БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Корпорейт зочид буудлын хурлын танхимд эхэллээ.
Зөвлөгөөнд Нийслэл болон аймгуудын БОАЖ-ын газар, Усны сав газар, тусгай хамгаалалттай газруудын удирдлага, ажилтнуудаас бүрдсэн 160 гаруй хүн оролцож байна. Жил бүрийн эхэнд уламжлал болон зохион байгуулдаг уг арга хэмжээ хоёр хоног үргэлжлэх бөгөөд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, ирэх жилүүдийн төлөвлөгөө, зорилт тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм.
БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол зөвлөлгөөний үеэр хэлэхдээ,“21 дүгээр зуун цэнхэр алтны төлөөх эрин юм. Монгол Улсын хэмжээнд усны нэгдсэн тооллогыг явуулахад зүүн бүсийн 200 гол, горхиос 120 нь хатаж ширгэсэн гэсэн судалгаа гарсан. Түүнчлэн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтээ хангалтгүй хийдэг. Зарим тохиолдолд огт хийхгүй хаяад явах тохиолдол бий. Тиймээс үүнийг байгаль орчны гэмт хэрэг гэж үзэн тус аж ахуйн нэгжид эрүүгийн хариуцлага тооцох эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлт хамгийн хурдацтай явж буй орнуудын тоонд манай улс багтаж байгаа нь харамсалтай” хэмээн онцлов.
БОАЖЯ-ны 2017 оны зорилт байгаль орчноо хамгаалахаас гадна, Улаанбаатар хот болон Хөвсгөл, Хэнтий аймгуудыг баруун, зүүн, төвийн бүсийн аялал жуулчлалын төв болгох, Буянт-Ухаа цогцолборыг хөгжүүлэхэд чиглэж буй аж. Тодруулбал Хэнтий аймагт БОАЖЯ-ны сайдын дэмжлэгээр “Чингис Брэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Тус ажлын хүрээнд Чингис хааны өлгий нутагт жуулчдад зориулсан түүхэн аяллыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хэнтий аймаг гадаад, дотоодын жуулчдын хандалтаараа улсдаа дээгүүрт ордог аж. Энэ үеэр “Өнгөрсөн жил 10 мянга гаруй жуулчин Чингис хааны өлгий нутгаар аялсан тооцоог Хэнтий аймгийн БОАЖГ-ын дарга Б.Мөнх-Эрдэнэ танилцуулсан юм.
Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш байгаль орчны салбарын эрх зүйн шинэтгэл, хөгжилд ахиц дэвшил гарч буйг албаныхан тодотгож байна. Тухайлбал Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар “Дэлхийн уур амьсгалын ногоон сан”-гаас буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл бүрджээ. Мөн ойрын хугацаанд “Казиногийн тухай”, “Хог хаягдлын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Агаарын тухай” зэрэг 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж буйг салбарын сайд дуулгалаа.
Зөвлөгөөн маргааш өндөрлөнө.