Өнөөдөр Сангийн яам, Монголбанк, ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Манай улсын Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн үр дүнгийн талаар энэ хэвлэлийн бага хурал дээр танилцуулсан юм.
ОУВС Монгол Улсыг “Extended facility fund” хөтөлбөрт хамруулж, 440 сая ам.долларын зээл өгөхөөр болсон байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ “Монгол Улсын Сангийн Яам, Монголбанк нь ОУВС-ийн төлөөлөгчидтэй хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрийг 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж ажиллалаа. ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг /Extended Fund Facility/ хэрэгжүүлэхээр тохирлоо. Энэ хөтөлбөр нь 3 жилийн хугацаатай. Энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд ОУВС болон олон улсын байгуулагууд, хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал төлбөрийн тэнцлийн зориулалтаар ашиглах тохиролцоонд хүрлээ” гэсэн юм.
ОУВС-тай энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр төсвийн сахилга бат сайжирч, төсвийн нэгдмэл байдлыг ханган, өрийн дарамтнаас гарч, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгон, бизнес хөгжих таатай орчин бүрдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Энэхүү мэдээллийн дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы дугаарт хүргэх болно.