Уул нь өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм. Гэвч өчигдөр дэлхийн хүн төрөлхтөнд бас нэгэн чухал өдөр тохиолоо л доо. Тодруулж хэлбэл,321 оны гуравдугаар сарын 7-ны энэ өдөр Ромын хаан Константины зарлигаар долоо хоног бүрийн ням гаригийг амралтын өдөр болгож байсан түүхтэй. Хүмүүний оршихуйн цаг хугацааны цэсэнд ийм тодорхой тэмдэглэгдсэн байх аж.
Эрдэнэт хүмүүн гэгчид ажиллана, түүнийхээ үр бүтээлийг үзнэ гэдэг чухал гэдэг нь мэдээж. Яг үүн шиг амарна гэдэг, амралтынхаа үр шимийг үзнэ гэдэг хамгаас чухал байдаг. Амралт бол хамгийн үр дүнтэй ажил юм гэсэн үг байдаг нь ийм учиртай. Оюун санааны эцэг гэгддэг Библийн сударт “Бурхан зургаан өдрийн туршид орчлон ертөнцийг бүтээгээд долоо дахь өдрөө амарсан” тухай тодорхой гардаг билээ. Тэгэхээр долоо дахь өдөр буюу ням гариг хорвоо ертөнцөд авшиг ерөөлөө, адис жанлаваа хайрласан бурханы мутартай өдөр юм. Үндсэндээ энэхүү өдрийг бурхан хүртэл өөрийн амралтын өдөр болгож байсан аугаа түүх дэлхий дахинд бий.
Харин албан ёсоор амралтын өдөр болгон зарлаж, тэртээ 321 оны гуравдугаар сарын 7-нд тунхагласан хүн нь Ромын хаан Константин болж түүхэнд тэмдэглэгдсэн байна. Өнөөдөр Монгол Улс амралтын албан ёсны хоёр өдөртэй байгаа. Сонирхуулахад сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон улс гүрнүүд амралтын өдрөө гурав болгосон. Тухайлбал, манай урд хөрш хятад улс гурван өдрийн туршид амрах хуваарьтай болоод байгаа. Мөн Скандиновын орнууд амралтын өдрүүдээ гурван өдөр болгоод буй юм. Цаашид ч дэлхийн томоохон гүрнүүд долоо хоног бүрийн гурван өдөр нь амрах хуваарьт шилжиж магадгүй болоод байна. Амралтын өдөр нь тухайн орны эдийн засагт үр өгөөжөө өгдөг сайн талтай. Тухайн орны иргэн дөрвөн өдөр үндсэн ажлаа хийгээд гурван өдөр нь хувийн бизнесээ эрхлэх системд дэлхийн улс орнууд шилжээд байна.