Categories
мэдээ нийгэм

V сургууль замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан жишиг сургууль болно

Хүүхэд зам тээврийн осолд өртөхөд олон хүчин зүйл нөлөөлж байдаг бөгөөд үүний нэг нь сургууль орчмын аюулгүй байдал юм. Жилд 40-50 орчим хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна.

Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Зориг сангийн Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн оролцогч, Австралийн тэтгэлэгээр тус улсад суралцаж ирсэн төгсөгчидтэй хамтран хэрэгжүүлж буй “ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛГҮЙ СУРГУУЛЬ” бичил төсөл юм.

Уг төслийн нээлт өнөөдөр Чингэлтэй дүүргийн V дугаар сургуульд боллоо. Нээлтэнд Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын Хүний нөөц түншлэлийн менежер Л.Энхтүвшин, Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Сүхбат, 5 дугаар сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн, төслийн багийн гишүүд , холбогдох албан тушаалтан нар оролцлоо.

Төслийн хүрээнд зам тээврийн осол, хэрэг ихээр гарч болзошгүй, өндөр эрсдэлтэйд тооцогддог, Чингэлтэй дүүрэгт байрлах V дугаар сургуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жишиг танхим байгуулж, сургууль орчимд хоёр гэрлэн дохио, 62 метрийн урттай таван хурд сааруулагч, 34 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 600 орчим метр хайс байрлуулан, тус сургуулийн 6-14 насны 2300 орчим сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг системтэйгээр тогтмол явуулах юм.

“Зам тээврийн осолгүй сургууль” төсөл нь 5-р сарын 26-ны өдрийг хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжих юм. Төслийг бүрэн хэрэгжүүлэхэд нийт 78 сая төгрөгийн санхүүжилт зарцуулагдах юм байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад сургуулийн бүсийг аюулгүй болгон тохижуулах, хүүхдүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хичээл заах гэх мэт маш олон үр дүнтэй аргуудыг хэрэгжүүлдэг байна. Мөн төслийн хүрээнд Хурдаа Хас!ХҮҮХЭД facebook хуудсаар дамжуулан замын хөдөлгөөний ослоос бяцхан үрсээ хэрхэн хамгаалах, хөдөлгөөнд аюулгүй оролцох тухай зөвлөмжүүдийг иргэд, олон нийтэд хүргэхийг зорин ажиллаж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *