Монголбанкнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ипотекийн зээл зогссон уу, асуудал цаашид хэрхэх вэ гэдэг олон нийтийн дунд байгаа асуултад хариулт өглөө.
Монголбанкны мэдээлж буйгаар ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд цаашид үргэлжлэхээр болж байгаа юм байна. ОУВС-тай хэлэлцээр хийх явцад Монгол Улсын зүгээс ОУВС-д ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай байна гэдэг саналыг тавьж, санхүүжилтийн хэмжээ болон зарчмыг тохирчээ. 2017 оны нийт санхүүжилтийн хэмжээг 300 орчим тэрбум төгрөг байхаар тогтсон байна. Төсвийн нэгдсэн байр суурийг хангах ёстой гэдэг зарчмын хүрээнд ипотекийн зээлээр баталгаажсан бондоор орж ирж байгаа үндсэн төлбөрийг Монголбанкнаас санхүүжүүлтэд ашиглах бөгөөд энэ нь 200 орчим байна гэсэн төсөөлөлтэй байгаа аж. Үлдсэн 111 тэрбум төгрөг улсын төсвөөс орж ирэх юм байна.
Улмаар 2018 оноос хойш ипотекийн зээлийн хөтөлбөр Засгийн газарт бүрэн шилжих ёстой гэсэн зарчмын байр сууринд хүрчээ. Ямар байдлаар энэ хөтөлбөр цаашид хэрэгжих, Засгийн газарт ямар байдлаар шилжүүлэх зэрэг асуудлууд одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.