МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор, Хэл бичгийн ухааны доктор Г.Нандинбилигтэй ярилцлаа.
-МУИС-ийн эрдэмтэд “Цагаан сарын соёлын өөрчлөлт”-ийг судалсан юм байна. Яагаад цагаан сарыг онцлох болов?
-“Монголын цагаан сарын соёлын өөрчлөлтийн судалгаа” гэж бидний энэ бичил төслийг миний бие ахлаад, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн залуу багш Д.Нямдорж, Их Британи Америк судлалын тэнхимийн багш, доктор Д.Отгонтуяа нарын залуу эрдэмтэд нэг баг болж, магистрант, докторант шавь нараа татаж оролцуулаад ажиллаж байна.
Сэдвийг сонгосон тухайд бол нийгмийн хэрэгцээ шаардлагыг үндэслэсэн. Сүүлийн үед жил бүр л цагаан сар дөхөхөөр цагаан сар хийх үү, болих уу, цагаан сараар бэлэг өгөх үү, үгүй юү гээд л бөөн яриа өрнөдөг болсныг бид мэдэж байгаа. Нөгөө талаас даяаршлын эрин үед улс үндэстнүүд өөрсдийн үндэсний соёлоо яаравчлан судалж, соёлын тогтвортой хөгжлийн талаарх төрийн бодлогоо боловсруулж, үүнийгээ сургалтын хөтөлбөртөө тусган, хойч үеэ бэлтгэхэд анхаарч байна. Цагаан сарын соёлын жишээн дээр тулгуурлан монгол соёлд гарч буй эерэг сөрөг өөрчлөлтийг бодитой судлан тодорхойлж болно гэж үзээд энэ төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн юм.
-Судалгааны үр дүн та бүхний таамаглаж байснаар гарсан уу, ямар нэг гайхашруулсан юм байв уу?
-Судалгааны үр дүн бол Монголын цагаан сарын өнөөгийн байдлыг баримтжуулж үлдэх юм. Цаашилбал, цагаан сарыг биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх ажилд ч, хойч үеийнхний соёлын тогтвортой хөгжлийн боловсролд ч хувь нэмрээ оруулах юм. Соёлын өөрчлөлтийн судалгаа учраас тухайн соёлын өөр өөр цаг үеийг харьцуулах шаардлагатай. Бид цагаан сарын өнөөгийн төрх төлөвийг социализмын үеийн цагаан сарын төрх байдалтай харьцуулах нь оновчтой шийдэл гэж үзсэн. Нийгмийн сэтгүүл зүйгээс харахад хүмүүс “Цагаан сараар хүүхдэд хувь өгдөг байснаас өнөөгийн хотынхон шиг ингэж хавтгайрсан бэлэг тараадаггүй байсан” гэсэн хэлэлцүүлэгт хамгийн их төвлөрчээ. Тиймээс бэлэг, хувь гэдэг ойлголтыг эхний ээлжинд тодруулах шаардлагатай болсон. XII-XIII зууны бичмэл сурвалж болох Монголын нууц товчооноос шүүж үзтэл биднийг гайхашруулсан нэг зүйл нь цагаан сарын бэлэг байтугай, ерөөс “бэлэг” гэдэг үгийн хэрэглээ олдоогүй. Харин “хувь” гэдэг үгийн хэрэглээ л байсан.
-Цагаан сар нүсэр баяр гэдэг. Цагаан сарыг нэг их хүндрүүлэхгүйгээр тэмдэглэх боломж бидэнд бий юү?
-Цагаан сарыг нүсэр баяр гэж харж байгаа бол нүсэр болгож, хүндрүүлж байгаа хүмүүс нь энэ цаг үеийнхэн, бид юм. Нөгөө өнцгөөс нь харвал цагаан сар бол монголчуудын хамгийн их ач холбогдол өгч тэмдэглэх ёстой чухал төр ёс, ураг төрлийн баяр хэвээр байгааг харуулж байна. Гэхдээ MMCG судалгааны компаниас 2016 онд хийсэн асуулга судалгааны дүнгээс харахад хүмүүс цагаан сарын бэлэг, ууц шүүс гэсэн хоёр зүйлийг санхүүгийн дарамт болж байгаа хүчин зүйлс гэж үзэж байгаа нь харагдсан. Ер нь түүхэн бичвэрт тулгуурлан үзэхэд Чингис хаан ч цагаан сарыг хүндрүүлж тэмдэглэхийг таашааж байгаагүй юм билээ. Инжаннашийн “Хөх судар”-т тэмдэглэснээр Их Монгол Улсыг байгуулсны дараа жил буюу 1207 онд цагаан сарын шинийн нэгэнд Чингис хаан хулгана цагт дээшилж биеэ ариутган, шинэ хувцас өмсч, тэнгэр газарт ёсолж, өвгөдөд тайгаад Өэлүн ээждээ мөргөж золгосон гээд, Чингис хаан “Дээл ихэдвэл өмссөн хүний биед ачаа болно. Эмээл хүндэдвэл унасан морины нуруунд дараа болно. Эрхэм хэтэрвэл хүний сэтгэлд осолтой болно. Янз хэтэрвэл эл улсын доодост зүдгүүр болно” гэх зэргээр их ёслол хийхгүй байхыг сургаал болгосон гэж байдаг. Тэгэхээр энэ их ууц шүүс, бэлэг сэлт бол хожмын, магадгүй хүрээний баячуудын өрсөлдөөнөөс үүдэлтэй бололтой.
-Мэдээж цагаан сар хувьсаж өөрчлөгдсөөр ирсэн. Юуг алдаж, юуг бид авч үлдэж чадсан бол?
-Монголчууд эртний ан агнуурын үеэс уламжилсан “хувь сар”-ын ёс нь мал аж ахуйн соёлын ололтыг тэмдэглэх хаврын “цагаан сар”-ын ёслол болон хувирсан гэдгийг судлаачид тэмдэглэсэн байдаг. Тэр цагаас хойш цагаан сарын соёлд гарсан өөрчлөлт бүрийг бид он цагаар батлан тайлбарлах боломжгүй ч тус соёлын зарим өөрчлөлтийг, алдаа оноог батлан ярих боломжтой юм. Тухайлбал, бидний цагаан сарын бэлэг гээд байгаа энэ цогц ойлголт бол юуны өмнө ураг удмынхан, гэр угсааныхны доторх энэ жилийн олз олбороосоо үр хүүхэд, ахан дүүс, эцэг эхдээ “хувь хүртээж” буй уламжлалт ёс, үүний удаагаар худ ургийн юм уу, андын, төр шашны харилцаагаа баталж өгч авч байгаа “бэлэг солилцох” ёс, нутаг усны олон түмэн, орсон гарсан хэн бүхний алга тэнийлгэн “гар цайлгаж” байгаа монгол түмний ёс болж баяжин хөгжсөөр ирсэн байна.
Хамгийн гол ололт гэвэл монголчууд түүхийн эрт цагаас “хувь”, “бэлэг” өгөх соёлдоо “цагаан цайвар өнгө зүс”, “өсч үржих тоо”, “тэгш зөв дүрс хэлбэр” гэсэн бэлгэдлийн анхдагч шалгуурыг бүтээж, энэ соёлын ололтоо өнөөг хүртэл хадгалсаар ирсэн нь аман ба бичгийн сурвалжийн жишээгээр батлагдаж байна. Мөн хожим бэлэгний соёлдоо харь соёлын зүйлсийг оруулсан ч дээрх “өнгө, тоо, дүрсийн бэлгэдэл”-ийн язгуур шалгуураараа “эвлүүлж шахсан бяслаг”-“шахмал цай идээн”, “үстэй хөрстэй арьс”, “энтэй артай бөс торго”, “мөртэй захтай хувцас”, “өөдөө амсартай сав”, “хос юм” гэх мэт шинэ утгаар тэмдэг бэлгэдлээ баяжуулан хөгжүүлсээр ирсэн байдаг. Харин аж хэрэглээний нийгэмд шилжсэн хожмын жилүүдэд заримдаа хэрэглээний сонирхол, ашгийн сэтгэлгээ нь нөлөөлж, бэлэгний бэлгэдэл утгын тухайд олсон соёлын дэвшлийн өмнөх ололтоо бүх нийтээрээ биш гэхэд нийгмийн тодорхой хэсэгтээ алдаж байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна.
-Ингэхэд орчин үед ямар бэлэг зохистой гэж үзэж байна вэ?
-Социализмын сүүлийн жилүүд болон даяаршлын жилүүдээс л хамт олон, ангийн найз нөхөд, нам эвслийнхэн гээд шинэ тутам харилцаа холбоо өргөжихийн хэрээр золголт хавтгайрсан нь бэлэгний харилцааг төвөгтэй болгосон байж болох юм. Цагаан сарын гол үнэ цэнт чанар нь онд мэнд орж, учран золгож, ураг төрлөө мэдэлцэж, халуун дотно харилцаагаа бататгаж байгаа баяр гэдэг утгаараа ураг элгэний харилцаа, бие биеийнхээ халуун сэтгэлийг мэдрэх нь илүү чухал гэдгийг хаана хаанаа бодох хэрэгтэй юм болов уу. Хүмүүс сэтгэлээ илэрхийлж, өөрийн боломж бололцоогоороо бэлэг өгдөг. Бэлэг бол хүмүүсийн дотно харилцааг мэдрүүлж байгаа бэлгэдлийн зүйл болохоос цаад хүний эдийн засгийн хэрэгцээг хангахад чиглэсэн биш. Бэлэг гэдэг бол эдийн засгийн харилцаа биш, ёс зүйн харилцаа юм гэж бэлэгний соёлыг судалсан Францын эрдэмтэн Марсел Мосс бичсэн байдаг. Бэлэг дээр бэлгэдэл л ярина уу гэхээс хэрэгцээ яриад ирэхээрээ соёлын утгаа алдаж байдаг.
-Цагаан сарыг өөрөөр тэмдэглэх оролдлогуудыг зарим хүмүүс хийдэг. Зоогийн газарт ах дүү, хамаатан саднаараа цугладаг хэлбэр бас дэлгэрэх янзтай?
-Таны хэлснээр зоогийн газарт ах дүү хамаатан саднаараа цуглаад бэлгээ солилцоод, ахмадаа хүндлээд, гэр бүлийн шинэ гишүүдтэй танилцдаг хэлбэр бас нэлээд байна. Энэ бол цагаан сарын ёс заншил шинэчлэгдэж байгаа хэлбэр. Амжилттай зөв гэж би хэлэхгүй, бас буруу гэхгүй. Бид соёлын үзэгдлийг судалж байгаа судлаачид болохоос хүнийг шүүн буруутгах, уриалан дагуулах эрхгүй. Шалтгаан үндэслэлийг тайлбарлаж болно. Энэ тохиолдолд уламжлалт соёлд тухайн айлын ханат гэрийн хоймор, халуун гал голомт гэж үнэ цэнт ойлголт байдаг. Тийм ч учраас үр хүүхэд ахан дүүсээрээ гал голомтдоо цуглан, гэрийн жавраа үргээж шуугилдан байх нь сайн гэж үзэж байсан бол орчин үеийн хотын хүний үүднээс аваад үзвэл “Хэн ч халдашгүй цорын ганц цайз бол гэр орон” нь байдаг. Нөгөө талаас жижиг байранд олуулаа цуглаж багтахгүй ч байгаа юм бил үү, эсвэл цаг хэмнэж, тохиромжтой орчин, үйлчилгээг сонгож байгаа хэрэг байх л даа. Үүнийг хотжилтой холбоотой бий болсон соёлын ялгаа гэж ойлгохоос аргагүй.
-Цагаан сарын уламжлал, ёс заншил алдагдаж байгаад санаа зовдог хэсэг байдаг. Эсвэл цаг үеэ дагаад өөрчлөгдөж шинэчлэгдээд явах ёстой юу?
-Цагаан сарын уламжлал, ёс заншил алдагдаж байгаад нэг талаас сэтгэл зовох нь зөв ч миний бодлоор өөрчлөлтөөс айх хэрэггүй. Хэрвээ санаа зовж байвал өөрийн цаг үед хамгаалах зүйлээ хамгаалж, авч үлдэх зүйлээ авч үлдэхийг хичээх хэрэгтэй. Цагаан сарын соёл үеийн үед энэ л янзаар байгаагүй. Цаг цагт янз бүрийн жишиг гарч байсан. Социализмын үед ямархуу байсныг хүмүүс санаж л байгаа. Судалгааны баримт болгож, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс орон нутагт ажилласан хээрийн судалгааны тайлан хэрэглэгдэхүүнээс шүүж үзэхэд 1970-аад онд жараад настай байсан хөгшчүүлийн хууч ярианд “Цагаан сараар дээр үед хоёр, гурван жижиг таваг идээ л засдаг байв. Харин сүүлийн үед нэг том таваг, дагуулж жижиг таваг засах болоод байна. Махаар таваг засч байгаагүй. Цагаалгаар хүү нь эцэгтээ золгохдоо ууцтай ирдэг. Урьд хадаг, эсвэл цагаан бөс бариад золгодог, бэлэг сэлт гэж байгаагүй… Одоо цагаан сараар төвөөс улс ирэх болж, ууц толгой тавих болоод байна…Дээр үед цагаалахдаа хадаг өгч байсан, одоо төгрөг, алчуур өгч цагаалж байна…” гэхчилэн ярьсан байдаг. Гэтэл өнөөдөр айл бүр ууц тавьж, олон үе өндөр идээн засдаг болсон байна.
Цагаан сар гэдэг бол мал аж ахуйн соёлын код юм. Тэр ч утгаараа малын ууц шүүс, сүү цагаан идээгээ дээжлэн баярлаж ирсэн. Гэхдээ өнөөдөр амьдралын хэвшил өөрчлөгдөөд, хотын иргэдийн дунд цагаан, ногоон хоолтнууд цөөнгүй бий болсон ч тэд дан цагаан идээгээ юм уу эсвэл жимс ногоогоо засаад, цагаан сарын баяраа тэмдэглэж л байгаа. Соёлын гол утга нь мах, сүү идэхдээ биш, ахмад настнуудаа хүндлэн золгож, үр хүүхдээ хооронд нь танилцуулахад оршдог болохоор энэ соёлын амин сүнс болсон золгох ёсоо л гээчихгүй байвал, хуучин шинэ хосолсон үндэсний соёлын хэв маяг, хэмжүүр гараад л цаашаа хөгжөөд явна гэж найдаж байна.
-Цагаан сарын мэндчилгээнүүд хотондоо малгүй залуус, хүүхдүүдийн хувьд цээжлэхэд хэцүү үгс төдий болж үлдэх болов уу?
-Ирээдүйг би хэлж мэдэхгүй. Тийм муу цаг битгий ирээсэй гэж, монгол хүний амны хишгийг бэлгэдэж л Өндөр гэгээн хонины ууц таллаж суугаагаар хөргөө бүтээлгэсэн байдаг. Бид амны хишгээ бэлгэдэж ууцаа дээжлээд байгаа ард түмэн шүү дээ. Бидний авсан тандалт судалгаанаас харахад цагаан сарын мэндчилгээний үгс өөрчлөгдөж байна уу гэсэн асуултанд хамгийн бага өөрчлөлттэй гэсэн үр дүн гарсан. Гэхдээ энэ нь мэндчилгээний үг өөрчлөгдөөгүй, мартагдаагүй гэсэн үр дүнг харуулж байна уу, эсвэл хүмүүс мэндчилгээний үгийн хэрэглээнд бага санаа зовж байна гэсэн үр дүнг харуулж байна уу гэдэг асуудал байна. Мэндчилгээ бол харилцааны соёлын суурь ойлголт. Монголын цагаан сарын мэндчилгээ хүний мэндээр эхлээд малын мэндээр үргэлжилдэг тогтвортой бүтэцтэй. Хожим эрдэм ном, эд мөнгө сурсан агуулгаар баяжаад л явж байгаа. Эрхлэх аж ахуй өөрчлөгдөж байгаа ч хүмүүс ураг төрлийнхөн дотроо ахмадууд нь аль болох ёсоор нь бүрэн мэндчилээд байвал хойч үедээ үлгэр дуурайлтай, монгол мэндчилгээний бэлгэдэл нь уламжилсаар л байх болно.