Categories
мэдээ цаг-үе

Н.Гэрэлт-Од дуулж байна

Төгөлдөр хуурын дэргэдээс яаранхан босч хөгжмийн хэмнэлд алхаагаа засч тайз голлон зогсоод,

…Алтан наран хэвийх зүгт

Алтай сайхан нутаг минь бий

Алтай сайхан нутагт минь

Азай буурал ээж минь бий хэмээн “Цэргийн бодол”-ыг дуулах цэрэг хувцастай, нуруулаг бор дуучны дүрийг та бид зурагтаар хааяа нэг хардаг. Энэ бол дуучин Н.Гэрэлт-Од. 1960 оны сүүлээс 1990-ээд он гартал Монголын дууны урлагт өөрийн дуу хоолой, дуулах авьяасаараа гайхагдаж тухайн үедээ нийтийн дууны од хэмээн мандаж, ард түмний хайртай дуучдын нэг явсан эрхэм хүмүүн.

Дуучин Н.Гэрэлт-Одын түүх намтрыг сонирхож ээ суухад энэ хүн Монголын урлагийн яалт ч үгүй нэгэн хэсэг нь байжээ гэдэг нь ойлгогдоно. Хөгжим бүжгийн дунд сургууль, Цэргийн дуу бүжгийн чуулга, Ардын дуу бүжгийн чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлаг гээд Монголын хөгжмийн том том байгууллагаар дамжсан, тэнд дуугаа өргөж, алтан үеийнхэнтэй мөр зэрэгцэн явж гадаад дотоодын тайзнаа Монголын нэрийг гаргасан уран бүтээлч.

Дуучин Насангийн Гэрэлт-Од Төв аймгийн Баян-Өнжүүл сумынх. Хэрвээ өнөөдөр та бидний дунд амьд сэрүүн байсан бол энэ сарын 18-нд 70 насны босгоо алхах байжээ. Тэрээр 1947 оны хоёрдугаар сарын 18-нд мэндэлжээ. Айлын өргөмөл хүү байсан бөгөөд төрсөн нутаг нь Төв аймгийн Угтаалцайдам сум юм байна. Н.Гэрэлт-Одын эгч Ё.Лавдмаа гуай одоо Улаанбаатар хотод амьдран сууна. Тэрээр “Дүүгийн маань ажил явдлаар төрсөн ах дүүс нь ирсэн юм. Угтаалын сангийн аж ахуйн улсууд гэж сонссон. Тэрнээс хойш тэдэнтэй дахин холбогдсонгүй. Гэхдээ Гэрэлт-Одын маань өргөж авсан ээжийнх нь хамаатан байдаг юм, зохиолч Цэвэгмэдийн Нацагдорж гэж. Тэр хүн дүүгийн минь тухай ном бичнэ гэж багынх нь зургуудыг аваад явсан юм. Ном нь хэвлэгдчихвэл их сайхан үйл явдал болох байх” гэлээ. Н.Гэрэлт-Од 1954 онд эгч Ё.Лавдмаатайгаа нийслэлийн тавдугаар дунд сургуульд долдугаар анги хүртлээ хамт сурчээ. Дараа жил нь Н.Гэрэлт-Од дүү нь Төмөр замын хорьдугаар дунд сургуульд суралцаад улмаар Хөгжим бүжгийн дунд сургуульд элссэн байна. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Өлзий-Оршихтой их дотно сайн найзууд байжээ. Арван жилд байхаасаа дуулж хуурдаж, томчуулаас магтаал сонсч ирсэн Н.Гэрэлт-Од хүү Хөгжим бүжгийн дунд сургуульд элсэн орсноор тэр үеийн Монголын сор хүмүүсийн хараанд өртжээ. Тэдний нэг нь Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад. Б.Зангад гуай шавийнхаа талаар “Гэрэлт-Од маань их цовоо сэргэлэн, нягт нямбай, нуруулаг хөөрхөн хүү байж билээ. 64, 65, 66 оны үе шүү дээ. Ааш зан сайтай гэж жигтэйхэн. Багшийн хэлсэн үгийг маш анхааралтай сонсч хүлээн авдаг сурагч байлаа. Сурагчийн дүрэмт хувцастай өндөр хүү л гүйдэг байсансан. Ийм олон сайхан зан чанар нь дуулах ухааныг өөртөө шингээхэд их тус дөхөм болсон болов уу гэж боддог юм. Манай хүн чинь УАДБЧ-д ажиллаж байгаад ЗХУ-ын Уралын Хөгжмийн дээд сургуулийг найрал дууны чиглэлээр төгсч ирээд Цэргийн дуу бүжгийн чуулгад орсон юм. Дуулах ухаан, дуулахуйн ухааныг биедээ шингээж чадсан, их өвөрмөц хоолойтой сайн хүү байсан юм шүү” хэмээн дурслаа.

Тухайн үед түмэн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хүмүүс юу өмсөж, идэж уух, хэнтэй найзалж нөхөрлөх хийгээд хувь хүний асуудалд нь хүртэл дээрээс оролцдог, хянадаг байсан цаг. Дуучин Н.Гэрэлт-Одод гэр бүлийн тал дээр тогтворгүй гэдэг “онош” тавьж аливаа шагнал, урамшууллаас шууд хасдаг байж. Дуучин маань 1994 онд насан өөд болохдоо “Соёлын тэргүүний ажилтан”-ы тэмдэггүй л хорвоогоос буцжээ. Эгч Ё.Лавдмаагийнх нь хүү нь “Гангараа” дууг дуулдаг дуучин Н.Мөнгөншагай юм байна. 1994 он. Цагаан сарын өмнө Н.Гэрэлт-Од эгчийнхээ гэрт нэг хэсэг амьдарчээ. Тэр үед “Би Мөнгөншагай дүүгээ “Улаан сарнай” хамтлагт оруулж дуучин болгоно оо” хэмээн ярьдаг байсан гэнэ. Ингээд хэдхэн хоногийн дараа гэнэт нэгэн өдөр бие нь муудаж Цэргийн госпитальд хүргэгдэж очоод ухаан орохгүй байсаар насан эцэслэсэн байна. Дуучны талаар шар сонинуудад бор дарсанд орсон талаар таагүй мэдээ сэлт нийтлэгддэг байснаас биш уран бүтээл, хувийн амьдралыг нь үнэн зөвөөр гаргаж байсан нь үгүй байжээ.

Дуучин Н.Гэрэлт-Одын хувьд амьдралынх нь сүүлчийн жилүүдэд уран бүтээл болоод гэр бүлийн амьдрал нь дардан байгаагүй ч залуу насны ааг, дуулах авьяасынхаа хүчээр Монголын урлагийн алтан тайзан дээр жинхэнэ од адил гялалзан гялтганаж, олон мянган үзэгчдийн тасралтгүй шаагих бороо адил нижгэнэсэн алга ташилт, баярын ил захидал, цэцгийн баглаан дунд бялхаж явсан он цагууд бий. Асах үедээ ассан шиг асч, дүрэлзэж явсан уран бүтээлч байсан нь Монголын урлагийн арвин сан хөмрөгт хадгалагдаж буй “Цэргийн бодол”, “Алтанхан сортой тариа минь”, “Эхийн тухай дуу”, “Дэгдээд ирдэг салхи”, “Чамайгаа онцолно”, “Эхийн сэтгэл”, “Хаврын уянга”, “Хайргүй гэвэл би яана”, “Ахан дүүгийн ерөөлтэй”, “Арван хавар, арван намар”, “Сайхан хорвоо”, “Эх орон танаа”, “Төрсөн нутгийн бараа”, “Биднийг дуудаж байна”, “Хослон дуулахаар учраа юу даа”, “Сэрүүн саранд” гэсэн олон бүтээлээс нь харагдаж байна. Эгч Ё.Лавдмаа нь дүүгээ бурхан болсны дараа Монголын радиод очоод Н.Гэрэлт-Одын дуулж байсан 20 гаруй дууг хуурцагт бичүүлээд дараа нь CD-нд буулгуулж авчээ.

Тэгтэл дууг нь хуурцгаас CD-нд буулгаж байсан “Могжоохон” студийнхэн “Хүүе энэ дуучин чинь Соёлын тэргүүний ажилтны ч тэмдэггүй юм уу. Шагнал нэхэн олгодог шүү дээ. СТА байтугай цол авах хүн шүү дээ” хэмээн гайхацгааж байжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр дуучин Н.Гэрэлт-Одыг дахин давтагдашгүй хоолойтой дуучин байсан, дуулсан дуу бүхэн нь яагаад монголчуудын сэтгэлд хоногшив гэхээр ямар нэгэн увидас байсан л гэсэн үг хэмээгээд “Цэргийн бодол”-ыг баритон хоолойтой дуучин болгон л дуулахыг хичээдэг. Гэхдээ тэдний хэн нь ч Н.Гэрэлт-Од дуучныг давж дуулаагүй л байна. Дуулж ч чадахгүй байх гэв. Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр “Би хүүхэд байхдаа араажаваар дуучин Н.Гэрэлт-Одын дуулахыг сонсдог байлаа. Их гоё хоолойтой. Хөдөөнийхөн чинь “Гэрэлт-Од, Гэрэлт-Од” гээд л шуугидаг байлаа шүү дээ” гэж ярилаа.

1960, 1970-аад оны үед Улаанбаатар хотод шинэ дуу гарвал радиогоор л нийтэд түгэж олон түмэнд хүрдэг байлаа. Радиогоор “Дуучин Н.Гэрэлт-Од дуулна” гэж ирээд л хит болж байсан дуунуудыг нь эгшиглүүлж хөдөөнийхөн маань дуучныг дотроо төсөөлцгөөж “Урлагийнхан хэзээ бригадаар ирэх бол” гэж битүүхэндээ хүлээдэг байжээ.

…Халуун наран жаргав уу, үгүй юу

Сэрүүн саран ургавай хөөрхий

Халгиун сэтгэл хөвөлзөв үү, үгүй юу

Сэлгүүн дэлхий сэвэлзвэй, хөөрхий…

Сочи хотод болсон олон улсын дууны уралдаанд дуучин Н.Гэрэлт-Од “Сэрүүн саранд” гэх энэ дуугаар түрүүлж байжээ. “Сэрүүн саранд” дууг Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг, Ж.Бадраа нар Сочид очоод зохиож тэр дороо Н.Гэрэлт-Одоор дуулуулсан нь олон улсын наадмаас тэргүүн байрын шагнал авчирсан түүхтэй юм байна.

Н.Гэрэлт-Одын дуунуудыг ерөнхийд нь авч үзвэл жааз хэв маягийг шингээсэн, хөнгөн хэрнээ уянгалаг хэмнэлтэй байдаг. Үүгээр нь түүнийг Монголын жааз хөгжмийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан дуучин гэж үзэх бөгөөд хоолойн цар хүрээ, дуугаралт нь дахин давтагдашгүй гэдэгтэй санал нэгддэг.

Хэдий бие нь энэ орчлонгоос одсон ч дуулсан дуу нь одоо ч цуурайтсаар, дурсагдсаар, эгшиглэсээр яваа дуучдын нэг бол Н.Гэрэлт-Од. Монголын эстрадын урлагийн 70, 80-аад оны шилдэг уран бүтээлчдийг хуруу даран нэрлэхэд түүний нэр зүй ёсоор дурдагдана.

Бэгзийн Явуухулангийн шүлэг Гаадангийн Алтанхуягийн хөгжим “Эхийн тухай дуу” бол Монголын эхийн сэдэвтэй дуунуудын манлай бүтээлүүдийн нэг.

…Анх удаа алхаж байгаа хүүгээ эх нь

Ар өврөөс нь дэмжихийг үзээд

Ай хө зэ хө

Ээжийгээ би зүйрлэнхэн санадаг даа…

Энэ дуу Монголын ард түмэн, сонсогчдын сэтгэл, зүрхэнд Н.Гэрэлт-Одын хоолойгоор л хүрч хоногшсон, мартагдамгүй бүтээл. Дуучны маань олон уран бүтээл алтан сан хөмрөгт хадгалагдаж, үе үехэн зурагт, радиогоор эгшиглэх бүрийдээ хүн бүхний дурсамжийг хөглөж, аав, ижий, амрагаа мөрөөдөн жаргах сэтгэлийн их цэнгэл бас бүдэгхэн гуниг төрүүлдэг билээ.

Н.Гэрэлт-Од дуулж байна. Цэрэг хувцастай, өндөөр бор залуу төгөлдөр хуурын дэргэд, өнөөх л янзаараа, зассан тайзны голд “Цэргийн бодол”-оо дуулж байна. Тэр дуулсаар л байгаа.

…Саальчин хонгор бүсгүйд минь

Сэтгэлийн арвин хайр бий

Сэтгэлийн арвин хайранд нь

Саатан хүлээх итгэл бий хэмээн дуулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *