Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Зэвэгийн Ойдов: Жудагтай бөхийг харахаар сэтгэл бүр гойд татагддаг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдовтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Монгол Улсын ХХ зууны “Манлай тамирчин”, олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдовтой ярилцлаа.


-Та 62, 68 кг-ын жинд барилддаг байсан. Одоо ч нэг их айхавтар жин нэмээгүй бололтой?

-Би одоо 73, 74 кг жинтэй л байна. Хөгшин болчихоор дээшээ жин нэмэх нь гайгүй юм даа. Жин хаагуураа нэмэх вэ гэхээр гэдэс гүзээ хавиараа л нэмэх маягтай байх юм байна шүү. Ер нь манайхан удмаараа сул мах багатай, тарган улс цөөнтэй. Ерөнхийдөө булчинлаг хэрнээ нарийнлагдуу биетэй хүмүүс.

-Монголын уран сайхны “Хань” киног таны амьдралаас сэдэвлэсэн, танд зориулсан кино гэж ярьдаг. Үйл явдлыг нь харахаар тийм биш ч юм шиг?

-Тэрийг ч улсууд янз бүрээр л ярьдаг юм. Үнэндээ яг “Чамд зориулсан кино шүү” гэж хийсэн улсууд нь хэлээгүй. Бөхийн амьдралын тухай “Хань” гэсэн нэртэй кино. Сайхан кино л доо. Яагаад энэ киног надтай хамаатуулсныг мэдэхгүй. Тэр үед чинь чөлөөт бөх дөнгөж хөгжөөд олон жил болоогүй, арав гаруй жил болсон байсан. Би дэлхийн аварга болчихсон байсан үе. Тэгэхээр ард түмний гаргасан яриа л байх. Тэрнээс биш циркийн Дашнамжил гэж сайхан биетэй, хүндийн өргөлтийн тамирчин залуу. Тэр залуугийн толгойг Сэрээтэр харцагын биетэй эвлүүлж хийчихсэн, тэгээд л барилдуулаад байгаа юм. Тэрийг чинь бид л мэднэ. Олон жил хамт барилдаад, нэгнээ мэддэг болчихсон болохоор “Сэрээтэр багшийн бие байна, Дашнамжилын толгой байна” гэж танихаас биш, энгийн хүмүүс мэдэхгүй байх.

-Дэлхийн бөхийн холбоо буюу FILA-гаас батламжилсан алдарт “Ойдов” мэхээ та хэзээ, хаанахын тамирчинтай барилдаж байхдаа анх хийсэн юм бэ?

-Тэр “Ойдов” гэдэг мэхийг чинь бодоод “Ийм нэг мэх байх нь” гээд л олсон юм биш л дээ. 1974 онд Болгарын Севильеев хотод болсон Дан Коловын нэрэмжит тэмцээн дээр Ираны бөх Карма Шахтай дөрвийн даваанд барилдлаа. Айхавтар өмсөнө, солгой гартаа өмсөнө. Өмсүүлчихгүй санаатай, гарыг минь айхавтар лав барьчихсан зүтгээд болдоггүй. Толгой минь нуруун дээр нь явж байна. Яг тэгээд дээрээс нь харсан чинь өвдөг нь эрүүнд нь хүрээд өвчүүндээ наалдаад байхгүй юу. Тэгсэн чинь надад “Өө за энэ чинь адууны хатуу хийгээд унагадаг аргатай адил юм байна. Энийг хийж болмоор юм байна” гэсэн бодол зурсхийгээд төрлөө. Эхний гурван минут завсарлаад дунд гурван минутад яг тэр байрлалаас би ч бараг гараа өгсөн байх гэж санаж байна. Тэрэн дээр өмсүүлчихгүй бололцооны байна гэж харсан. Тэгээд л би өнөө хөлийг нь бариад авчихгүй юу. Хөлийг нь бариад хоёр секунд болов уу даа, алдчихгүй юу даа. Дараачийн гурван минут боллоо. “Аа энийг чинь тас гэдрэг нь дайрах байжээ” гэж бодлоо. Тэр тэмцээн дээр чинь маш олон зурагтын бичлэг хийж, гэрэл зургийн олон зуун аппарат зоочихсон байсан юм. Зарим бэлтэй газрууд нь тэр заалны талыг нь шахуу худалдаж аваад өөрсдийнхөө зургийн аппаратыг зоочихсон байлаа. Дэвжээ болгоны захад камер зоогоод орхичихсон байсан юм. Би “За одоо тас гэдрэг нь дайраад унагаад энэ камерт бичүүлчих юм байна” гэж бодсон ч харамсалтай нь тэр мэхээ хийж чадаагүй. Ирэхдээ тэр мэхнийхээ тухай тувтан бодоод хүрч ирээд бэлтгэл дээр хөл, цээжээ ингэж байрлуулах юм байна, гараа ингэж барих юм байна гээд бүгдийг нь нэг нэгээр нь дасгаж үзээд давтаад бодоод байсан.

-Энэ мэхнийхээ тухай хэнд ч хэлээгүй юү?

-Хэнд ч хэлээгүй, хэнд ч хийж үзээгүй. Тэгээд дараа жилийнх нь зун байна уу даа Баянхонгорт УАШТ боллоо. Тэр тэмцээн дээр Архангайн Оросоо гэж Багшийн дээд сургуулийг төгссөн сайхан бор хүүтэй таарлаа. Шүгэл дуугарангуут над руу хар хурдаараа ирэхгүй юү. Тонгойгоод орж ирж байгаа байдал нь өнөө байрлал яг мөөн. Зөрүүлээд хийчихсэн. Тэгээд л долоон секундэд цэвэр ялсан юм. “За энэ баараггүй боллоо. Хаашаа ч хөдөлшгүй. Миний юм боллоо” гэж бодсон. Сүүлд нь өөрөөсөө нэлээд илүү ганц хоёр хүнд хийж үзсэн. Маш сайхан болж байсан. Гэхдээ би тэр мэхээ бусад нөхдөдөө харуулах дургүй байлаа. Яагаад гэвэл манайхан чинь өөрөө сайн сураагүй байж өөр хүнд очиж зааж өгдөг байхгүй юу, гадныханд. Тэгээд л гарцаагүй минийх болсон болохоор хариуг нь бодлоо. Хариуг нь олохгүй бол аюултай юм болох нь гэж бодсон. Гэтэл одоо болтол, гуч, дөчөөд жил бодоод мэхнийхээ хариуг олоогүй л байгаа. Тэр хариу нь олдохгүй, хариугүй юм шиг байна лээ. Яагаад вэ гэвэл хөл, толгойгоо хүний нэг гараар холбуулчихаар хариу хийнэ гэж байдаггүй юм байна л даа.

Болгарын багш А.Петровыг Монголын чөлөөт бөхийн барилдааны анхны багш гэж бид үздэг юм. Манайх санал тавьж манай бөхчүүдийг Болгартаа аваачаад ДАШТ-д оролцох бөхчүүдтэйгээ хамт бэлтгэл хийлгэж байсан хүн. А.Петров багш олон улсын дасгалжуулагчдын семинар дээр “Сүүлийн 200 жил шинэ мэх зохиогдсонгүй. Дасгалжуулагчид сайн ажиллахгүй байна” гэсэн юм. Бид ч ойр зуураа тэгж ярьсныг үгүйсгээд л янзан бүрийн л мэхний тухай ярилцаж билээ.

1994 онд миний ДАШТ-ий аварга болсны 30 жилийн ойг тэмдэглэлээ. Тэр үеэр бодохгүй юу “Манай энэ хэдэн хүүхэд дэлхийд гарч аварга гэх нэр оруулахгүй нь. Яадаг юм билээ. Урамгүй юм аа” гэж бодоод өөрөө дахиж нэр оруулъя гэж бодлоо. Над шиг хөгшин амьтан барилдаад нэр оруулна гэж байхгүй. Тэгээд бодоод гэв гэнэт А.Петров багшийн хэлсэн нь санаанд буугаад яагаад хоёр зуун жил шинэ мэх гараагүй гэж. Миний тэр мэх бол шинэ. Би л өөрөө бодож олсон юм чинь. Өмнө нь хэн ч хийгээгүй шүү дээ гэж бодоод мэхнийхээ тухай бичээд франц хэл рүү орчуулуулаад явууллаа. Тэгтэл манай А.Басхүү “Өнөөхийг чинь биш гэсэн хариу ирлээ” гэв. Тэгэхээр нь омог хөдлөхгүй юү. Дэлхийн хошой аварга болсны минь 30 жилийн ой дараа жил нь боллоо (инээв). Дахиад л өнөөхөө бичээд А.Басхүү маань ч гүйж франц хэл рүү орчуулууллаа. “Би 1974 оны Севильеев хотод энэ мэхийг хийх гээд тэгж дутсан. Надаас хойш 1976 онд ЗХУ-ын Абдул Муслимов гэдэг бөх хийгээд тэгж алдсан” гээд л хаана ямар тэмцээнд, хаанахын бөх энэ мэхийг хийсэн, хийгээд алдсаныг нэг бүрчлэн бичсэн юм. Яагаад вэ гэвэл би бүх тэмцээнийхээ тухай тэмдэглэл бичдэг байсан юм. Тэгэхээр бүх барилдаан цээжинд минь бэлэн гэсэн үг л дээ. Ингээд дахиад маш дэлгэрэнгүй бичээд явуулав. Тэрнээс хойш тэр мэхийг хоёр жил гаруй хугацаанд судлаад тэдгээр материалууд Дэлхийн бөхийн холбооны архивт байсан учир Техникийн зөвлөл нь Унгарт болсон ДАШТ-ий дараа хуралдаж миний мэхний асуудал орсон. Тэгээд л гарцаагүй мөн гэж зөвшөөрөгдсөн. Тэгээд нэр өгөхөөр боллоо. Тэрийг бид толгой уургалж суйлна л гэж нэрлээд байсан юм. Толгой уургалж байна гэхээр яг ч бас тийм биш юм аа. Толгойг нь дараад суйлж байна аа. Тэгэхээр толгой дараад суйлах гэвэл ямар вэ гэж удтал хэлэлцээд дэлхийн түүхэнд үлдэх юм чинь ерөөсөө таны нэрээр нэрлэе гэцгээгээд “Ойдов” гэдэг нэр өгсөн учиртай юм. Тэглээ ч ингэж нэрлэхээс өмнө энэ мэхийг дэлхийн бөхчүүд “Ойдов” гээд нэрлэчихсэн байсан юм. Энэ мэхийг хийхээр л дасгалжуулагчид “Ойдовдчихлоо” гэдэг байсан шүү.

-Одооны нэг бөхийн ард эмч домч, бариачаас эхлүүлээд элдэв төрлийн нэмэлт бүтээгдэхүүн, амин дэм бий. Харин та бүхний үед ер тийм юм дуулддаггүй байж. Бор зүрх, байгалиас өгсөн бие хаагаараа зүтгээд байдаг байсан даа?

-Бидний үед чинь бүгдээрээ жилийн турш формтой байсан гэж хэлж болохоор байсан. Бид элдэв долоон витамин гэж идэхгүй. Витамин огт өгөөгүй гэвэл бас худлаа. Ямар витамин бэ гэвэл чүдэнзний хайрцагны дайтай, дотроо 50 ширхэгтэй витамин C. Өдөрт нэг удаадаа таван ширхгийг ууна. Ийм л заалттай. Жин хасаад их сульдчихсан тамирчид бол глюкоз гурав, дөрөв тариулна. Бүр их сульдчихсан тамирчинд кальци хлоридыг тэмцээний өмнө ганц, хоёрыг хийнэ. Ёстой л ядарч сульдчихсан байвал витамин В1, В6, В12-ыг хийлгэнэ, арван ампулыг. Жилдээ шүү дээ. Тэгээд л бидний витаминжуулалт болчихдог байсан юм даа. Яахав ерөнхийдөө манай тамирчид өглөө 40 минутаас цаг 20 минутын гимнастик хийнэ. Боксынхон биднээс илүү ширүүн бэлтгэл хийж байсан гэж ойлгодог юм. Гомбо, Алтанхуяг нар чинь бэлтгэлийн хувцсаа тайлаад мушгихаар угаасан хувцас мушгиж байгаа юм шиг хөлс нь сархийгээд асгардаг байсан. Биднийх бол сархийж асгахгүй ч хоёр гурван дусал юм гарна аа. Гэхдээ бид чинь өглөөд 1.5 кг-ыг хаячихдаг байсан, бэлтгэлийн үед. Үндсэн үе рүү ороод ирвэл 200-500 гр л хасна. Өдөрт тав, зургаан цагийн бэлтгэл хийчихээр илүү өөх гэж байхгүй болчихно. Тэгээд тэмцээнээс тэмцээн рүү дамжчихаар бүтэн жил шахуу формтой байсан улсууд. Үүнийг ЗХУ-ын дасгалжуулагчид хараад “Та нар гарынхаа булчинг жилийн турш чангалаад байж чадах уу. Энэ булчинг чинь суллаж байхгүй бол болдоггүй юм. Тиймээс тэмцээний формоо нэг хэсэг сул тавьж амрааж байх ёстой. Тэгэхгүй бол бүтэн жилийн турш булчингаа зангидаад байж болдоггүй юм. Хүн бүтэн цагийн турш ч бүх булчингаа чангалаад байж чадахгүй” гэж хэлж ойлгуулж билээ. Бид чинь бүтэн жилийн турш бэлтгэлжилттэй байсан болохоор ядаргаанд орно гэж айхавтар юм байдаг байлаа.

-Шигшээгийн тамирчид маань жин хасч, ядарч сульдсан үед хүнд байдалд орж нүдээ ч хөдөлгөх тэнхэлгүй болчихдог тухайгаа ярьж байсан?

-Хоол, махны үнэр авч чадахгүй. Махны үнэр авбал огино. Хоол хараад л дургүй хүрнэ.

-Хоолны дуршилгүй болчихдог гэсэн үг үү?

-Тийм хөгийн болдог юм. Тэгээд л жин хасаад ирэхээр зарим тамирчны дуу өөрчлөгдөнө. Боксын Буянгийн Ганбат гэж гавьяат мастер тамирчин байдаг даа. Тэрний дүү боксчны хоолой сонин болоод жонгиносон юм болчихож билээ. Би ч гэсэн тийм жонгиносон дуутай болж ирээд больсон шүү. Дуу хүртэл тэгж өөрчлөгдөөд биед тийм аюултай. Бид формыг тэгж сайн барьдаг байлаа.

-Чөлөөт бөх анх Монголд хөгжиж эхлэх үед хүмүүс энэ спортыг ойлгодоггүй, үндэсний бөхтэй л харьцуулаад байдаг байсан шиг байгаа юм?

-Дэмждэг хүн байхгүй, багш дасгалжуулагч гэж байхгүй. Үзсэн харсан юмаараа л явж байсан. Баянхонгорт ухаан нь будаг шаврын Бямбаа багш бидэнд чөлөөт бөх зааж байлаа. Тэр багш их хөдөлгөөнтэй, бокс тоглоно, үндэсний бөхөөр сайхан барилдана, чөлөөт барилдаж цана тэшүүрээр гулгадаг, таван аймгийн бүсээс шалгараад Улаанбаатарт ирж гулгадаг хүн байж билээ. Бидэнд мужааны нэг анги олдоно. Актлагдсан матрас дээр бэлтгэл хийдэг байлаа. Матрасаа шатны доор аваачаад хураачихна. Бүх анги тарсны дараа орой 10 цагт цуглана. Мужааны ангид өрөөстэй багаж хэрэгсэл, хаалга, цонх, моделиудыг яг тэр хэвээр нь зөөгөөд коридорт тавина. Тэгээд шатны доор хураалттай матрасаа авчирч дэвжээгээ засна даа. Матраснууд нь зүү ихтэй. Өнхөрч, барилдаж байхад зүү хатгана. Тэрийг нь олоод хаяна. Тэгж тэгж бэлтгэл хийж байгаад ангиа угаагаад өнөө багаж хэрэгслүүдээ буцаагаад тавина. Тэгээд тарахад шөнийн 12, 01 цаг болж байна. Баянхонгор чинь элстэйг хэлэх үү, ядарсан хүмүүс явсаар байгаад шөнийн 02 цагт очоод унтана даа. Өглөө босоод гүйх сайн гэхээр нь наадмын талбайг долоо, найм тойрно.

-Ямар тэмцээнд бэлтгэж байгаа байдал нь тэр вэ?

-Чөлөөт барилдааны дугуйланд орж байгаа байдал. Зун нь амарч байгаад ирсэн чинь нөгөө матраснуудыг маань бүгдийг нь хог дээр гаргаад хаячихаж. Хойтон жил нь бид яажшүү бэлтгэл хийж байсан бэ гэхээр матрас байхгүй. Учраагаа барьж аваад унагаад мостлох хэрэг гарна. Чихээ хөвөнгөөр бөглөчихнө. Гурав гурваараа зогсоно. Хоёр нь барилдаад нэгийгээ унагачихаар нөгөө нэг нь хөвөнтэй куртикээ бариад нөгөө хоёрынхоо толгой хэсэгт нь дэвсч өгнө. Тэгээд л мостолно. Нүдээ аниад л. Ам, хамар руу элс орно. Толгой нь куртикнээс нь гарчихаар куртикээ нэг сайн гөвчихөөд л дахиад доор нь дэвсч өгнө. Ингэж л бид хоёр дахь жилээ өвөлжингөө элсэн дээр барилдаж чөлөөт барилдааныг хөгжүүлж эхэлсэн юм. Энэ чинь 1966-1967 оны өвөл шүү дээ.

-Олон жил нэг жинд өрсөлдөж сүүлдээ бүр нэгнээ үгүйлж “Танай улсын тэр тамирчин яагаад ирсэнгүй вэ” гэж асууж сурагладаг гадны өрсөлдөгчид байдаг юм билээ. Танд тийм гадны бөх найзууд тоймгүй биз?

-Зөндөө байгаа ш дээ. Өөрийнхөө жингийн бөхчүүдтэй найз байхаас гадна өөр бөхчүүдтэй ч найзална. Би Ливан гэж 82 кг-аас өгсч 100 кг-ын жинд барилдаж дэлхийн аварга болж байсан Гүржийн бөхтэй их найз хүн байгаа юм. Бас Иван Ярыгинтай найз. Өсвөр үеэсээ л хамтдаа барилдсан чацуутнууд. Капушкинтай бас найз. Оросын бөхчүүлээс гадна Буриадын бөхчүүлтэй найзална. Бид чинь дэлхийн хаашаа ч хамаагүй явна. Хаана ч очсон жингийнхээ бөхчүүдийг сурна. Америкт очвол 82, 90 кг-ын жинд барилддаг байсан ихэр Петерсоныг асууна. АНУ-ын дасгалжуулагч Даглас надад мэх зааж өгдөг байлаа. Бид хоёр чинь их дотно улсууд байгаа юм. Олимпийн медальт Жейн Дэвис Буриадад Борис Будаев дээр байж байгаад Монголд ирэхэд нь Сөгнөгөрт хамт 14 хоног хамт байлаа. Бид ингэж л нэгэндээ сүйд болно. Өмнөд Солонгосын Ян Жун Мо гэж манай жингийн олимпийн аварга байж байна. Би Солонгост очоод гартаа мэс засалд ороход ирээд сүйд майд болж л байсан. Надад мөнгө төгрөг өгч, уулзахаараа тэврээд баярлана. ЗХУ-ын Абдулбеков гэж миний жингийн аварга бөх байсан. Тэр надтай их дотно танил хүн байгаа юм.

-Насаараа автобусны жолооч хийсэн гавьяат тээвэрчин тэтгэвэрт суусныхаа дараах хэдэн сард автобусаа барьж байна, ажилдаа гарч байна гэж байнга зүүдэлсэн тухайгаа ярьж байсан. Үүнтэй адил та чөлөөт бөхийн ертөнцөд, олимп, дэлхийн шар дэвжээнээ олон жил барилдсан болохоор тэр сайхан мөчөө зүүдэлдэг байлгүй?

-Зүүдлэгдэлгүй яахав. Би хүүхэд байхын бөхөд их дуртай хүн юм аа. Сүүлийн үед компьютерт донтлоо, барилаа гээд хөгийн юм ярьж байна шүү. Нэг удаа надаас “Спортод донтох гэж байх уу” гэж асуусан. Тийм асуулттай өмнө нь тулгарч үзээгүй л дээ. Тэгээд спортод донтох гэж байх аа. Би ерөөсөө спортод донтсон хүн байх гэж өөрийгөө бодсон.

Би хүүхэд байхын л бөх зүүдэлдэг байсан юм. Шөнөжингөө барилдана. Нүдэн дээр барилдаан л болж байдаг. Би өөрөө ч барилдаад л. Мөнхбат, Баянмөнх аваргууд чинь бидний үед унадаггүй, унах байтугай хазайдаггүй хоёр хүн байлаа шүү дээ. Энэ хоёрыг чинь л бид шүтдэг, хардаг, хүндэлдэг байлаа. Нэг уулзалт дээр би “Мөнхбат, Баянмөнх аваргыг чинь хамгийн их хаясан хүн чинь би шүү дээ” гэсэн чинь улсууд “Яаж унагасан” гээд л сониучирхаж байна. Тэгэхээр нь би “Насан туршдаа энэ хоёрыг чинь зүүдэндээ авч чулуудсаар байгаад л өдийг хүргэсэн хүн дээ” гэж билээ (инээв). Түүнээс биш тэр хоёртой чинь бидэн шиг улс барилдах ямар ч эрэмбэ, асуудал байхгүй. Тэр хоёр чинь гоц айхавтар мундаг улс. Тэр хоёртой барилддаг жингийнх нь ч улс байгаагүй, өөр бусад улсын цолтонгууд ч барилддаггүй. Шүргээд шүргээд л явдаг. Харин тэр хоёр хоорондоо л удаж барилддаг болохоос биш. Тийм жигтэйхэн улсыг би яавч хамгийн олон хаясан байж таарахгүй. Чаддаг нь шөнөжингөө л зүүдэндээ авч чулуудаж хаядаг юм. Гэхдээ сүүлийн хориод жил бөх зүүдлэхгүй байна.

-Тамирчин байхдаа бөх л зүүдлээд байсан гэдэг чинь их л нервтэй тамирчин байжээ?

-Би нээрээ их нервтдэг байсан юм. Маш их нервтдэг. Миний жингийн Б.Намжим гуай гэж бөх байлаа. Бөхчүүд түүнийг “62-ын биетэй, 82-ын бяртай” гэж ярьдаг байсан юм билээ. Отгонтогтоол гэж “52-ын биетэй 62-ын бяртай” жижиг жингийн бөх байсан юм. Энэ хоёр тийм л айхавтар бяртай бөхчүүл байсан юм байна л даа. Намжим гуай Төв бараа баазад ачигч хийдэг залуу байжээ. 200 кг-ыг мөр дээрээ үүрчихдэг. Баруун талынх нь мөр их ээ овгор том булчинтай. Тэр булчингаас нь үс ургачихсан, их бяртай хүн байсан юм билээ. Тэр хүн намайг шигшээд орохын урьд жил ДАШТ-д тавд орсон бөх. Тэгээд л би 1969 онд Намжим гуайтай тэнцээд 1970 онд бэлтгэл сургуулилт бага зэрэг хийчихээд явчихсан юм. 1971 онд спартакиадаар хожоод түрүүлсэн юм. Хамт бэлтгэл сургуулилт хийгээд өгөө аваатай л яваад байлаа. Би бодлоо л доо. “Би Намжим гуайгаас бяраар дутуу, хийсэн бэлтгэл минь цөөхөн жилийнх. Туршлага байхгүй. Тэгсэн мөртлөө тэр хүнийг хаячихаад ирсэн. Муу барилдвал яана аа. ДАШТ-д дөрөвт л орохгүй бол болохгүй нь” гэх ухааны юм бодоод толгой минь их өвдсөн. Толгой өвдөөд хөлс дусаад л. Арван кг хасч байдаг. Унтахад хөнжил нэвт норно. “За даа ингэж хөлөрч байгаа юм чинь жин ч харин доошилж байгаа байх даа” гэж бодоод өглөө нь жин дээр гарахаар яг хэвээрээ. Их сонирхолтой. Толгой янгинаад л ууц өвдөөд. Хоёр жил яг ийм байдлаар явсан сан.

ЗХУ-ын тамирчин Колчинский бас их нервтдэг. Их онцгой нервтэнэ. “Хн хн…” гээд л сэнгэнэтэл санаа алдаад. Баянмөнх аварга “Энэ хөөрхий Колчинскийг хар аа. Нервтээд үхэх гэж байгааг нь ээ” гэнэ. Би тэгж дуу гаргаж санаа алдахгүй ч бусдаараа яг л Колчинскийтэй ижилхэн байхгүй юу. Тэгээд би гэнэт бодсон л доо. “Би Намжим гуайд ялагдсан болохоороо энд ирээгүй. Намайг дийлсэн бол тэр хүн хүрээд л ирэх байсан. Тийм байсаар байтал би юунд ингэж сэтгэлээр унаж нервтдэг юм” гээд толгойдоо байсан бүх юмыг авч хаясан л даа. Би юмыг тархинаасаа авч хаяхдаа их амархан, дадлагатай ч юм уу гэмээр хүн байгаа юм.

Хөдөө хүүхдүүд тэвэг их тоглоно. Би чинь тэвгийг үгүй мөн сайн тоглоно. Тэгсэн чинь бөөрөнд муу юм гэнэ ээ л гэж байна. Манай өвгөн ах Эрдэнэзуугийн лам байсан. Тэд ч багадаа тэвэг тоглоод л Зуугийн ханыг давуултал тэвэг өшиглөдөг байж. Тэгж удаан тоглохоор цусаар шээдэг байсан гэж ярихгүй юу. Тэгэхээр нь үнэн юм байна гээд больсон. Өөрийнхөө биеийг муутган байж тоглодог хүн гэж хаана байх вэ. Хаядаг хэрэг гээд л тэвгийг хаясан. Би биед муу юм гэвэл юуг ч хаядаг зантай. 1971 оны ДАШТ-д хоёр цэвэр ялагдсан, 1972 оны олимпод хоёр цэвэр ялагдсан тэгсэн хэрнээ олон улсын тэмцээнд 64 кг-ын жинд барилдахаараа мундаг. Үзүүр түрүү, эхний дөрөвт л үлдэх маягтай. Тэгээд л манайхан намайг сайн байна, мундаг байна гээд л 62 кг-ын жинд авчрахаар ялагдчихдаг. Сүүлд сонсч байхад тэр үед намайг багш нар шигшээгээс хасъя даа гэж ярьж байсан юм билээ.

Би тэгж л тархинаасаа бүхнийг авч хаяад инээж хөхөрсөн л хүн болчихсон. Сэтгэл санаагаа дээшлүүлчихсэн. “Ардаа орхисон хүнээсээ илүү байгаа юм чинь, арын хаалга энэ тэр гээд элдэв юм хэрэглээд хүн дийлэхгүй байж ДАШТ-д хүрээд ирсэн биш” гэж өөрөөр бодож эхэлсэн дээ. Хүнийг унагах арга л боддог болсон. Түүнээс хойш би яана аа гэж огт бодохоо больсон. Дахиж миний толгойд тийм бодол орж ирэхээ байсан, нервтэхээ ч больсон юм.

-Монгол бол бөхийн орон. Хүн бүхний хувьд бөхийг үнэлэх үнэлэмж өөр өөр. Гэхдээ ихэнх нь жудагтай бөхөд их хайртай, дуртай байдаг. Таны залуу цагийг санагдуулдаг эсхүл барилдаанаараа сэтгэлийг тань татдаг бөх гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Ер нь тэгээд хүний зүрх сэтгэлийг татдаггүй бөх гэж ерөөсөө байдаггүй юм. Бүх бөх хүний сэтгэлийг татдаг. Тэрэн дотроосоо жудагтай байна гэдэг бол Монголын бөхийн эрхэмлэж явах ганц зүйл нь. Жудагтай бөхийг харахаар сэтгэл бүр гойд татагдана. Тэр жудагтай, аргагүй л монгол эр хүн, аргагүй л айл гэрийн ноён нуруу гэж бүгд хайрладаг байхгүй юу. Тиймээс жудагтай бөхийг онцгой хайрлана. Жудаггүй байдал гаргаад л байна гэдэг чинь тусгүй шүү дээ. Ганц удаа барилдаад өнгөрч байгаа юм биш. Энэ чинь одоо хэдэн арван удаа барилдана, жилдээ хичнээн олон удаа барилдана гээч. Хоорондоо өч төчнөөн таарна. Ийм байхад арга мэхээ сайхан олохоос биш жудаггүй загнаж ерөөсөө болохгүй. Манай бөхчүүд жудагтай байсан жишээ, үлгэрүүд зөндөө.

Бөхчүүдийн ядам хуруу нь гэмтсэнээс ч болоод тэр үү, мойногдуу махийсан, үе нь бүдүүн байх нь элбэг. Дэвэхээр нь хараарай. Тэрэнтэй, үүнтэй барилдаж байгаад халаад ийм болчихсон юм гэж ярьдаг юм. Манай Чүлтэмсүрэн арслангийн ядам хуруу нь мөн адил тийм махийсан. Түүнээс “Таны ядам хуруу яагаад ийм болчихсон юм бэ” гэж асуусан чинь “Хөөрхий би чинь бөх барилдаж гэмтэж байгаагүй юм. “Барилгачин” нийгэмлэгийн зааланд барилдаж байгаад нэг залууг өхийлдөөд түлхчихсэн чинь хивснээс гараад шалан дээр тархиараа цохих нь ээ. Би ч түргэн хөдөлгөөнтэй байсан юм. Гүйж очоод гараа толгой доогуур нь хийчихсэн чинь тэр хүчтэй савсан толгой, паркетан шал хоёр хавсраад миний хурууг бяцлаад хаячихсан. Тэгээд би хуруугаа ийм болгочихсон юм” гэж ярьж билээ. Тэр чинь үгүй ээ мөн гайхалтай жудаг байгаа биз. Чүлтэмсүрэн гуай чинь өөрөө “Хужаа” арслан гэж хочтой байхгүй юу. Арга ихтэй, тэрийг яаж унагах уу гэхээр л хариуг нь мэддэг хүн.

“Дүүлэн” Чүлтэм гэж Хэнтий аймгийн мундаг сайхан залууг Түвдэндорж аварга “Бид ч энэ жил Чүлтэмийг алдах юм байна даа. Тав давах юм бол тувтан дээшээ явна даа” гэж ярьж. Тэгэхээр нь Чүлтэмсүрэн арслан “За тэгвэл надад үлдээчих” гэж. Чүлтэмсүрэн гуай ганцхан өхийлдөж дайраад цааш нь дөрвөн хөллүүлээд дэвээд явчихлаа гэнэ. Тэгсэн чинь “Дүүлэн” Чүлтэм “Арслаан, би унаагүй шүү дээ” гэж. Тэгсэн чинь арслан “Өө, тийм үү. Сайхан хүүхдийг шороотой хутгаад яахав гэж бодсон юмсан. Чиний дээр майхан барих хугацаа байлаа даа хүү минь. Дахиад барилдчихъя” гээд өрөх гэсэн чинь Чүлтэм гуай “Аа, за за” гээд шууд элэг бүсээ тайлаад өгчихсөн гэдэг. Тэгэхээр бөхчүүд гэдэг чинь өрөвчхөн сэтгэл нь байж байдаг, хүнээс гарахгүй арга заль нь ч байж л байдаг улс. Дорнодын “Гулзгай” Дамчаа Ховдын Ванчинхүү арслантай барилдаж дээ.

-Энэ хоёр чинь хоёул улсын арслан?

-Тэр үед Ванчинхүү гуай арслан болоогүй байсан юм билээ. Ванчинхүү арслан бол намхан жижигхэн одооны энэ Пүрэвсайханархуу маягийн бөх юм аа даа. Сэрвүү барилдвал эргүүлээд тойруулаад дүүгүүрдээд хаячихдаг учраас лав орж шуудагдаад наагаад авахаар амар гэж ярьдаг хүн байлаа. Тэгээд л Дамчаа гуайтай барилдаад үзүүр түрүүнд үлдэнгүүтээ шуудагдаад татчихсан чинь мөрнийх нь булчин Дамчаа гуайн хүйс орчимд нь таарч. Ухаан нь манай Оргилболдтой Пүрэвсайхан хав золгоод ингээд татчих юм бол бараг хүйснийх нь орчим хүрнэ дээ. Дамчаа гуай дээгүүр нь бөхийх маягтай, суучих гээд амаргүй байсан гэнэ. Энэ чинь Ванчинхүү гуайн яриа шүү дээ. Тэгээд л ганцхан эргээд тонгорох маягтай тонгойж л дээ. Тэгсэн чинь нүүрэн дундуур нь нэг улаан юм гялсхийж. Ванчинхүү гуай ч өвдөглөсөн юм шиг байгаа юм. “Би ойччихлоо” гээд тахимаа өгөх гэсэн чинь Дамчаа гуай “Юу ярьж байгаа юм, хүү минь. Чи дав, чи яв. Чи давсан” гэж. Тэгэхээр нь Ванчинхүү арслан “Үгүй ээ, та давсан, та яв” гэсэн чинь “Үгүй ээ чи давсан, чи яв” гээд л бие биенээ та давсан, та яв гээд байсан гэдэг. Одоо бол бушуухан ухасхийгээд дэвэх гэсэн маягтай байдал харагдаад байгаа шүү. Тэр бол бөхийн гайхалтай жудаг. Бөхчүүд бие биенээ ингэж сайхан хүндэлдэг байсан. Бөхчүүд давахын төлөө зүтгэдэггүй, би тэрнээс хэр илүү байна вэ гэдгээ л үздэг байсан юм билээ дээ. “Хэн сайн байна вэ” гэвэл “Тэр” гэж хэн нэгнийг хэлбэл “аа тэгвэл тэрийг надаас хэр байгааг үзье” гээд л амлаж аваад унавал унаж давбал давдаг байж.

-Наадмаар хүчит бөхчүүд зүлэг ногоон дэвжээнд дэвэн дэвсээр гарч ирэх эсвэл чөлөөт бөхийн ДАШТ-ийг зурагтаар шууд дамжуулахаар танд ямар сэтгэгдэл төрдөг вэ. Тэр торгон агшнуудыг хараад сэтгэл тань хөдлөөд залуу байсан бол дахиад ганц гарчихсан гэх бодол төрдөг байлгүй?

-Тэр чинь санаанд байлгүй яахав. Тэгэхдээ өөртөө хангалттай барилдсан болохоор “Залуу байсан бол үүнтэй ингээд барилдчих юмсан” гэж учиргүй их бодогдоод байхгүй. Зүгээр харин, голох явдал их. Ээ чааваас ийм мэхэнд унаад байхдаа яадаг байна, энэ мэхний хариултыг мэддэггүй юм байх даа. Ингэж хийхдээ яадаг байна, энэ мэхийг зөв сурчихад яадаг байна аа гэж их бухимддаг. Би сүүлдээ бөх үзэхдээ хойргодуу болсон. Бөхийн өргөөнд очоод сайхан бөх үзчихээд ирье гэхээр гарч ирээд автобусанд суухгүй, Хөдөө аж ахуйн яамны урдуур гараад Сүхбаатарын талбай дээгүүр алхана. Тэгж явахдаа өөрөө өөртэйгөө хэрэлдэнэ. “Үгүй ээ, тийм мэх мэдэхгүй байхдаа яадаг байна аа. Тиймхэн мэхэнд ойчоод байхдаа яадаг байна. Өчнөөн жил барилдаа биз дээ, энэ чинь одоо. Үгүй ээ” гэнэ.

-Ганцаараа л яриад яваад байх уу?

-Ганцаараа. Ганцаараа яриад сүүлдээ түүнээсээ ичээд тэгээд бөх үзэх нь ховордоод. Хүн чинь бөх үзээд сайхан баясаад ирдэг байтал. Бөхийг бага мэддэг хүн тэгж баясдаг юм байна шүү. Бөхийг бузгай мэдээд ирэхээрээ хийж байгаа мэх, барьж байгаа барьцыг нь чамлаад бухимдах маягтай болоод тэгээд бөх үзэхгүй маягтай болчихдог юм байна. Үзэхгүй, дургүй байна гэвэл амьтан улсууд намайг их л муу хэлэх байх. Наадам, янз бүрийн том барилдаан болохоор догдлох сэтгэл байгаа л даа. Зурагтаар бол орон гаран харна. Тэр хоёрын барилдааныг нэг харъя даа гэж оноож айхавтар үзэхээс биш нийтэд нь гөлрөөд үзэхээр алдаа гараад ирэхтэй зэрэг л бухимдаж эхэлнэ. Ганцаараа хэрэлдсээр гэртээ ирэхээр ач зээ нар “Өвөө та юу гэв ээ. Та ганцаараа яриад байгаа юм уу” гэхээр л болино. Түүнээс улсын их баяр наадам, цагаан сарын барилдаан болно. Том тэмцээнүүд, ДАШТ-үүд болно. Ингээд ирэхээр догдлоод нойргүй шахам босч ирээд үзнэ. Олимпийн наадмыг үзээд л сууж байхад хоёр бөх өрөхтэй нь зэрэг л “Өө ингэж өрж байгаа хүн яаж өөдтэй барилдах юм” гээд л ганцаараа яриад өөрөө өөртэйгөө хэрэлдээд эхэлнэ дээ. Ийм л юм болдог юм даа, голдуу.

-Чөлөөт бөхийн холбооныхоо үйл ажиллагаанд хэр оролцож байна вэ?

-Оролцдоггүй юм. Уул нь бөхийн холбооныхоо Тэргүүлэгч гишүүн байхдаа зарласан хурал болгонд л оролцдог байлаа. Тэрнээс хасагдсан байна лээ. Мэргэжлийн зөвлөл гэж ганц хоёр хуралдсан. Сүүлийнхэд нь оролцож чадаагүй.

-Цагаан сараар танайхаас спортынхны хөл тасардаггүй байх?

-Яах вэ ирнэ ээ, ирнэ. Шавь нар ирнэ. Бөхчүүд чинь цөөхөн хэдхэн хүндэлдэг ахмадуудынхаараа орохоос биш айл хэсээд байдаггүй улс.

-Нутаг руугаа хэр явж байна.

-Цагаан сараар явахгүй. Бидний очиж золгодог эгч, хүргэн ах маань энд хүрээд ирсэн, хотод өвөлжиж байгаа. Бид ч тэр болгон давхиж очоод золгоод байдаггүй байсан юм. Ажлын далимаар бол нутаг руугаа зөндөө явдаг юм.

Монголын хамгийн том баяр Цагаан сар маань болоход хэдхэн хоног үлдлээ. Энэ баяр бол урьд оноо, өвлөө өнтэй давж хойд жилийнхээ хавартай золгож байгаа хамгийн сайхан баяр. Тиймээс цагаан идээгээр ёсолж тэмдэглэдэг гэж үздэг юм билээ. Энэ утгаараа ч монголчууд цагаан сарыг ихэд бэлгэшээдэг. Бид мичин жилээ өнтэй сайхан давлаа, тахиа жилдээ урьд жилээсээ улам өндөр амжилт гаргаасай, улам их сайн сайхан амьдраасай. Бүгдээрээ өвчин зовлонгүй, эрүүл энх, байгаасай. Онд мэнд орж, дараа жилийнхээ өвөл хаврыг сайхан угтаж үр ач нартаа өгөөж хишиг, сургаал номоо хайрлаж урт удаан наслаарай гэж ерөөе. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *