ. Өөрсдийнхөө хүүхдийг хамгийн түрүүнд хэлж байгаа шигээ хүмүүжүүлэхийг бодно доо. Уг нь хамгийн түрүүнд өөрийнхөө хүүхдийг унаач болгох ёстой биш үү. Гэтэл морины эзэн, уяач хоёр хэзээ ч өөрийнхөө үрийг хурдан морины нуруун дээр мордуулж байсангүй. Яагаад гэвэл уралдааны замд хэзээ шидэгдэн хөсөр унахыг нь тааж мэдэхгүй болоод тэр.
Дээхнэ үеийн хууччуулын амнаас сонсох нь ээ, өвөл, хаврын хахирган цагт хурдан морь уралдуулж хүн, малыг тамладаггүй байсан гэсэн. Харин зуны дэлгэр цагт морь уралдуулахдаа хошуу ноён хүртэл өөрийнхөө хүүхдийг мордуулдаг байсан гэдэг. Одоо бол тийм биш. Морь унана гэдэг хүүхдийн хүнд хүчир, тэвчишгүй ажил болжээ. Унаач хүүхдүүд юу болж яаж төгсөхийг тааварлахгүйгээр уралдсаныхаа төлөө хэдэн бор төгрөг авдаг. Яахав, зарим нэг өгөөмөр эзэд сар бүр тогтсон цалин өгч байгаа байх. Ингэж аав, ээждээ нэмэр болж хэдэн төгрөг олж байгаа унаач хүүхдийг буруутгах аргагүй юм. Харин хэрэгцээг нь хангаж байгаа нэрийдлээр зэрлэгээр зугаацан цэнгэж байгаа хүмүүсийг шүүмжлэхээс өөр аргагүй байна. Амьтны нялх үрийг шавар шавхайтай хутгалдуулан, хөр цасан дээр өнхрүүлэн унагаж таашаал авч байгааг юу гэх вэ. Ийм зэрлэг зугааг төр засаг болиулах хэрэгтэй. Наад захын жишээ авъя л даа. Бид өөрсдийнхөө үр хүүхдийг агаарт гаргахдаа яаж дулаалдаг билээ. Хувцсыг хэд л бол хэдээр нь давхарлаад нүүр амыг нь амьсгалахад ч хэцүү болтол нь багладаг. Бараг л хөр цасан дээр хэдэн цагаар ч хамаагүй суулгахад алзахааргүй бигнэдэг мөртлөө унаач хүүхдэд ямархуу анхаарал тавьдаг билээ дээ. Намар хичээлдээ орох үед нь шинэ цүнх аваад дотор нь хэдэн дэвтэр хийчихнэ. Бас хоёр ээлжийн солих өмд, ганц цагаан цамц авч өгснөөрөө бахархаад цээжээ дэлдчихдэг. Үнэндээ хурдан морио унуулахын тулд цалин өгнө гээд сургуулиас нь засвардуулах асуудал бол энүүхэнд.
Жижиг биетэй унаач хүүхдийг эцэг, эхийнх нь хамт аргалж байгаад сургуулиас нь гаргадаг тохиолдол ч олон байдаг юм билээ. Иймэрхүү байдлаар хөдөөгийн хүүхдүүдийг хэрэгцээгээр нь далимдуулж зугаацдагаа боль. Хүүхдийн төлөө гэсэн уриатай байгууллагууд ч гэсэн үүн дээр анхаарал хандуулан ажилласан шиг ажилламаар байна. Албан байгууллагынхаа өрөөнөөс гаралгүйгээр худлаа үнэн нь мэдэгдэхгүй мэдэгдэл гаргаж суухаас илүүтэй бодит байдалд эрчимтэй ажиллах хэрэгтэй байна.