Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт эхэллээ

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт Шангри Ла зочид буудлын их танхимд эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран зохион байгуулж буй бизнес уулзалтын гол зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, Улаанбаатар хотын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцож байна.

НИТХ-ын дарга Ц.Сандуй бизнес уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн удирдлагууд хотыг зөв гольдролоор нь хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Энэхүү бодлогоо ажил хэрэг болгох үүднээс энэ оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, хотын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх чиглэлээр хоёр шинэ хууль, тэдгээрийг дагалдан 12 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиудын төслийг боловсруулаад байна.

Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон концесс, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 319,3 тэрбум, гадаадын зээл тусламжийн эх үүсвэрээр 359,8 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр улс, нийслэлийн 2017 оны төсөвт тусгагдсан. Төсөвт тусгагдсан бүх ажил, арга хэмжээний гүйцэтгэлийг цаг хугацаанд нь бүрэн хангахын зэрэгцээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх нь нэн чухал зорилтын нэг мөн. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хүч, анхаарлыг хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлд хандуулахад манай чуулга уулзалт ихээхэн ач холбогдолтой болно гэж бид найдаж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд бизнес уулзалтад хүрэлцэн ирсэн УИХ, Засгийн газрын гишүүд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад талархал илэрхийлээд “Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлин түншлэлийг хөгжүүлэх, хотын хөгжлийг түргэтгэх зорилгоор энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн уулзалтаас томоохон үр дүнг бид хүлээж байна. Нийслэлийн удирдлага, засаг захиргааны байгууллагын зүгээс бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэхээр шийвэрлэж байгаа. Бид хүнд сурталыг арилгаж, нээлттэй ил тод байдлыг эрхэмлэнэ. Энэ бол өнөөдөр ярих гол сэдэв. Мөн бизнес эрхлэгчид хариуцлагатай байж, хотын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлдэг байх боломжийг олгох талаар ярилцана” гэсэн юм.

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтын үеэр төр, хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн гадаад дотоодын төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх хаврын бүтээн байгуулалтын ажлаа нийслэлээс ил тод зарлаж, аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа уулзалтын үеэр танилцуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт энэ сарын 20-нд болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд санаачлагаар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран энэ сарын 20-ны өдөр “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү уулзалтын гол зорилго оршиж байгаа юм.

Бизнес уулзалтын талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. “Энэ жилийн хамгийн гол хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт дэд бүтцийн ажилруу чиглэнэ. Зам, гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн орон сууцны салбаруудруу дийлэнх хөрөнгө оруулалт, худалдан авалтын үйл ажилгаанууд зарлагдаж байгаа. Энэ салбаруудыг бид бизнесийн салбарынхандаа танилцуулах гэж байна. Нийт 65 худалдан авалтын 174 тэрбум төгрөгний худалдан авах ажиллагааг бизнесийн салбарт үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгж, иргэдэд зарлан танилцуулна. Мөн энэ удаагийн уулзалтын гол онцлог нь ААН-үүдийг алдаа гаргалгүй ажиллахад зөвлөн туслах, үнэн бодит зөв мэдээллээр хангах зорилго чиглэлтэйгээр зохион байгуулж байгаа. Улаанбаатар хотод бизнес эрхлэгчдээ дэмжиж, ямар зөв бодлого барих ёстой вэ гэдэг дээр харилцан ойлголцсон чухал уулзалт болно гэж үзэж байгаа” хэмээн Засаг даргын орлогч П.Баярхүү хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

Уулзалтад УИХ болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Гадаад, дотоодын төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх хаврын бүтээн байгуулалтын ажлаа нийслэлээс ил тод зарлаж, аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа танилцуулах аж.

Хаврын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхлэхээс өмнө бизнесийнхэн чуулж буй уг арга хэмжээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүд оролцох бүрэн боломжтой. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтыг TV5, UBS, BLOOMBERG телевиз болон Монголын үндэсний олон нийтийн телевизүүд шууд дамжуулан үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *