“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор түрээсийн орон сууцны түрээсийн төлбөр м2 талбай тутамдаа хот, хөдөөд тус бүр 500 төгрөгөөр нэмжээ.
Тодруулбал, Барилга хот байгуулалтын сайдын тушаал гарч, төрийн болон орон нутгийн өмчийн энэ онд мөрдөх 1м2 талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6000, орон нутагт 4500 төгрөг байхаар тус, тус шинэчлэн тогтоосон байна. Өмнө нь 1м2 талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 5500, орон нутагт 4000 төгрөг байсан аж.
Түүнчлэн зорилтот бүлгийг түрээсийн байранд хамруулах квотыг тогтоож, нийслэлд залуу гэр бүл 20, төрийн албан хаагч 25, хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 20, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл тав, өндөр насны тэтгэврээ тогтоолгосон ахмад настан 15, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл тав, гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон таван иргэнийг тус бүр хамруулахаар болжээ.