Categories
гадаад мэдээ

Ким Чен Нам-г хороох үеийн бичлэг дэлгэгдлээ

Куала-Лампурын нисэх онгоцны буудлын ажиглалтын камерт Ким Чен Намын үхэлд холбоотой байж болзошгүй эмэгтэйн бичлэг үлджээ. “The Star” сонинд “Бичлэгийг томруулбал дунд эргэм насны, ази царайтай эмэгтэй тод харагдана. Энэ эмэгтэй цагаан цамц, богино хөх банзал өмссөн бөгөөд мөрөндөө жижиг цүнх үүрсэн байсан” хэмээн бичжээ.

Цагдаагийн газрынхан нисэх онгоцны буудал дээрх аллагатай холбогдуулан мөрдлөг шалгалт явуулж, ажиглалтын бүх камерын бичлэгийг хянаж байна. Хэвлэлүүдэд бичиж буйгаар Ким Чен Намыг БНАСАУ-аас гаралтай байж болзошгүй хоёр эмэгтэй хордуулсан байх магадлалтай гэнэ.

Пхеньян, Куала-Лампур хооронд визгүй зорчдог аж.

КИМ ЧЕН НАМ
ГЭЖ ХЭН БЭ

Ким Чен Нам нь БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн ууган хүү. Түүний эх нь Хойд Солонгосын алдарт жүжигчин Сон Хе Рим юм.

Тэрээр 1971 оны тавдугаар сарын 10-нд Пхеньянд төрсөн. Хэвлэлүүдэд мэдээлснээр Ким Ир Сен хүү Ким Чен Ирийнхээ жүжигчин бүсгүйтэй холбогдсоныг хүлээн зөвшөөрдөггүй байсан болохоор Ким Чен Намыг төрсөн тухай мэдээллийг 1975 он хүртэл нуусан гэдэг. Гэвч удалгүй Ким Чен Ир, Сон Хе Рим нар салсан юм. Зарим баримтаас үзэхэд Сон Хе Рим 1980-аад оноос Москвад амьдарч, сэтгэцийн өвчнөө эмчлүүлсээр 2002 онд өөд болсон гэлцдэг.
Харин өнөөгийн БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нь Ким Чен Ирийн хоёр дахь эхнэр Ко Ён Хигээс төрсөн бөгөөд Ким Чен Намтай эцэг нэгтэй ахан дүүс юм. Ким Чен Ун, Ким Чен Нам нар Швейцарьт боловсрол эзэмшсэн.

2000-аад онд Ким Чен Ирийн биеийн байдал эрс муудах үед шинжээчид түүнийг ууган хүү Ким Чен Намдаа төрийн тэргүүний суудлаа шилжүүлэх байх гэж таамаглаж байлаа. Гэвч БНАСАУ-д удирдлагуудын дотор улс төрийн тэмцэл өрнөж, Ким Чен Нам эцгийнхээ суудлыг залгамжлах эрхгүй болсон юм. Магадгүй энэ нь 2001 оны зун болсон үйл явдалтай ч холбоотой байж мэднэ. Тухайн үед Ким Чен Нам эхнэр, хүүхэдтэйгээ Токиогийн нисэх онгоцны буудалд баригдсан билээ. Японы засаг захиргаа түүнийг Доминиканы хуурамч паспортоор хил нэвтрэхийг оролдсон хэргээр буруутгасан. Гэтэл тэрээр Токиогийн Диснейлэнд л орох зорилготой явсан гэжээ. Энэ явдлаас болж тэрээр Хятад руу нутаг заагдсан билээ.

Ким Жон Намыг хөнөөсөн дүрс бичлэг ил боллоо Зарим хэвлэлд түүнийг 2003 оноос Макао, Шанхайд амьдарч эхэлсэн гэж мэдээлдэг. 2012 онд Японы сэтгүүлч Ёжи Гоми Ким Чен Намтай 2004 оноос хойш захидлаар харьцсанаа ном болгон хэвлүүлсэн. Уг захидлууддаа Ким Чен Нам эцгийнхээ бодлогыг байнга шүүмжилж байжээ. Тухайлбал, тэрээр Пхеньяны дэглэм Солонгосын эдийн засгийг хэтэрхий их цагдан хорьсон гээд БНАСАУ-ын энэ байдал тун удахгүй засарна гэж бодож явдаг гэжээ.

2012 онд Британийн хэвлэлээр Ким Чен Намыг Макаогоос гарч, Сингапурт нүүж ирэх шаардлагатай болсон тухай мэдээлсэн. Учир нь тэрээр БНАСАУ-ын тусгай албаныхны халдлагаас эмээж байсан гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *