Categories
мэдээ цаг-үе

Гомбын Золбоот: Үзэгчдийн сэтгэлд хадагдаж, бодолд уягдах дүрийг бүтээх нь л жүжигчин хүний туйлын хүслэн гэж боддог

“Дусал нулимс юу гэж хэлсэн бол”, “Үхэж үл болно Чингис хаан”, “Уулын хөх сүүдэр”, “Уулын төмөр”, “Тусгай салаа”, “Ми-15”, “Ээж” зэрэг тайз, дэлгэцийн олон арван дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээсэн жүжигчин Гомбын Золбоот Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм цолоор энгэрээ мялаажээ. Ингээд түүнтэй ярилцлаа.


-Та сар шинийн баярын өмнөхөн МУГЖ гэх эрхэм цолоор энгэрээ мялаажээ. Танд баяр хүргэе. Уншигчидтайгаа сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа та бүхэнд. Гал тахиа жилийн босгон дээр Монгол түмний уламжлалт их баяр Цагаан сарын өмнөхөн төрдөө үнсүүлж байгаадаа баяртай байна. Үнэхээр сайхан санагдаж байна. Энэ бол зөвхөн миний шагнал биш. Урлагт хөл тавьсан цагаас минь эхлээд өдийг хүртэл намайг дэмжиж байсан ард түмний минь шагнал шүү гэж хэлмээр байна. Олон ч хүн намайг гавьяат цол хүртээсэй гэж хүсэж байсан нь өнөөдөр биеллээ оллоо. Түмэн олондоо баярлалаа.

-Та тайз дэлгэцийн чамгүй уран бүтээлд дүрээ мөнхөлсөн. Ер нь нийт хичнээн дүр байгаа бол, багцаа тоо бий биз?

-Би багын л урлаг, уран сайханд дуртай хүүхэд байлаа. Тиймдээ ч 1985 онд Улсын багшийн дээд сургуульд орж жүжигчний мэргэжил эзэмшсэнээс хойш өнөөдрийг хүртэл 31 жил урлагт зүтгэсэн байна. Саяхан энэ хугацаанд юу хийж, бүтээсэн байна вэ гэдгээ тэмдэглэсэн зүйлүүдээсээ харж суулаа. Ямартай ч олон ангит болон нэг ангит кинонуудад бүтээсэн дүр 80 гаруй болсон байна. Харин миний хувьд 1989 онд дөнгөж сургууль төгсөөд л тэр үеийн Армийн драмын театрт орсноос хойш 21 жүжигт тоглосон байдаг юм. Хоёр мянган онд “Өнгөт инээд” хамтлагт орсон. Түүнээс хойш 50 гаруй жүжиг, шоунд оролцсон байна. Мөн телевиз болон радиогийн зохиомжит нэвтрүүлэг, богино хэмжээний бүтээл гэх зэргээр дүр бүтээж байсан юм. Тэр бүгдийг нарийвчлан гаргаагүй л байна. Ямартай ч өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр явсаар өдий хүрлээ. Хүсэл мөрөөдлөөрөө олж авсан уран бүтээлч хэмээх хүндтэй нэрийг үүрч яваадаа өөрийгөө азтайд тооцож явдаг юм даа.

-Таныг Төрийн соёрхолт Бавуугийн Лхагвасүрэнгийн жүжгээр урлагийн босго алхаж байсан гэж сонссон. Анхны уран бүтээл сэтгэлд тань тод үлдсэн байх. Тэр үеийн дурсамжаасаа хуучлахгүй юу?

-Багшийн дээдийн кино драмын ангийг төгсчихсөн шинэхэн “цэрэг” Армийн драмын театрт очиж байлаа. Манай ангийнхнаас Уухааны Батбаатар бид хоёр Армийн театрт урилгаар ирж байсан юм. Харин Энхтуул, Одончимэг хоёрыг маань Улсын хүүхэд, залуучуудын театр орж, Цоодол маань харин шууд телевизэд нэвтрүүлэгчээр орсон юм. Бусад нь бүгд орон нутаг руугаа хуваарилагдаад явцгаасан.

Би яалт ч үгүй Лхагваа ахын хоёр уран бүтээлээр урлагт хөл тавьсан азтай хүн. Үүндээ ч их бэлгэшээж явдаг юм. Тухайн үед намайг Армийн драмын театрт очиход Лхагваа ахын “Дутуу хээтэй тооно” жүжиг тоглогдож байсан юм. Би Гэндэн хэмээх хөгшний идэр насны дүрийг бүтээсэн. Анхны жүжигтээ тоглоод бөөн баяр болчихсон явж байтал удалгүй “Бүлээн нурам” кинонд дүр бүтээх болдог юм байна. Олдой гээд гаргүй баатрын дүрд тоглосон. “Бүлээн нурам” кино Ардын жүжигчин Дагийранз гуай, манай ангийн охин Энхтуул, мисс Бямбасүрэн, би тэгээд хоёр чоно, тас шувуу, асрамжийн газраас ирсэн нэг охин гээд л цомхон дүртэй байж билээ.

Өөрсдийн гэсэн театр байгуулна гээд орон сууцны суурийн давхрыг хүртэл ухаж явлаа. Ийм л сонин хувь тавилантай театр татан буугдсан учраас кино урлаг руу орсон. Надад Улсын драмын эрдмийн театраас санал ирдэг байсан л даа. Гэхдээ шууд оръё гэж төвдөлгүй явсаар одоо ч чөлөөт уран бүтээлчийн замаар эргэлт буцалтгүй орлоо.

– Та “Аянгын бороо” жүжигт тоглож “Шилдэг эрэгтэй” дүрийн шагнал хүртэж байсан. Жүжгийг хятад найруулагч ирж тавьж байсан гэдэг бил үү?

-Надад хамгийн анхны шагналыг минь авчирсан жүжиг бол Хятадын “Аянгын бороо” жүжиг байсан. Би Жоу Чун хэмээх 17 настай хүүгийн дүрийг бүтээсэн. Жоу Чуны дүр тухайн жилдээ надад “Шилдэг эрэгтэй” дүрийн шагналыг авчирч байсан сайхан дурсамж бий. Харин Ардын жүжигчин Гантөмөр гуай миний аавын дүрд тоглож байлаа. Өнөөх “шинэхэн цэрэг” Гантөмөр гуай, Равдан ах, Сүххуяг ах, Тунгалаг эгч гээд Монголын театрын домог болсон жүжигчидтэй хамт нэгэн тайзнаа гарсан. Эргээд бодоход их хувь заяа байж дээ гэж бодогддог юм. “Аянгын бороо” жүжгийг тавихад БНХАУ-аас 80 гаруй настай найруулагч ирж ажиллаж байлаа. Их туршлагатай хүн ирж билээ. Ямартай ч бидний хөдөлмөр талаар болоогүй юм даг.

-Нэг жилд арав гаруй кинонд тоглодог байсан гэдэг. Ингээд бодохоор ихэнх цагийг зураг авалттай өнгөрөөдөг байж ээ?

-Тийм шүү. Бүтэн долоон сар зураг авалттай байсан үе бий. Тийм л олон кинонд дараалан тоглодог байж дээ. Хамгийн удаан зураг авалтад орсон нь “Үхэж үл болно Чингис хаан” кинонд тоглосон нь байлаа. Энэ киноны зураг авалт бүтэн хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Зураг авалт эхлэхэд очоод хамгийн сүүлд нь натураас бууж байсан санагдаж байна. Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар ах Чингисийн дүрд тоглож, би Боорчийн дүрд тоглосон шүү дээ.

-Бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн сайн жүжигчин болохын тулд яах ёстой юм бол. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Уран бүтээлч, тэр дундаа жүжигчин хүн өөрт оноогдсон дүрийг хэр зэрэг урлаж чадна, тэр хэрээрээ л үзэгч түмэндээ үнэлэгдэнэ гэж боддог. Үзэгчдийн сэтгэлд хадагдаж, бодолд уягдах дүрийг бүтээх нь л жүжигчин хүний туйлын хүслэн юм даа. Тэгж чадваас тайз, дэлгэц, үзэгчдийн сэтгэлд мөнхлөгддөг жамтай. Үүний төлөө л урлагт хөл тавьж эхэлсэн цагаасаа явж байна. Өнөөдрийг хүртэл урлаг гэх их айлд л нэг мөр зүтгэж байгаа минь энэ хүслээ биелүүлэх гэсэн зүтгэл юм даа. Биднийг оюутан ахуйд мэргэжлийн багш нар маань “Чи жүжигчин болохоос тэнгэрийн од биш” гэж хэлдэг байлаа. Ухаандаа чи жүжигчин хүн болохоос жүжигчин болчлоо гээд од болчиж байгаа хэрэг биш шүү гэдгийг эртнээс ойлгуулж байж л дээ. Тиймдээ ч бид зөвхөн оногдсон дүрдээ л анхаарч сайн дүр бүтээн үзэгч түмэндээ хүргэх чинхүү хүсэлтэй явдаг. Миний хувьд үүнийг л залуу уран бүтээлчид минь ойлгоосой гэж боддог юм. Залуус маань хүсэл эрмэлзэлтэй, бүтээлч, холын бодолтой байгаасай гэж хүсдэг дээ.

-Та цэрэг, армийн сэдэвтэй кинонд нэлээд тоглож байгаа харагддаг…

-“Тусгай салаа”, “Нарны жим” зэрэг олон сайхан цэрэг, армийн сэдэвтэй кинонд тоглосон. Мөн бусад кинонд ч тэр цэргийн хүний дүр бүтээж байсан. Яагаад ч юм, надад их ойр санагддаг болохоор тоглохдоо ч дуртай шүү. Ер нь тэгээд бүтээсэн бүхий л дүр минь хөлс, хүч сэтгэл шингэсэн байдаг болохоор эргээд харахад сайхан байдаг юм даа.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хүн л дээ. Миний бага нас энэ л сайхан нутаг усанд өнгөрсөн. Би зуны дэлгэр цагт нутгаа зорьдог юм.

О.АРИУНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *