Гадаад харилцааны яамнаас сар бүрийн уламжлалт “Мэдээллийн цаг” нээлттэй уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтын үеэр сэтгүүлчид гадаадын улс орнуудад монгол иргэдийн амь нас эрүүл мэндийг хохироосон дуулиан шуугиант хэргийн талаар тодруулан асуусан юм.
Энэ сарын 10-ны өдөр БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаа хоёр монгол иргэн архи ууж согтуурсны улмаас нэгийгээ хөнөөсөн хэрэг гарчээ.
Үүнийг зарим хэвлэл монгол залуу солонгос иргэнийг хөнөөсөн мэтээр ташаа мэдээлсэн гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд хэлэв.
Тэдгээр иргэд БНСУ-ын Ёндог гэх газарт хөдөлмөрийн гэрээгээр үйлдвэрт ажиллаж байжээ. Гэмт хэрэгтнийг хоёрдугаар сарын 11-ний өдөр баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Мөн Канадын Калгари хотод буудуулж нас барсан монгол залуу Б.И-гийн хэргийг тус улсын хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ. Хэрэгт холбогдуулан нэг сэжигтнийг баривчилсан бөгөөд уг хэргийг хар тамхитай холбоотой гэсэн мэдээллийг Канадын зүгээс өгчээ.
Энэ сард одоогийн байдлаар гаднын 10 улсад 13 монгол хүн таалал төгссөн бөгөөд нас барсан иргэдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөс цааргалж байгаагаа Я.Ариунболд захирал тодотголоо. Хүмүүнлэгийн үүднээс ийм бодлого баримталж буй аж.