Татварын ерөнхий газар болон Сангийн яам хамтран өнөөдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн хугацаанд баримтаа бүртгүүлсэн 620 гаруй мянган иргэнд 35.5 тэрбум төгрөгийг буцаан олгохоор баталгаажсан байна. Үүнээс 484 мянган татвар төлөгч иргэнд 34.4 тэрбум төгрөгийг одоогийн байдлаар олгоод байгаа гэнэ. Харин хувийн мэдээлэл нь бүрэн бус 113 мянга, гүйлгээ буцсан 19 мянган иргэний мөнгийг хувийн мэдээллээ бүрэн залруулсны дараа олгоно гэж албаныхан мэдэгдлээ. НӨАТ-ын буцаан олголтоо авч чадаагүй иргэд өөрт хамгийн ойр татварын албанд хандах, татварын албаны 1800-1288 гэсэн тусгай дугаарт хандаж, хувийн мэдээллээ бүрдүүлэх. Мөн 131313 дугаарт хувийн мэдээллээ ирүүлсэн иргэд дахин энэ дугаарт мэдээллээ илгээхийг албаныхан хүслээ.
Зарим нэг үйлчилгээний байгууллага “Е баримт” олгохгүй байна, хойрго хандаж байна гэсэн шүүмжлэл дээрх байгууллагуудад ирсээр байгаа аж. Тиймээс гуравдугаар сараас эхлэн баримт олгохгүй байгаа болон кассын машинтай болов ч түүнийг ашигладаггүй, янз бүрийн шалтаг гарган, хууль дагаж мөрдөхгүй байгаа хувь хүн, албан байгууллагуудад хатуу шаардлага хүргүүлж, арга хэмжээ авах ба цаашлаад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгдлээ.
Мэдээллийн хурлын үеэр Татварын ерөнхий газран дарга Л.Зориг “Иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг томоохон зах худалдааны төвүүдэд баримт олгох кассын машин байрлуулах ажлыг нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэр үйлчилгээний газартай хамтран хэлэлцэж байгаа. Ингэхдээ аж ахуй нэгжүүдэд кассын машиныг хөнгөлөлттэй олгохоор ажиллаж байна. Энэ оны эхний хагаст томоохон зах, худалдааны төвүүдийг кассын машинжуулж дуусна” гэв.