Categories
мэдээ спорт

“Аз жаргалтай Улаанбаатар” нөхөрсөг тэмцээн болж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Монгол Улс дахь дипломат корпусын хамт олонтой хамтран зохион байгуулж буй “Аз жаргалтай Улаанбаатар” сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн өнөөдөр НЗДТГ-ын спорт зааланд эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож нийт баг тамирчдад баяр хүргэж амжилт хүсэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлын зарчимд тулгуурлан нийслэл Улаанбаатар хот гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн бөгөөд өнөөдөр дэлхийн 40 гаруй хоттой Ах дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж байна. Нийслэл хотын гадаад харилцааг өргөжүүлэхэд гол гүүр нь болж, бидэнтэй хамтран ажилладаг ГХЯ, дипломат корпусын хамт олон та бүхэнд талархсанаа илэрхийлье. Нийслэлийн удирдлагуудын санаачилгаар та бүхэнтэй анх удаа албан бус нөхөрсөг хэлбэрээр Сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж байгаа нь иргэд хоорондын нөхөрлөл, харилцан ойлголцол, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм. Цаашид бид Улаанбаатар хотыг дэлхийн хот болгохын төлөө та бүхэнтэй хамтран ажиллаж олон арга хэмжээг зохион байгуулах болно” гэлээ.

Нөхөрсөг тэмцээнд ХБНГУ, Япон, АНУ, БНХАУ, Австрали зэрэг найман улсын дипломат консулын газар, Гадаад хэргийн яам, НИТХ-ын ажлын алба, НЗДТГ гэсэн нийт 10 байгууллагын эрэгтэй 11, эмэгтэй зургаан баг өрсөлдөж байна. Тэмцээний аваргууд өнөөдөр тодорно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *