Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гаднаас эрсдэлтэй зээл авахаар ард түмнээсээ зээлсэн нь дээр

“Эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс гаргахыг “Өдрийн сонин” уриалж байна” хэмээх нийтлэлийг миний бие өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн дугаарт бичиж хэвлүүлсэн. Хуучин оны төгсгөл шинэ оны эхэнд бичсэн уг нийтлэл хэвлэгдсэн даруйд нийгмийг хөдөлгөөнд оруулж, чухам үүнийг л хүлээж байсан мэт ард түмний санал санаачилга тал бүрээсээ нэгдэж эхлэх нь тэр. Улс эх орондоо хүнд бэрх цагт нь эрвийх дэрвийхээрээ тус дэм болъё гэж олон түмэн уухайлан дэмжиж байна. Бүр сүүлдээ гавьяат эдийн засагч нэгэн хүн “Өдрийн сонин”-ы уриалгыг өөрөө бодож олсон мэтээр ярьж, олон нийтэд зарлан шуугиан дэгдээгээд авлаа. Эл бүхэн бол манай сонин нийгэмд хэрхэн нөлөөтэйг баталж, бид бүхний дэвшүүлсэн санаа оноо ард түмний дунд ямархан давалгаа үүсгэж болохын илэрхийлэл гэлтэй.

Монгол Улсын гавьяат багш, эрдэмтэн докторууд гээд нэр нөлөөтэй хүмүүс сонины редакцид ирж дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мөн нэр бүхий төрийн түшээд, бизнесмэнүүд болон албан байгууллагууд эх орондоо тусалж, туурга тусгаар улс орноо өрнөөс нь салгах аянд нэгдэж буйгаа илэрхийлээд байна. Нэг өдрийн цалингаас аваад нэг зуун сая төгрөг хүртэлх мөнгө өгөхөө амлаж буй хүмүүсийг анзаараад байхад бүгд л хандив гэж яриад байх юм. “Би эх орондоо төчнөөн сая төгрөг хандивлаж байна. Та бүхэн мөн хандив өргөнө үү” гээд уриалаад байгаа. Миний бие дээрх уриалга нийтлэлдээ эх орондоо хандив өргөх бус зээл өгье гэж маш тодорхой бичсэн. Энэ талаараа ч хэвлэл мэдээллээр хөндөж ярьсан нь бий.

Тухайлбал, “ТВ-9” телевизийн “Ярилцъя л даа” шууд нэвтрүүлэгт шинэ оны эхэнд орохдоо “Ард түмэн минь өөрт байгаа ямар л алт эрдэнэс, адуу мал, мөнгө болох юу л байна тэр бүгдээ төр засагтаа зээлье. Тэгж эх орноо өрнөөс нь салгахгүй бол Монгол Улс дампуурлын ирмэгт ирээд байна” гэдгийг онцолж хэлсэн.

Гэтэл “Өдрийн сонин”-ы уриалгын зорилгыг өөрчлөх, санаатай хийгээд санамсаргүйгээр мушгин гуйвуулах харалган бодол хэн нэгэнд байна. Ялангуяа төр засагт, Монголын Засгийн газарт байна уу даа гэх хардлага өөрийн эрхгүй төрөөд байгаа юм. Тиймдээ л зориудаар хандив гэх нэршлийг нийгэмд бий болгож, улсдаа тодорхой хэмжээний мөнгө төвлөрүүлж аваад түүнийгээ төсөл хөтөлбөр нэрээр өөрсдөдөө зарцуулах нь. Үндсэндээ ард түмнийхээ халуун сэтгэл, Монгол Улсаа өрнөөс салгах гэсэн бид бүхний санал санаачилга дээр төр засаг тоглолт хийж, тэс өөр зүйлд зарцуулах шинжтэй болоод явчихлаа.

Үүний нэгэн нотолгоо нь өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдааны тухай Ерөнхий сайдын мэдэгдэл юм. Тэрээр “Монголын төр, Засгийн газар хандивын мөнгөнөөс нэг ч төгрөг бондын өрөнд төлөхгүй” гэж мэдэгдээд “Бондын өр төлөх шийдлээ Засгийн газар олсон. Хугацаанд нь төлнө. Иргэдээс цугласан хандивыг эрүүл мэнд, боловсролын салбарт, нийслэлийн утааг бууруулах дэд бүтцийн шинэчлэл зэрэгт зарцуулна” хэмээн хэлсэн. Ингэж ард иргэдийн эх оронч эрмэлзэл, сэтгэл зүтгэлийг Монголын төр нухчин дарж, та бүхнийг улс орноо өрнөөс нь гаргахыг харъя л даа гэж бүр нэг даажигнасан байдалтай, зэвүү хүрмээр шийдвэр гаргачихав. Монголын ард түмэн нийслэлийн утааг бууруулахын тулд өөрт байгаа таван төгрөгөө төрдөө өгье гэсэн зорилго огтхон ч өвөрлөөгүй. Утаа гэдэг хэзээнээсээ үе үеийн дарга нар, нам эвслийнхний мөнгө угаадаг шалгарсан арга гэдгийг энэ он жилүүдэд бид эрх биш мэдэхтэйгээ болсон. Тэгэхээр энэ бол тэмээ гэхэд өөдөөс нь ямаа гэж хэлэн, хэргээр янзыг нь үзэн басамжилж байгаа явдал мөн.

