Categories
мэдээ цаг-үе

Ц.Баасандорж: Л.Гансүхийг хүн алсан, хүүхэд хүчирхийлсэн хүнээс дор үзэж, эрхийг нь ноцтой зөрчиж байна

-“ЧАМААС СҮҮЛИЙН УДАА ГУЙЖ БАЙНА. МИНИЙ АСУУДЛЫГ УЕПГ-Т ГОМДОЛ ГАРГАЖ ӨГӨӨЧ ЭЭ. УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР НАМАЙГ ХОРИОД БАЙНА” ГЭЖ ГАНСҮХ НАДААС ГУЙСАН-

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс онц их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр хорих ял оноосон. Улсын дээд шүүхээс 3.6 жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Тэгвэл Л.Гансүхийн магадлангаар суллагдах хугацаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дууссан байна. Хүндэвтэр ялтай хүн хоригдох хугацаандаа элдэв зөрчил гаргалгүй, учруулсан хохирлоо барагдуулж, оноосон ялын хоёрны нэгийг биечлэн эдэлсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө суллагдах эрх хуулиар нээгддэг юм байна. Гэвч гурван сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа гэнэ.

Л.ГАНСҮХ: ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛОХ ГЭЖ ЯАРААГҮЙ. ХОРТ ХАВДАРТАЙ ҮЛДСЭН ЭХНЭРЭЭ ЭМЧЛҮҮЛЖ, АСАРЧ СУВИЛАХ ЮМСАН ГЭЖ ӨДӨР ХОНОГИЙГ ТООЛЖ СУУНА

Л.Гансүх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нарт захидал илгээсэн билээ. Л.Гансүх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд зохион байгуулсан гэр хорооллын иргэдийг хямд, шигшсэн нүүрсээр хангах ажлын зохицуулагчаар ажилласан надад зориудаар зохион байгуулсан хилс хэрэг үүсгэн хэлмэгдүүлснийг Монголын ард түмэн таван өдрийн турш телевизээр харсан. Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн биеэр эдлэх ялын холбогдох хугацааг дуусгасан, өр төлбөргүй, хэрэг зөрчил ял эдлэх хугацаандаа гаргаагүй учраас хуулийн дагуу хорих ангиас Төв аймгийн прокурор руу 2016 оны арванхоёрдугаар сар, 2017 оны нэгдүгээр сард нийт хоёр удаа материал явуулсан боловч прокурор миний материалыг шүүх рүү явуулалгүй тухай бүр хорих анги руу буцаан намайг үндэслэлгүй хорьж байна. Статистик дурдвал Төв аймгийн шүүхээс 2016 онд 185 хүнийг тэр дундаа миний хоригдож буй ангиас 41 хүнийг энэ хуулиар тэнсэн харгалзаж сулласан байна. Энэ ангид хоригдож байсан УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг энэ хуулиар хорих ангиас хүсэлт нь очиход прокурор дээр нэг хоногийн дотор шүүх дээр таван хоногийн дотор шийдэн сулласан байдаг. Гэтэл хамгийн сүүлд 2017 оны нэгдүгээр сард энэ хорих ангиас долоон хүн прокурор руу очиход зургааг нь цааш нь шүүх рүү явуулаад ганцхан намайг буцааж надад үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг минь эдлүүлэхгүй хоёр сар боллоо. Хэрэг хийгээгүй байж танай хуулийн мафийн өгсөн ялыг эдэлж суухдаа өөрөө эрх чөлөөтэй болохдоо яарсан биш хорт хавдартай үлдсэн эхнэрээ хурдан гарч эмчлүүлж асарч сувилах юмсан гэж өдөр хоногийг тоолж суулаа. Үүний тулд шүүхээс оноосон Багануурын уурхайд учруулсан “хохирол” гэгч олон зуун сая төгрөгийг байраа барьцаалан зээл авах, найз нөхдөөсөө тусламж, хандив авах замаар төлж барагдуулсан. Мөн хоригдох хугацаандаа элдэв зөрчил гаргаагүй. Миний үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхийг хүсье. Цаашид ийм байдлаар намайг магадланд оруулахгүй үндэслэлгүйгээр хориод байвал өлсгөлөн зарлаж тэмцэхээ мэдэгдэж байна. Өөрөө шоронд юу ч хийж чадахгүй байж байгаад эхнэрээ алдсанд орвол энэ шударга бус зүйлсийг чинь засахын төлөө бидний амь хэрэгтэй бол ав гэж хэлье” гэх утга бүхий захидал илгээсэн байна.

Л.ГАНСҮХИЙН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙСАН Э.АМАРБАТ ПРОКУРОРЫН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ХЭЛТСИЙН ДАРГА БОЛЖЭЭ

Л.Гансүхийн хувьд гарах магадлангаар ороод суллагдах болзлоо хангачихсан гэнэ. Хохирлоо төлж барагдуулсан. Хоригдож байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчилгүй, хорих ангидаа ажил хийж, сайн хүмүүжиж байгаа аж. Мөн ялынхаа тодорхой хувийг эдэлчихсэн байна. Дээрх гурван шаардлагыг биелүүлсэн ямар ч хүнийг хорих анги тодорхойлолт хийгээд прокурорт шилжүүлдэг. Прокурор түүнийг нь харьяа дүүргийн шүүхэд шилжүүлдэг байна. Шүүх тухайн хүний материалтай танилцаад шийдвэр гаргадаг байна. Төв аймгийн Мөнгөнморьт суманд байх ШШГЕГ-ын харьяа 406 дугаар хорих ангийн захирагч хоёр ч удаа Л.Гансүхийн магадланд орох материалыг Төв аймгийн прокурорт өгчээ. Гэвч Төв аймгийн прокурор Л.Гансүхийг магадлангаар суллах боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа аж. Үүнийг зарим эх сурвалж улс төрийн ямар нэгэн эрх ашиг үйлчилж байна хэмээн үзэж байгаа юм. Учир нь “Нүүрс” хөтөлбөрийн хэргийг шалгах үед АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Амарбат өдгөө прокурорт ажиллаж байгаа билээ. Тэрбээр “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэргийг шалгах хугацаандаа хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийж байсан юм. Мөн өдгөө УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, ял эдэлж байгаа хүмүүсийг магадланд оруулж суллах ажиллагаа хариуцаж байгаа юм байна. Э.Амарбат Л.Гансүхийг Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл шоронд байлгах сонирхол байж болзошгүй хэмээн үзэж байгаагаа онцолж байсан юм.

“ШОРОНД ХИЛСЭЭР ХОРИГДОЖ БАЙГААД ГАНЦААРАА ҮЛДСЭНЭЭС ҮХСЭН Ч ХАМААГҮЙ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА. ЭХНЭРИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙНА ШҮҮ ДЭЭ ГЭЖ ХЭЛСЭН” ГЭВ

Өчигдөр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж Төв аймгийн прокурор хууль зөрчиж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?


-Л.Гансүхийг төв аймгийн прокурорын газраас магадлангаар суллахгүй байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байгаа юм билээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Улсын дээд шүүхийн 77 дугаартай тогтоолоор Төв аймгийн Мөнгөнморьт суманд байрлах ШШГЕГ-ын харьяа Хорих 417 дугаар ангид ял эдэлж байгаа Лүймэд овогтой Гансүхийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Улсын дээд шүүхийн 77 тоот тогтоолоор миний үйлчлүүлэгч Л.Гансүхэд 3.6 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Л.Гансүх нь нэг жил арван сар 15 хоногийн ял эдэлж, 1.6 сар хорих ял үлдсэн байна. Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг шүүх ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж болно”, 74.3.1-т “…хүндэвтэр гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн тохиолдолд энэ хуулийн 74.1, 74.2-т заасан журмыг хэрэглэнэ”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу ялтан оногдуулсан хорих ялын тодорхой хувийг эдэлсэн, засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол түүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах саналыг хорих ангийн дарга прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Л.Гансүх хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялынхаа хоёрны нэгээс дээш хувийг эдэлсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг бүрэн арилгасан бөгөөд засарч хүмүүжсэнийг хорих анги тодорхойлон Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хугацаанаас өмнө тэнсэн суллуулах саналыг хорих ангийн дарга Төв аймгийн Прокурорын газарт ирүүлсэн. Төв аймгийн Прокурорын газар нь ямар ч шалтгаангүйгээр удаа дараа хорих ангийн даргын саналыг үндэслэлгүйгээр буцааж байгаад гомдолтой байна. Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хугацаанаас өмнө тэнсэн суллах нь Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүрэн эрхийн асуудал. Гэтэл Төв аймгийн Прокурорын газар нь суллах эсэх асуудлыг шийдвэрлэж, үндэслэлгүйгээр материалыг буцааж байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрхийг ноцтойгоор хохироож, Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Хуулийн 126 дугаар зүйлийг зөрчиж, шүүхийн бүрэн эрхэд халдаж байна.

-Л.Гансүхийг магадланд оруулахгүй байгаа мөртлөө хүний аминд хүрсэн, бага насны хүүхэд хүчирхийлсэн хоригдлуудыг магадлангаар сулласан гэх мэдээлэл байна лээ?

-2016 онд Төв аймгийн шүүхээр нийт 185 хүнийг сулласан. Мөнгөнморьтод суманд байрлах Л.Гансүхийн хоригдож байгаа хорих ангиас 41 хүнийг сулласан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хорих ангиас нь магадлан суллуулахаар ирэхэд Төв аймгийн прокурорт үндэслэлгүйгээр буцаасан байдаг. Арванхоёрдугаар сард долоон хүний материалыг ирүүлэхэд зургаан хүний материалыг шүүх рүү явуулаад тэр дундаас ганцхан Л.Гансүх гэдэг хүний материалыг хорих руу нь эргүүлэн буцаасан байдаг. Шүүх рүү явуулсан хэрэг дотор хүн амины гэмт хэрэгтэй хоёр хүн, бага насны хүүхэд хүчиндсэн нэг хүн байсан. Гэтэл Л.Гансүхийн тухайд дээрх хүмүүсээс өөрөөр авч үзээд байгааг ойлгохгүй байна. Одоо гурав дахь удаагаа материал нь ирж байна. Прокурорын байгууллагад хүнийг суллах, суллахгүй байх, магадланд оруулахгүй байх эрх хэмжээ байхгүй. Прокурорын байгууллага зөвхөн хорих ангиас ирсэн материалыг шүүх рүү дамжуулах үүрэгтэй. Хүнийг магадлангаар суллах эрх хэмжээ зөвхөн шүүхэд байдаг. Гэтэл Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж Л.Гансүх гэдэг хүнийг бусад хүн амины гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэд хүчиндсэн зэрэг ялтнуудаас ялгаварлан гадуурхаж байна. Өмнө нь хэзээ ч ийм үйл явдал болж байгаагүй. Ганцхан Л.Гансүх гэдэг хүнийг хуулийн ялгаварлан гадуурхалд байлгаж, энэ хүнд зориулж прокурорын байгууллага хууль бус жишиг бий болгож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гээд заачихсан байдаг. Гэтэл Л.Гансүхийг бусад хоригдлуудаас өөрөөр авч үзэж ялгаварлан гадуурхаж байна. Энэ өөрөө хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудал гэдгийг онцолж хэлмээр байна.

-Хамгийн сүүлд хэзээ Л.Гансүхтэй уулзсан бэ. Эхнэрийнх нь биеийн байдал хүнд байгаа гэсэн. Мөн өөрөө өлсгөлөн зарлана гэж мэдэгдсэн байна лээ?

-Өнгөрсөн нэгдүгээр сард очиж уулзсан. Биеийн байдал нь нэлээд тааруу байна лээ. Надад хууль бусаар, хилсээр өгсөн ялыг ямар ч байсан даван туулаад эхнэрээ эмчилье гэсэн бодолтойгоор амьдарч байсан. Эхнэр маань надтай хамт ял эдэлсэн. Надаас ч илүү ял эдэлсэн байх. Сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалтай байгаа. Одоо хорт хавдартай. Хорт хавдар нь эцсийн шатандаа орчихсон хүнд байдалтай байна. Хорих ангиас тодорхойлоод явуулсан. Прокуророос буцаагаад байна. Магадлангаар орох материал нь явсан бүх хүн гараад явж байна. Эхнэрээ маш хурдан эмчлүүлмээр байна гэж хэлсэн. Мөн өмгөөлөгч надаас гуйсан. “Чамаас сүүлийн удаа гуйж байна. Миний асуудлыг УЕПГ-т гомдол гаргаж өгөөч ээ. Монголын ард түмнээс тусламж хүсч байна. Энэ байдлаас харахад намайг мөд гаргахгүй юм шиг байна. Улс төрийн зорилгоор хорид байх зорилго их байх шиг байна. Тиймээс эцсийн байдлаар тус болж өг” гэж гуйсан. Миний хувьд прокуроын байгууллагыг нэг сарын турш хуулийн дагуу ажиллах байх гэж харсан. Арванхоёрдугаар сард Төв аймгийн прокурорт гомдол гаргасан. Гэвч үндэслэлгүй буцаасан. Мөн шүүхэд гомдол гаргасан. Шүүх прокуророос материал ирж байж бид шийдэх боломжтой гэсэн хариу өгсөн. Л.Гансүх гэдэг хүнийг ямар нөхцөл байдлаар буруутган гэмт хэрэгтэн болгосон бэ гэдгийг Монголын ард түмэн харсан. Үнийн зөрүү гэж огт байхгүй зүйлээр ял авсан. Эхнэрийнх нь биеийн байдал маш хүнд байгаа. Л.Гансүх “Өөрөө шоронд хилсээр хоригдож байгаад ганцаараа үлдсэнээс үхсэн ч хамаагүй өлсгөлөн зарлана. Эхнэрийн биеийн байдал хүнд байна шүү дээ” гэж хэлж байна лээ гэв.

Л.Гансүхийг ямар шалтгаанаар магадланд оруулахгүй байгаа талаар УЕПГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээс тодруулсан боловч энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *