Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн энэ сарын 26-ны 09:00 цагаас гуравдугаар сарын 2-ны 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэх юм байна. Цагдаагийн алба хаагчид сар шинийн баярыг гэмт хэрэг зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр битүүний өдөр төв Гандантэгчинлэн хийд болон нийслэлийн хүрээний 41 хийд, дацангийн хурал, уншлагын үеэр нийтийн хэв журам сахиулах, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэн аж.
Энэхүү ажилд нэмэлтээр ХСИС-ийн сонсогчид, Олон нийтийн цагдаагийн ажилтнууд ажиллаж байна. Камерын болон биет эргүүлийн хяналттай байх бүх боломжийг судалж, хэрэг зөрчлөөс сэргийлэх боломжит бүх арга хэмжээг авах юм байна.
Иргэд шинийн нэгний өглөөний нар харах ёслолд ихээр хамрагдах болсон. Ийм газар 19 байдаг байна. Эдгээр газарт цагдаагийн алба хаагчид нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөн зохицуулах, түгжрэл бий болохоос сэргийлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөгөө гарган ажиллана.
Цагдаагийн газраас дараах зүйлсийг анхааруулж байна.
Шинийн нэгний өдөр хотын захын хорооллууд руу чиглэсэн хөдөлгөөний нягтрал бий болдог. Энэ үеэр тодорхой чиглэлийг нэг урсгалд оруулах, явуулын тэмдэг тэмдэглэгээ хийх зэргээр аль болох зохиомол түгжрэл бий болгохгүй байх зорилгоор зохицуулалт хийнэ. Ийм тохиолдолд иргэд маань Замын цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг хүсье. Түүнчлэн ахуйн ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулъя. Иргэд маань гэр орноо эзэнгүй орхиж явах тохиолдолд хөршдөө захих, хаалга, цонхны бэхэлгээгээ сайжруулж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэргээс өөрөөс шалтгаалах зүйлсээ хийх хэрэгтэй.