Дампуурлын ирмэгт тулаад байгаа улс орноо аврахын тулд, дефолт зарлаж дэлхий нийтэд шившгээ дэлгэхээс нь урьтаж өрнөөс нь салгах гэсэн олон түмнээ Монголын төр, Монгол Улсын Засгийн газар ингэж доромжилж байгаа юм шиг доог тохуу хийж болохгүй ээ. Зээл гэдгийг хэргээр хандив болгож, хандивынх нь мөнгийг эмнэлэг, сургууль, цэцэрлэг барихад зарцуулан тендер, төсөл хөтөлбөр нэрээр өөрсдөө шамшигдуулж, эх орноо өрнөөс гаргах гэж эрвийх дэрвийхээрээ цуглуулсан иргэдийнхээ мөнгийг цусалж сууна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Нөхөд минь арай дэндэж байгаа юм биш үү. Монгол Улсын гадаад өр хэрээс хэтэрлээ. Улс орон минь удахгүй мөхөх гэж байна хэмээн бараг л хагас жил орчим тасралтгүй гасалж, гонгиносон Засгийн газрын тэргүүн гэв гэнэтхэн бондынхоо мөнгийг төр засаг өөрөө төлнө гэж шүдээ зуусан нь ямар учиртай юм бол.

Д.Мөнгөндалай нийтлэлчийн бичсэнчлэн (“Эх орондоо хайртай байх эсэхийг минь Ж.Эрдэнэбат мэддэг болсон юм уу” нийтлэл) “Ерөнхий сайдын албанд очсоноосоо хойш төлж дийлэхгүй хэмээн гонгиносон өрийг нь ард түмэн хормын дотор уухайлан төлчихвөл Эрдэнэбат ичгүүртэй байдалд орох нь гэж айсан”-аас зайлахгүй. Мөн сүйрч мөхөх гэж байгаа улс орноо бид л арайхийж өрнөөс нь аварлаа хэмээн ардын баатар болцгоож, жигтэйхэн сүрхий жүжиг тавих гэж байсан нь баригддагийн даваан дээр Засгийн газар маань ингэж бажига авчихав уу даа, хөөрхий. Тэгээд л засгийнхаа хуралдаанаар бушуу түргэн ярилцсан болоод сандарч тэвдсэн мэдэгдэл хийчих шиг боллоо.

Ард иргэд минь төр засагтаа хандив биш зээл өгье гэж бичсэн маань учиртай. Бидний уриалгыг дэмжих нэгэн байхад басхүү эсэргүүцэх нэгэн ч байна. “Улс орныг хувьдаа завшсан луйварчдад мөнгө өгөх хэрэг үү” гээд дайрч давшилж байгаа. Уг асуудалд хүн бүр ухаантай, уужуухан хандаж хэдхэн хоногийн дараахан буюу энэ гуравдугаар сард төлөх 580 сая ам.долларыг ард түмэн төр засагт зээлэхээс өөр гарцгүй болоод байгаа. Сү.Батболдын Засгийн газрын үед Хөгжлийн банкаар дамжуулж олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон бондын өрийг манайх төлж чадахгүй бол Монгол Улс дефолт буюу хүн төрөлхтний өмнө дампуурлаа зарлах гутамшигт байдалд хүрнэ.

Монголчууд бидэнд урд хөрш маань мөнгө зээлэхийг бараг шахаж шаардаж байгаа л даа. Хэрвээ Хятадын Засгийн газраас хүүгүй шахам өгөх гээд байгаа 4.2 тэрбум ам.долларыг хоёр хуваагаад зээлчихэж болно. Тэгээд өрөө төлчихөж болно. Гэвч энэ бол улс төрийн агуулгатай мөнгө. Алсдаа Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа ганхахад хүрэх аюултай. Тиймээс монголчууд бид өөрсдөө улс орныхоо эрдэнэсийн сан хөмрөгт бусад орны явж ирсэн жишгийн дагуу байгаа бүхнээ боломжийнхоо хэрээр зээлж байршуулахгүй бол гадны зээл эрсдэл, хор уршиг дагуулна. Тиймийн учир “Ард түмэн төлье гэж байхад төлүүлэхгүй байж Хятадаас зээл аваад үзээрэй” гэж “Өдрийн сонин” Монголын Засгийн газарт хатуу сануулж байгаа юм. “Хятад тэврэлт” гэж айхтар зүйлд атгуулчихаад дараа нь газар нутгаа өгөх, улмаар эрхшээлд нь орох аюулд хүрэх вий гэж сануулаад байгаа хэрэг.

Нэрэлхээд нэрээ идэхгүй, гэртээ хариад гэрээ идэхгүй. Ард түмнээсээ зээл. Ардчиллын буянаар монголчуудад хураасан, цааш нааш хийсэн мөнгө байгаа. Түүнийгээ засаг төрдөө зээлүүл. Наад зах нь үндэсний том компани, аж ахуйн нэгж, хөрөнгөтнүүд бүх татвараа түрүүлж өгөх хэрэгтэй байна. Оффшор бүсэд Монголын хөрөнгөтнүүдийн олон тэрбум төгрөг байршиж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр оффшорт болон хувийнхаа хадгаламжид байгаа мөнгөө зээлүүлэх нь чухал. Цаг сайхан болох үед төр засгаасаа буцаагаад авна биз. Хэн хэдэн төгрөг өгсөн гэдэг нь данс тооцоогоор тодорхой гараад ирнэ. Ийм л зарчмаар явж бид өрнөөсөө гарах учиртай. Гаднаас эрсдэлтэй зээл аваад баларч байгаа улс орны сургамж зөндөө байна. Мозамбик гэж Африкийн орон олон улсын хөрөнгийн зах зээлээс уул уурхайдаа түшиглэн улсын сандаа огт байхгүй мөнгийг, үндсэндээ ирээдүйд олно гэх баталгаатайгаар зээлснээр түүнийхээ өр төлөөсөнд өнөөдөр улс орон нь дампуурахад хүрч байна. Бүх мөнгөнийх нь гүйлгээг юань эзэлж, аргаа барсан ард түмэн заанаа хүртэл өгөөд байж байна. Монголд Мозамбикийн түүх давтагдахгүй гэх баталгаа алга.

“Хөгжил буурай орнуудыг эдийн засгийн талаар хараат байдалд оруулж колоничлох бодлого явуулдаг орнуудын нэг нь гарцаагүй Хятад. Одоогоор Хятадын эзэмшилд оччихоод байгаа Тажикстаны уулархаг муж нь вольфрамаас аваад газрын ховор элементийн ашигт малтмалаар асар их баялагтай бүс нутаг. Хятадууд тэнд олноор суурьшиж, Тажикстаныг ханьжуулах (хан үндэстний нөлөөлөл) бодлого явуулж, орон нутгийн оршин суугчдыг өөрийн улсад байршуулж байна. Хятадууд тажикуудын оршин суугаа дүүргээ “Халтар тосгон” гэж нэрлэдэг. Хятадаас авсан хоёрхон миллярд зээлийн өр ийм л үр хөврөлийг энэ улсад авчирчээ. Тажикстаны эдийн засгийн 60 хувийг Хятад дангаар хянаж байна” гэж эдийн засагч, социологич Н.Цэрэнхүү хэлж байна. МөнТуркмен улс Хятадаас авсан зээлийнхээ өрөнд газар нутгаа өгсөн гашуун түүхийг бид мэднэ. Тажикстан, Узбекстан, Туркмен орнуудад Хятад улс 80 гаруй том төслийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлдэг. Эдийн засгийн хувьд Хятадын хараат болоод буй эдгээр улс орнуудын Оростой харилцах харилцаа сүүлийн жилүүдэд суларсныг Хятад гүрэн ийн ашигласан гэдгийг судлаачид хэлдэг. Гаднаас авсан зээл ийм аюул дагуулдаг.

Ийм эрсдэлтэй зээл гаднаас аваад тэвдэж, сандарч, шаналж суухын оронд ард түмнээсээ зээлсэн нь хамаагүй дээр. Энэ зарчим манай өнөөгийн нөхцөлд маш хэрэгтэй байгаа. Учир нь ард түмэн төр засгаа хянах боломж нь нээгдээд ирнэ. Мөнгөө зээлүүлсэн хүмүүс урьд өмнөхөөсөө илүүтэйгээр санаа тавьж, хариуцлага нэхнэ. Төр засаг тэр хэмжээгээр алдаа гаргахгүйг хичээж туйлын хянамгай ажиллах нь мэдээж. Тендер, төсөл хөтөлбөр нэрээр ард түмний татварын мөнгийг идэж, өөрсдийгөө санхүүжүүлэхээ зогсооно.

Өнөөдөр төр засаг, ард түмэн хоёрын харилцаа ямар байгаа билээ. Төр гэж тусдаа вант улс шиг аашилдаг. Ард түмэн нь төрөө харааж зүхэхээс өөрийг мэдэхээ байсан. Ямар ч хүнтэй уулзахад “Монголын 76 луйварчин” гээд зүхээд эхэлдэг. Ард түмэн төрдөө итгэл үзүүлж мөнгөө зээлэх нь төр ард түмний хоорондох хонгил үгүй болохын баталгаа юм. Ингэж Монгол Улс ард түмнийхээ хүчинд өрнөөсөө гарч, ард түмэндээ эргүүлж өрөө төлөхөөр шамдаж ажиллана. Монгол Улсын хөгжил дэвшлийн шинэ түүх ингэж эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *