Categories
мэдээ улс-төр

Стратегийн зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс, Япон Улсын ГХЯ-дын
ээлжит Стратегийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 21-нд Улаанбаатар хотноо
амжилттай болов. Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн
дарга Д.Даваасүрэн, японы талаас Гадаад хэргийн дэд сайд Т.Акиба нар
ахалж оролцов. Талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдалд
үнэлэлт дүгнэлт өгч, ойрын болон дунд хугацааны зорилтуудын талаар
дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, улс төрийн харилцаа, итгэлцэл
урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрснийг үнэлж, Эдийн засгийн
түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаныг харилцааны түүхэн амжилт болсныг
тэмдэглэв. Мөн улс орны дээд удирдлагын түвшинд бэхжсэн найрсаг,
итгэмжит харилцааг ажил хэргийн бүхий л түвшинд нэвтрүүлж ажиллах нь
цаашдын чухал зорилт болно гэдэгт санал нэгдэв.

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн
бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг
цаашид эдийн засгийн агуулгаар түлхүү баяжуулах, Эдийн засгийн
түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч
байгаагаа илэрхийлж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45
жилийн ой тохиож буй энэ онд Монгол, Японы харилцааг эрчимтэй хөгжүүлэх
эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол, Японы Стратегийн түншлэлийн шинэ
Дунд хугацааны хөтөлбөрийг ойрын үед байгуулах чиглэлд хоёр улсын ГХЯ
нягт хамтран ажиллахаар тогтов. Японы Гадаад хэргийн дэд сайд Т.Акиба
Монгол улс эдүгээ эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгааг
сайн ойлгож байна гээд ОУВС зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран
Монголын эдийн засгийн шинэчлэл өөрчлөлтийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Мөн Монгол, Японы харилцааг цаашид харилцан ашигтай байх зарчимд
тулгуурлан хөгжүүлэх нь жинхэнэ утгаар Стратегийн түнш болоход нэн чухал
гэдгийг онцлов.

Уулзалтаар талууд олон улс, бүс нутгийн
тавцанд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцож, олон улсын
байдал, харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов. Япон Улсын
Гадаад хэргийн дэд сайд Т.Акиба Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд,
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт тус тус бараалхлаа гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *