Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээвэл АН-ын удирдлага хариуцлага хүлээхгүй” гэв

АН-ын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурлын эхэнд тус намын долдугаар Их хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр “Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл маань дүрмийн болон үзэл баримтлалын эцсийн хэлэлцүүлгийг хийж, дараагийн Их хуралд танилцуулах үүрэгтэй байгуулагдсан. Дээр нь АН-ын Үндсэн дүрмийн хороо 15 хүний бүрэлдэхүүнтэй, Дотоодын сонгуулийн хороо 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ийм асуудлуудыг шийдсэн үр дүнтэйгээр АН-ын долдугаар Их хурал өндөрлөлөө.

Мөн дөнгөж сая АН-ын шинэ байрны нээлтийг хийлээ. Ардчиллын өргөө шинэ байранд намын төв байр байрлаж үйл ажиллагаа явуулна. Өчигдөр гарсан 01 тоот тушаалаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилсон. Ц.Туваан дарга өмнө нь Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Хүн амын хөгжил, нийгмийн бодлогын яамны харьяа Нийгмийн халамж, хамгааллын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан туршлагатай, улс төрд олон жил явж байгаа хүн” гэв.

С.Эрдэнэ дарга ерөнхий нарийн бичгийн даргын томилгооны талаар лавласан сэтгүүлчийн асуултанд хариулахдаа “Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох эрх нь Үндэсний бодлогын хороо буюу хуучнаар ҮЗХ-нд бий. Сая Их хурлаас намын даргад эрх олгосон тогтоол баталсан. Энэ тогтоолд Үндэсний бодлогын хороо шинээр бүрэлдэхүүнээ бүрдүүлэх хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох эрхийг намын даргад олгох тухай заасан. Энэ тогтоолын дагуу өчигдөр 01 тоот тушаал гаргаж, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон” гэв.

Түүнчлэн тус намын гишүүд Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт орох шаардлагатай гэж үзсэн учир Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөлийг байгуулж, энэ хэлэлцүүлгийг үргэлжлүүлж явуулахаар тогтсон гэлээ. Тавдугаар сард Үзэл баримтлал, үндсэн дүрмийн эцсийн найруулгыг батлах юм байна.

Мөн “Шонхор фракцийн хүн намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо” гэсэн асуултанд С.Эрдэнэ хариулахдаа “Ц.Туваан бид хоёрт Шонхор гэсэн нэг овог байхгүй. Би өнөөдрийн АН-ын дарга. Ц.Туваан бол МоАХ-ны угшилтай залуу хүн. Тиймээс Ц.Туваан бид хоёрыг Шонхор гэсэн овгоор хамтатгаж үзэх хэрэггүй. Ер нь монголчууд бүгдээрээ Шонхор овогтой. Хүннү гүрний эхнээс өгсүүлээд Эзэн богд Чингис хаанд хүртэл төрийн сүлд нь шонхор байсан. Одоо ч Монголын бахархалт шувуу шонхор хэвээр байна” гэлээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялагдвал та хариуцлага хүлээх үү?” гэсэн асуултанд дараах хариултыг өглөө.

Намын үндсэн дүрмийн хүрээнд тухай тухайн салбартаа сонгуулийн хариуцлагыг хүлээхээр тусгагдсан. Энэ дүрмээр явна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялахыг эрмэлзэнэ. Гэхдээ хэрвээ ялагдвал намын удирдлагууд хариуцлага хүлээхгүй” гэж АН-ын шинэ дарга хариуллаа.

Зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг хэрхэн тодруулах тухайд “АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хоёр үе шаттайгаар тодруулна” гэлээ. Эхлээд АН-ын бүх гишүүдийн дунд тавдугаар сарын 2-нд санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан хоёр хүний нэрийг тодруулах юм байна. Дараа нь Их хурлаараа хэлэлцүүлж, нууц санал хураалтаар шийдэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *