Categories
мэдээ цаг-үе

С.Батболд: Улаанбаатар хотоо цэгцэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдтой ярилцлаа.


-Нийслэлд хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо. Хотод 300 гаруй төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. гол, гол ажлуудаасаа сонирхуулахгүй юу?

-Хотын Засаг даргын хувьд тухайн жилд нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ НИТХ-аар баталдаг. Энэ үндсэн чиглэлд 300 гаруй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Тэгэхээр 2017 он гэдэг бол дөрвөн жилд хотын даргын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн эхний хариуцлагатай жил юм. Тиймээс энэ эхнийхээ жилд мөрийн хөтөлбөрөө эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Нөгөө талаас төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй жил болж байна. Хотын даргын хувьд бага зардлаар бүх ажлаа хийнэ. Тиймээс төсвийн болон зээл тусламж гээд бүх эх үүсвэрийг дайчилж, нэг төгрөгийг ч үр дүнтэй зарцуулах зорилт тавьж эхлээд байна. Мэдээж хотын дэд бүтэц, нийтийн аж ахуй гэдэг гол ажил байдаг. Үүнийг эдийн засаг хямралтай байна гээд хойшлуулах ямар ч бололцоо байхгүй. Энэ рүү чиглэсэн ажлуудаа эхлүүлэх бөгөөд гадны санхүүгийн байгууллагын зээлийн хөрөнгөөр хийж байгаа. Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах төслийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хийх юм. Баянхошуу болон Сэлбэ хэсгийг төвийн дэд бүтцийн системд холбох ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ. Үүнд Монголын талаас гарах 30 гаруй тэрбум төгрөгийг заавал шийдэж, төлөвлөсөн ажлаа энэ жилдээ багтаана. Энэ нь өөрөө хотыг олон төвтэй болгох, дэд бүтцийг тэлэхэд маш чухал төсөл. Дээр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төслүүд байгаа. Тухайлбал, хотын төв дулааны магистралыг шинэчлэх төслүүд байна. Бас хотын хөрөнгө оруулалтаар салбар шугамуудаа шинэчлэх ажлуудыг зайлшгүй хийх ёстой. Мөн хотын хувьд автозамын асуудал чухлаар тавигддаг. Нийслэлийн автозамын санд хуримтлагддаг 30 гаруй тэрбум төгрөгөөр автозамын засварын ажлуудаа гүйцэтгэнэ. Нэг явган хүний гүүрэн гарцыг Сансарын тойрогт хийнэ. Дарь-Эхийн гэр хорооллыг Дэнжийн мянга, Хайлаастын чиглэлтэй холбодог Сэлбийн голд барих гүүрийн ажлыг энэ жил барихаар төлөвлөж байгаа. Улаанбаатар хотод 2-3 уулзварыг шинэчлэх, нийтдээ 30 гаруй км зам засварын ажлуудыг энэ жил хийнэ. Үндсэн чиглэлд бас нэг тусгагдсан асуудал бол Улаанбаатар хотын Туул гол дээгүүрх гурван том шинэ гүүр барих ажил юм. Сонсголон, Баянзүрх, Яармагийн орчимд гурван гүүр барина. Мөн Замын цагдаагийн уулзвар дээр гүүрэн гарц барих ажлыг эхлүүлнэ. Улаанбаатар-Налайх-Чойр чиглэлийн автозамыг ч шинэчилнэ. Энэ мэтчилэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Нийгмийн зорилтын хувьд эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулъя гэсэн бодолтой байгаа. Улаанбаатар хот 1.3 сая хүн амтай болсон. Нийгмийн эрүүл мэндийг иргэдэд хүргэх асуудал чухлаар тавигдаж байна. Тиймээс гурван дүүргийн эмнэлгийн мэс заслын тасгийг иж бүрэн тохижуулна. Мөн нийслэлд 100 ортой хүүхдийн эмнэлгийг энэ ондоо багтаагаад ашиглалтад оруулна. Дээр нь нэмээд Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн барилгын ажил энэ онд эхэлнэ. Засгийн газар дээр яриад шийдсэний дагуу Улаанбаатар хотын 31 сургуулийг өргөтгөх буюу шинээр барих асуудлыг концессын гэрээгээр, цэцэрлэгийн 11 барилгын ажлыг шинээр барина. Хэдийгээр хөрөнгө мөнгөний асуудалтай ч амин чухал ажлуудаа эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа.

БАЯНЗҮРХ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГҮҮДИЙГ ХУВААХ БОДИТ ШААРДЛАГА БИЙ

-Улаанбаатарын дагуул хотуудыг яаж хөгжүүлэх вэ?

-Хотын гэр хорооллын хязгааргүй тэлэлтийг зогсоох зорилгоор нийслэлд улаан шугам татсан захирамж гаргалаа. Дахиад гэр хороолол үүнээс цааш тэлэхгүй. Мэдээж нийслэлийн хүн ам өсч байгаа учраас хотод дахиад шинэ суурьшлын бүс хэрэгтэй. Үүнийгээ дагуул хотууддаа бий болгох шаардлагатай. Улаанбаатар хотдоо газар эзэмшиж, хашаа байшинтай болъё гэвэл энэ дөрвөн уулын дунд эзэмших газар байхгүй. Багахангай, Багануур, Налайх дүүрэгт шинэ суурьшлын бүс бий болгоно. Ингэхдээ утаатай, мухар, тахир гудамжтай гэр хорооллыг бий болгохгүй. Орчин үеийн хот төлөвлөлтийн дагуу зам, ус, дэд бүтцийнх нь асуудлыг шийдсэн шинэ төлөвлөлтийг бий болгоно. Улаанбаатарт шинэ гэр бүл болоод хашаа байшингийн хэрэгцээ гарч байгаа айлуудаа тэнд очиж суурьших бололцоог олгоно. Тэгэхээр шинэ суурьшлын бүсүүд, дагуул хотуудын хүрээнд дэд бүтцийг нь хөгжүүлэх шаардлагатай. Тэндээс маш хурдан хугацаанд хотын төв рүүгээ ирдэг бололцоог нь хангах хэрэгтэй. Үүнийг давхар шийдэх учиртай. Улаанбаатар хот бол Төв аймагтайгаа хамтарч хөгжих зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хотод байгуулагдах үйлдвэр аж ахуйн газар юм уу ажлын байр бий болгох асуудлыг Төв аймагтай хамтарч шийднэ. Нийслэлтэй хаяа нийлдэг Батсүмбэр, Баянчандмань, Аргалант, Алтанбулаг, Сэргэлэн, Эрдэнэ зэрэг суманд үйлдвэр аж ахуйн газруудыг нүүлгэн суурьшуулах, тэнд ажлын байр бий болгоно.

-Хотын захын дүүргүүд болох Сонгинохайрхан, Баянзүрх хамгийн их хүн амтай хэсэг. Энэ хоёр дүүргийг задалж, хуваах уу?

-Ийм санаа бол гардаг. Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний нэгжийг шинээр бий болгох асуудал бол УИХ-ын шийдэх асуудал. Хэрэв шаардлагатай гэж үзээд НИТХ-аар асуудал шийдэгдвэл Засгийн газарт өргөн барьж шийдүүлж болно. Үнэхээр захын хоёр дүүрэг маань 300 гаруй мянган хүн амтай болсон. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд хоёр хуваах бодит шаардлага гарч байгаа.

-Хотын тулгамдсан асуудлын нэг бол замын түгжрэл. Та түрүүн хэд хэдэн гүүрэн гарц, зам барих тухай дурдлаа. Шинээр хичнээн гүүрэн гарц, туннел, давхар зам, хурдны зам барих вэ. Мөн автомашинуудын зогсоолын асуудлыг хэрхэн шийдэх бол?

-Ер нь бол Улаанбаатар хотыг нэвт гарсан хурдны зам барих зайлшгүй шаардлагатай. “Туулын хурдны зам” нэртэй 35 км замын төсөл бэлэн болсон байгаа. Бид энэ асуудлыг Засгийн газарт тавьсан. Концессын гэрээгээр үргэлжлүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хотыг нэвт гарсан хурдны замгүйгээр нийслэлийн замын ачааллыг шийдэх боломжгүй. Концессын гэрээгээр энэ ажлыг эхлүүлэхийн тулд НИТХ-аараа баталж, зарлана. Хоёрдугаарт, баруун, зүүн дөрвөн зам дээр давхар гүүрэн гарц барихыг концессын гэрээгээр хийхээр төлөвлөж байна. Улаанбаатараас Хөшигийн хөндийн онгоцны буудал хүртэл шинэ хурдны зам баригдана. Цаашдаа Улаанбаатарын их тойруу гэсэн хурдны замтай болно. Улаанбаатар өөрөө нэг төвтэй хот. Яагаад их, бага тойрууг тойроод хэдэн зуун автомашин эргэлдээд байдаг юм бэ гэхээр нэг төвтэй болчихоод байна. Олон төвтэй болгож, иргэд төрийн болон бусад үйлчилгээг маш хурдан ирж авах бололцоог бүрдүүлэх гарц нь хурдны болон давхар замын систем. Төмөр зам доогуур нүхэн гарц бий болгох төсөл бий. Гэхдээ энэ жил нэмж хийхгүй. Өмнө хийсэн замууд нь төдийлөн үр дүнтэй биш, түгжрэл улам нэмээд байгаа. Тэгэхээр нэлээд сайн бодож тооцоолж байж хийх шаардлагатай юм байна. Цаашдаа түгжрэлийг бууруулах хүрээнд Улаанбаатар хотыг тойруулан Богдхан төмөр замыг тавих асуудал нэлээд хөндөгдөж байгаа. Засгийн газар болон нийслэл дээр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Энэ хүрээнд хотын төвөөр зорчих тээврийнхээс бусад галт тэрэг явдаггүй байх зохицуулалтыг хийх юм. Бас төмөр замын дээгүүр гүүрэн гарц болон нүхэн гарц хийхээр төлөвлөсөн байгаа. Дээгүүр гүүрэн гарц хийх нь нэлээд зардалтай. Иймд одоогийнхтой адил жижиг тэрэг зорчдог биш том тэрэг орох нүхэн гарц хийхээр Гудамж төсөл, хот төлөвлөлтийнхөн дээр яригдаж байна. Хамгийн гол нь санхүүжилтийг шийдэж болно. Метроны хувьд Жайкагийн шугамаар 2025 оноос баригдахаар төсөл нь хийгдсэн байгаа. Одоогийн хүн амын тоо, нягтралаа аваад үзэхээр ашигтай ажиллахааргүй юм билээ. Тиймээс энэ ажлыг одоохондоо хойш тавьчихаад байна. Өртөг нь нэлээд өндөр юм билээ. Үүний оронд тусгай замын автобусны төслөө хэрэгжүүлнэ. Бололцоо гарвал баганатай, тулгууртай скайтрэйн, рейлтрэйн гэх зэрэг төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Зогсоолын тухайд Канад, Голландаас энэ чиглэлээр ажилладаг компаниуд ирээд судалгаа хийж үзсэн. Заримтай нь санамж бичиг байгуулаад явж байна. Улаанбаатар хот зогсоолгүй. Энэ нь иргэдийг их бухимдуулж байгаа. Тэгэхээр НИТХ-аараа нийслэлийн авто зогсоолын асуудлаар хөтөлбөр боловсруулж оруулах юм. Тэгээд нийслэлд хаана нь ямар хэмжээний зогсоол барих юм, хаана нь давхар зогсоол барих юм гэдгийг хувийн хэвшлийн түншлэлийн асуудлаар шийдвэрлэнэ. Үүнийг хийхийн тулд бодлогоо гаргаж, газраа олох хэрэгтэй. Төлбөрийн асуудлыг бас шийдэх хэрэгтэй. Зогсоол барьчихаад төлбөргүй байж болохгүй. Улаанбаатар хотын иргэд маань үүнийг ойлгох хэрэгтэй. Том хотод амьдрах нь ихээхэн өртөгтэй. Тэрнээс сумын төв дээр байгаа мэт хаа хамаагүй газар машинаа тавиад явж болохгүй шүү дээ. Бүх л том хотууд төлбөртэй зогсоолоор асуудлаа шийддэг. Том үйлчилгээний төвүүд өөрийнхөө үйлчилгээний газрууд дээр зогсоол байгуулахыг дэмжиж байгаа. Тэнд нэг хүний ажлын байр бий болно. Одоо дэлгүүрийн худалдагч гаднах талбайдаа машинаа авчраад өдөржин тавьчихдаг. Үйлчлүүлэгчид нь зам дээр машинаа орхисноос олон асуудал үүсч байна. Энэ байдлыг халж, дэлгүүрүүд гаднах зогсоолоо хүнтэй болгож, хураамжаа ав гэж байгаа. НИТХ-аар хураамжийн хэмжээг тогтооно. Бас гуравдугаар эмнэлгийн зогсоолыг тохижуулсантай адилхан улсын төв эмнэлгүүд болон дүүргүүдийн эмнэлгийн зогсоолын асуудлыг шийднэ. Иргэд эмнэлгийн үйлчилгээ авах гэхээр машины зогсоол байхгүй. Түргэн тусламжийн машины орц, гарц хаасан байдаг учраас энэ асуудлуудыг шийдэж, тохижуулах ажлыг эхлүүлнэ.

Дараагийн нэг хийх ажил бол оршин суугчид, СӨХ-дтой хамтарч, орон сууцны дундах эдэлбэр газарт ногоон байгууламж, хүүхдийн талбайг нь эвдэхгүйгээр газар доорх зогсоолыг барина. Ингэснээр хотын түгжрэлийг тодорхой хэмжээгээр багасгана гэж үзэж байгаа.

-Нийгмийн захиалгат үйлчилгээ болсон нийтийг хөгжүүлнэ гэж хотын дарга нар амлаж байсан ч бахь байдгаараа байгаа. Таны хувьд энэ салбарт ямар бодлого баримтлах вэ. Хэрэв нийтийн тээврийг хөгжүүлбэл замын түгжрэл буурах байх?

-Нийтийн тээврийн асуудал бол бас л толгойн өвчин болсон. Улаанбаатар хотод 20 гаруй компани нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг. 1.3 сая хүн амтай хотод ийм олон аж ахуйн нэгж иргэдэд үйлчилнэ гэдэг бол дэлхийд байхгүй жишиг. Энэ салбарыг хоёр, гурван компани аваад явах боломжтой. Нөгөө талаас яагаад 20 гаруй компани байгаа юм бэ гэхээр нийтийн тээвэр ашигтай байна гэсэн үг. Нийслэлийн төсвөөс 50 гаруй тэрбум төгрөгийн татаас өгдөг. Нийтийн тээврүүд орлого олж, үйлчилгээгээ сайжруулъя гэхийн оронд оюутны, ахмад настны, цагдаагийн албан хаагчдын гээд хөнгөлөлтийг аваад үйлчилгээ үзүүлсэн болоод явж байна. Тэгэхээр энэ байдлыг зайлшгүй өөрчлөхгүй бол хотоос их хэмжээний мөнгө өгчихөөр нийтийн тээвэр үнэтэй ч юм шиг, үнэгүй ч юм шиг байж болохгүй л дээ. Энэ асуудалд бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Мөн цахим төлбөрийн системийг боловсронгуй болгоё гэж байгаа. Үүнийг нэвтрүүлэх нь зөв зүйтэй ажил. Одоо автобусанд мөнгө төлдөг хүнгүй боллоо. Ийм үйлчилгээ нэвтрэнгүүт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд орлогын араас явах шаардлагагүй болчихсон. Хоёр талын эцсийн буудал дээр очиж бүртгүүлээд мөнгөө авчихаж байна. Энэ технологийг боловсронгуй болгох шаардлагатай. Нийтийн тээвэрт маш том сүлжээ бий болчихсон. Үүнийг задалж, шинэчлэхэд нэлээд хугацаа орно. Гэхдээ бид шийдэхийн тулд зоригтой хөдөлж байгаа.

-Гудамж төсөл нэлээд үр дүнгээ өгсөн. Цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үү?

-Төслийн нэгж нь Сангийн яаман дээр очоод хөгжлийн хөтөч төсөл болоод явж байгаа. Тийм учраас тэдний зураг төслийг хот ашиглана. Гудамжны уулзваруудыг орчин үеийн уулзвар болгох, шинэчлэх ажлууд хийгдэнэ.

-Хотод дугуйн зам хэзээнээс барих вэ?

-Одоо маршрутаа гаргаж байгаа. Хотыг тойрон дугуйгаар аялаад явах том замуудыг хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Нийслэл баруун, зүүн тийшээ Баянзүрх, 22-ын товчоо гэсэн хоёрхон гарцтай. Энэ чиглэлд гарц нэмэгдүүлэх боломжийг хэрхэн судалж байна вэ?

-Одоо зүүн тийшээ таван аймаг, нийслэлийн гурван дүүрэг гардаг. Гэтэл Улаанбаатар, Налайхын зам нарийхан. Осол аваар их гардаг. Эхний ээлжинд Налайхын замыг өргөтгөж, дөрвөн эгнээ болгоно. 2019 оны эхэнд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Баруун тал руу харьцангуй гайгүй, дөрвөн эгнээ урсгалтай болсон. Дээр нь нэмээд Баянзүрхийн гүүрнээс 22-ын товчоо хүртэл хурдны зам барьчихвал маш сайн гарц бий болно. Урагшаа бол хоёр гарц бий болчихно. Улаанбаатар-Зуун мод-Мандалговь-Даланзадгадын чиглэлийн зам хуучнаараа байна. Үүн дээр нэмэх нь нисэх буудлын хурдны зам баригдчихаар хотын замын ачааллыг хөнгөвчилнө.

-Сонгинохайрхан дүүрэгт шинэ эмнэлэг барина гэлээ. Төрөх эмнэлгүүдээ нэмэх үү?

-Сонгинохайрхан дүүрэг дэлхийн жишигт нийцсэн 250 хүний ортой эмнэлэгтэй болно. Азийн хөгжлийн банкны зураг төслөөр хийгдэж байгаа. Эхлээд Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд барина. Дээр нь нэмээд хоёр дүүргийг сонгож барина. Мөн өрхийн эмнэлгүүдийг шинэчилнэ. Орчин үеийн өрхийн эрүүл мэндийн төв ямар байх ёстойг харуулсан жишиг арван өрхийн эмнэлэг барихаар төлөвлөж байгаа. Төрөх эмнэлгүүдийн хувьд II амаржих газрыг шинэчилнэ. Улаанбаатар хотод IV төрөх буюу Эх нялхасын төвийг Засгийн газар дээр барихаар төлөвлөж байгаа. Ямартай ч хотын зүгээс II төрөхөө шинэчлэхээр зураг төсөл нь хийгдсэн. Газар нь бэлэн байгаа. Хөрөнгийн асуудал шийдэгдэх юм бол барилгын ажлыг нь эхлүүлнэ.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэхээр болсон. Өмнөх засгийн үед хэрэгжүүлж байсан энэ ажлын алдаа оноо нь юу байв?

-Гэр хорооллыг дахин төлөвлөж орчин үеийн орон сууцны хороолол болгох асуудал нийслэл хотыг байгуулсан цагаас эхлээд бүх л даргын мөрөөдөл байсан. Мэдээж утааны асуудлыг шийдвэрлэх хотын хоцрогдлыг арилгахад орчин үеийн дэд бүтэц бүхий хорооллуудыг зайлшгүй бий болгох шаардлагатай. Өмнө гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжихдээ хэт том талбайд цөөхөн компанид өгөөд дэд бүтцийн хөрөнгө оруулалтдаа маш их хөрөнгө зарсан нь алдаа байсан. Арван мянган айлын орон сууц барина гээд том шугам татчихаар цаад талд нь мянга ч биш, зуун ч биш айлын орон сууц ашиглалтад орохгүй байгаа юм. Компаниуд том газар аваад айлуудаа чөлөөлчихсөн. Бас иргэдэд нөхөн төлбөр өгчихсөн байдаг. Гэтэл санхүүгийн дутагдалд ороод компаниуд барилгаа үргэлжлүүлж чадахгүй зогсонги байдалд хүргэсэн. Одоо 24 талбар дээр төлөвлөлтөө үргэлжлүүлнэ. Дотор нь жижигсгээд бололцоотой олон компанид өгнө. Татчихсан дэд бүтцийнхээ хөрөнгө оруулалтыг хурдан нөхөх хэрэгтэй байгаа юм. Тэрнээс нэг компани арван жилд 10 мянган айлын орон сууц барина гээд сууж байх биш энэ ажлыг арван компани хувааж аваад богино хугацаанд дуусгах ёстой. Тэгэхгүй бол дэд бүтцийн ашиглалт байхгүй болно. Хотын төсвөөс үүнд маш их мөнгө зарчихсан байгаа. Мөн дэд бүтцийн шугам хүрээгүй байгаа газруудад хэсэгчилсэн инженерийн байгууламж байгуулна. 200 айлын дунд дахин төлөвлөлт хийнэ. Айлууд нэгдээд нөхөрлөл байгуулж, бохир, дулаан, усных нь асуудлыг шийдсэн сервес центрүүдийг байгуулах замаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Одоо төлөвлөчихсөн төв хэсгийн газрууддаа орон сууцны хороолол байгуулна. Дараагийн бүсчлэлд нь тохилог амины орон сууцны хороолол, бүүр цаад талд байгаа боломжгүй гэр хорооллууддаа нар салхины эрчим хүчийг ашиглая гэж байгаа юм. Гадна талд ногоон төслүүд нэлээд санхүүжилт татаж байна. Улаанбаатар хот ногоон хот болох зорилт тавьчихсан. Бид ийм асуудлуудыг ингэж шийдэх гэж байна гээд санхүүжилтийн эх үүсвэрээ гаднаас хайх юм бол захын хорооллуудыг утаа гаргахгүйгээр нар, салхины эрчим хүчээр халаах боломжтой.

-Та шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан захирамж гаргасан. Нийслэлд ирэх иргэдийн хөдөлгөөнийг хорьчихоор эдийн засгаа хумьчих юм биш үү?

-Ингэж хязгаарлалт тавихгүй бол хот нь өөрөө замбараагүй, дэд бүтэцгүй гэр хорооллоор хүрээлүүлсэн хот болж болохгүй. Мэдээж хүн ирэх юм бол хөгжилд нэмэртэй. Дэлхийн аль ч хотууд ирсэн хүмүүсийнхээ асуудлыг шийдэх чадвартай байдаг. Гэтэл манай хотын чадавхи нь шавхагдчихаад байна. Тэгэхээр ирж байгаа хүмүүсийн болоод энд амьдарч байгаа хүмүүсийнхээ эрхийг хамгаалах үүднээс шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр арга байхгүй. Энэ гэхдээ удаан үргэлжлэхгүй. Хэрэв Улаанбаатар хот хөгжлийнхөө тодорхой түвшинд хүрээд орон сууц, дэд бүтцийнх нь хангамж дээшилчих юм бол хөдөөнөөс хүмүүс маань ирээд амьдарч болно. Гэхдээ бүхэлд нь хязгаарлаагүй. Хамгийн гол нь энд ирлээ гэхэд дэд бүтэцгүй газар суурьшихгүй байх ёстой. Тиймээс та бүхнийг хотод ирэхэд хотын даргын хувьд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг тань хангаж чадахгүй байна, уучлаарай.

-Таны гаргасан шийдвэрүүдэд иргэд бухимдаж байна. Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан дээр нэмээд ТҮЦ-ийг буулгаж байна. Хотоо сайхан харагдуулна гээд ТҮЦ-үүдээ булгаж байснаас хоолтой байлгаад муухай харагдаад сууж байсан нь дээргүй юү?

-Ер нь би хэнийг ч хоолноос нь салгахгүй байгаа. ТҮЦ-ийн ард нэлээд олон асуудал байдаг. Үнэхээр амьжиргаагаа залгуулж байгаа хүн ТҮЦ ажиллуулж байна уу гэвэл тэр нь цөөхөн. ТҮЦ-ийг маш цөөхөн хэдэн хүн түрээсэлдэг. Нэг ТҮЦ-ийг 300 гаруй мянган төгрөгөөр түрээсэлж байна. 30, 40 ТҮЦ түрээсэлж байгаа ч хүн бий. Мөн ТҮЦ-т маш олон хориглосон зүйл худалдаж байгаа. Архи, тамхи зарж байна. Мэдээж хүний амьжиргааны асуудал чухал. Дээрээс нь хотын тохижилтын асуудал ч байх ёстой. Гэхдээ дотроо 00-гүй учраас ТҮЦ-үүдийг буулгаж байна гэдэг асуудал өрөөсгөл. Өнгөрсөн сонгуулийг далимдуулаад замбараагүй ТҮЦ тавигдаж эхэлсэн. Нэг автобусны буудал дээр гэхэд 5-6 ТҮЦ байрлуулсан. Гэтэл ар талд нь хүнсний дэлгүүрүүд хоосон байгаад байдаг. Хүнсний дэлгүүрийн лангуу 250 мянган төгрөгийн түрээстэй байхад ТҮЦ-ийн түрээс илүү үнэтэй байгаад байдаг. Тиймээс зөвшөөрөлгүй тавьсан бүх ТҮЦ-ийг цэгцэлж байгаа. Гэхдээ зөвшөөрөлтэй нь үлдсэн. Одоо НИТХ-аараа цэг зааж өгнө.

ХОТОО БОХИР БОЛЧИХЛОО ГЭЭД ХАЯАД ЯВЖ БОЛОХГҮЙ

Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Бээжингийн гудамж, Сөүлийн гудамж гэсэн төв хэсгүүдээрээ ТҮЦ байрлуулахгүй. Бусад газруудад байрлуулна. Бүх дүүрэгт ТҮЦ-ийн байрлалыг гаргаж байгаа. НИТХ-аар журам батлагдчихвал одоо энэ байгаа ТҮЦ-нүүдээ шинэ байрлал руу нүү гэсэн шаардлага тавина. Мөн ТҮЦ-тээ гал түлж болохгүй, баталгаагүй хүнс зарж болохгүй, гадна орчноо цэвэрлэж байх ёстой гэсэн шаардлагуудыг журмаар заагаад өгнө. Тэрнээс хэн нэгнийг хөдөлмөр эрхлэхийг нь хориглоод байгаа юм биш. Би хүмүүсийг уйлуулаад хөдөлмөр эрхлэхийг нь зогсоосон асуудал ерөөсөө байхгүй. Эсэргүүцээд байгаа хүмүүс бол ТҮЦ түрээслэгчид.

-Та Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга. Саяхан агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хэдий хугацааны дараа агаарын бохирдол багасах вэ?

-Хотын утаа нэг, хоёр жилийн дотор арилчихгүй. Утааны цаад мухарт амьжиргааны асуудал байгаа. Иргэд сайн дураараа нүүрс, хог түлээд байгаа хэрэг биш л дээ. Утаатай тэмцэх хамгийн гол арга нь ядуурлыг бууруулах. Тэгэхээр ажилтай, орлоготой хүн цахилгаан халаагуур авах нь мэдээж шүү дээ. Утаанаас салахад бүхий л том хотууд захиргааны хориглох арга хэмжээ авч байсан. Бүгд хязгаарлалтын бүсээ тогтоож, хориглож байсан. Бид хэд хэдэн арга хэмжээ авсан нь Байгаль орчин аялал жуулчлал, ногоон хөгжлийн сайдтай хамтраад хязгаарлалтын бүс тогтоосон. Миний бие саяын гаргасан гурван захирамжийнхаа хүрээнд арга хэмжээг эрчимтэй авч чадвал утааны бохирдлыг бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Ирэх жил хэрэв чулуун нүүрсийг худалдвал утаа буурна. Энэ асуудлыг шийдэх тодорхой бодлогууд хэрэгжүүлнэ. Мөн хотын төвийн бүсүүдэд ямар ч тохиолдолд утаа гаргахгүй байхаар зохицуулж байгаа. Хэрэв та бүхэн хотын төвд газар эзэмшдэг, тэрийгээ хүнээр мануулж байгаа бол заавал био жорлон хэрэглэж байх ёстой. Мөн энгийн зуух хэрэглэж болохгүй. Хэрэв хотын төвд ТҮЦ ажиллуулж байгаа бол гал түлэхгүй. Иймэрхүү хязгаарлалтын арга хэмжээ авна. Хамгийн захын дөрөвдүгээр бүс дээрээ гэхэд Багануурын нүүрс түлүүлэхгүй. Бүх нүүрсийг хориглож чадахгүй л дээ. Орлого багатай өрхүүдэд нийслэлээс хөнгөлөлт үзүүлдэг. Тэрэндээ нүүрс биш утаагүй түлш өгнө. Мөн Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 1-нээс энгийн зуух заруулахгүй. Стандартад нийцсэн зуух борлуулах ёстой. Хотын даргын хувьд авч чадах бүх захиргааны арга хэмжээг авчихсан. Миний шийдвэрийг шүүмжлэхээс илүү яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт хүн бүрийн оролцоо чухал. Бүгд л шаардлага, хяналт тавих ёстой. Бүх л хотууд ингэж утаанаасаа салсан туршлага бий. Өнөөдөр нэг иргэн хаймар түлж дулаацаж байхад нөгөө талдаа хичнээн айлын хүүхэд өвдөж байгааг бодох ёстой.

-Хотод хүн амьдрахын аргагүй бохир, заваан байна, нүүе гэдэг асуудлыг зарим төрийн түшээд тавьж байна. Дэлхийн буурал хотууд жорлон, цэвэр ус, дулаан гээд дэд бүтцээ хотоо байгуулахдаа хамтад нь шийдчихээгүй. Өнөөдрийн Улаанбаатар хот шиг уламжлалт байдлаар явсаар хөгжилд хүрсэн байх. Үүн дээр та ямар бодолтой байна?

-Муудчихаар нь хаяад явъя гэдэг нь манай нүүдэлчин сэтгэхүй байх л даа. Хэдэн мянган жилийн настай хотууд байна шүү дээ. Тэдний дэргэд манай Улаанбаатар бол хамаагүй залуу хот. Швейдийн Стокгольмд арваад жилийн өмнө очиж байлаа. Тэдний цэвэрлэх байгууламжтай танилцаж байхад ХХ зууны эхэн үе гэхэд бохир нь хот дундуураа урсдаг байсан гэж байгаа. Саяхан япон хүнтэй уулзаж байхад “Миний бага насанд Токио тун бохирдолтой байсан” гэж ярьж байсан. Хөгжлийн үе шатанд энэ бүх зовлонг дайраад л гардаг. Хөгжлийн тодорхой түвшинд хүрэхээр шийдэж чадна. Тэрнээс бохир болчихлоо гээд хаяад явж болохгүй. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ижий минь гэдэг дээ. Улаанбаатар бол бидний л хот шүү дээ. Бид л өөд нь татаж гоё болгох хэрэгтэй. Хэдэн яам өөр цэвэр газар очоод суучихдаг юм байж. Энд үлдсэн хүмүүс нь яах юм бэ. Засаг захиргааны нэгжийг нүүлгэнэ гэдэг бол өөр асуудал. Тэрнээс хотоо муухай болчихлоо гээд нүүдэг улс орон хаана ч байхгүй. Тэгэхээр би Улаанбаатар хотоо цэгцэлж авна. Цэвэр хот болгоно. Энэ дөрвөн уулын дундах Улаанбаатар хотдоо дахиж арьс, ширний, химийн, бетон зуурмагийн үйлдвэр байгуулахгүй. Бүгдийг хотоос гаргана. Одоо байгаа үйлдвэрүүддээ экологийн шаардлага тавьж эхэлнэ. Өнөөдөр хотод хуучин машин явж байгаа. Хүмүүсийн амьжиргаа дээшлээд ирэхээр машины насжилтыг нь тооцоолж өгөх хэрэгтэй. Гэх мэтчилэнгээр хотоо цэвэр болгоно.

-Хотын ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх үү?

-Туул, Сэлбэ голын дагуу олон нийтийн амралтын газар байгуулна. Туул голын дагуу аж ахуйн нэгжийн газрын тооллого явагдаж байгаа. Сэлбэ голын эхээс дунд голыг оруулаад Туул гол руу нийлдэг хүртэл соёл амралтын хүрээлэн болгоход урьдчилсан байдлаар 50 гаруй тэрбум шаардлагатай. Гадна, дотнын хөрөнгө оруулагчдад санал тавина. Дүүрэг болгонд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Бололцоотой бүхий л газарт ногоон мод тарина. Ингэхдээ дандаа шилмүүст маягийн том мод тарих юм. Сайн арчлах юм бол сайхан ургадаг. Мөн Богд уулын тодорхой хэсгүүдийг хамгаалалтын хэсгээс гаргаж, иргэдийн аялал зугаалгын бүс болгох ёстой. Манай хот байгалийн сайхан өгөгдөлтэй хэрнээ харамсалтай нь хэдэн компани уулын амыг авч хашчихаад байгаа. Энэ байдлыг халж, иргэдийн амралт зугаалгын бүс болгох шаардлага тавина. Ингэхдээ Засгийн газартай хамтарч ажиллах юм. Салбарын яам нь л асуудлыг мэддэг байх биш хот бас мэдэж байх ёстой. Тэгэхгүй бол хоёр өөр хот бий болчих гээд байгаа.

-Туул голын эрэг дагуух газрыг цөөхөн хэдэн баячууд авчихаад иргэдийг очихын аргагүй болгосон тухай “Өдрийн сонин” хөндөн бичсэн. Энэ асуудлыг хотын даргын хувьд цэгцлэх үү?

-Тухайн аж ахуйн нэгж барилгаа барьж болно. Хувийн өмчөөс нь салгахгүй. Газрынхаа 30 хувийг иргэд чөлөөтэй нэвтэрдэг, машины зогсоолтой, амралт зугаалгын орчин болгох ёстой.

-Иргэд ам сайтай байсан цахимаар газар өмчлөх ажлыг яагаад зогсоох болов. Өмнөх хотын дарга нарын үед захирамж нь гарсан газрууд хотод бий. Та хот өөрийн мэдлийн газруудаа авна гэлээ. Тэдгээр газруудыг хот мэдэлдээ буцааж авах уу?

-Цахим газар өмчлөл явагдсан нь сайн хэрэг. Гэхдээ яг хэрэгцээтэй байгаа хүмүүстээ газар нь очоогүй. Гадаадад байгаа иргэд, нярай хүүхэд гээд хэн ч хамаагүй газартай болж байсан. Бас сансрын зураг харж байгаад ямар ч төлөвлөлтгүй газар уул, хадан дээгүүр олгосон. Энэ нь эргээд гэр хорооллыг улам тэлэх шалтгаан болно. Тэгээд ч тийшээ дэд бүтэц очих боломжгүй газруудыг өмчилсөн нь гажуудал. Рекламны маягаар төрийн ажлыг хийж болохгүй. Мөн хууль бусаар олгосон бүх газрыг хянаж байгаад буцааж авна. Олон жил ашиглаагүй бол хураана. Улаанбаатар хот газрын фондтой болоод түүнийгээ үнэд хүргэж дуудлага худалдаагаар зарах юм бол хот өөрөө амьдрах боломжтой болно. Гадны том компаниуд надаас газар байна уу, салбар сүлжээгээ танай хотод байгуулъя гэдэг. Гэтэл хотын даргын мэдлийн ганц ч газар байдаггүй. Бүгд эзэнтэй болчихож. Хэрэв бид өөрсдөө газрын фондтой бол тэрийгээ худалдаж, том зочид буудал бариулаад орсон мөнгөөр нь дэд бүтцээ сайжруулж болно. Гадны хотууд яагаад баян байдаг вэ гэхээр их газартай учраас баян байдаг. Улаанбаатар хот баян байхын тулд газрын фондтой байх хэрэгтэй.

-Зах зээлд борлогдохгүй байгаа маш олон тооны орон сууц байна. Гэр хорооллын айлуудын газрыг шууд орон сууцаар сольж, газрыг нь эргээд эргэлтэд оруулах замаар асуудлыг шийдэх гарц бий юү?

-Ерөнхий сайдын санаачилгаар Хятадын зээлээр 1000 айлын орон сууцыг барихаар газрыг нь чөлөөлчихсөн байгаа. Тэр орон сууцыг газраар солино. Ногоон нуурын хойд дэнж дээр баригдах энэ орон сууцанд орох хүсэлтэй айлууд газраа солилцох боломжтой. Энэ хавраас хэрэгжүүлэх ёстой гээд Барилга хот байгуулалтын яам үүрэг авсан байгаа. Эхний баригдсан байруудаа худалдахгүй. Шууд газраар нь сольж аваад, газрыг нь үнэлж зараад, дараачийн орон сууцаа бариад явчих бүрэн боломжтой. Хотод одоо газар чухал байна.

-Улаанбаатарт жуулчдыг татах ямар ажлууд хийх вэ?

-Манайх Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болно гээд төлөвлөж байгаа. Улаанбаатар хот өөрөө жуулчдыг татах шөнийн амьдралтай байх хэрэгтэй. Эхний ээлжинд тодорхой нэг гудамжийг шөнийн амьдралтай болгохоор судалж байна. Тэнд шөнө нь автомашин явдаггүй. Ресторан клубууд нь ажилладаг. Цагдаа нь хяналтаа тавина. Улаанбаатар хотын тусгай бүстэй болъё гэж байгаа. Тэр нь жуулчдыг татдаг байх юм. Одоохондоо энэ нууцыг задлахгүй (инээв).

-Нийслэл нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан нь шинэлэг санагдлаа. Сонгон шалгаруулалт шударга явагдаж чадах уу?

-Төрийн албыг хүмүүс төрлийн алба болгосон гэж баахан шүүмжилдэг. Би төрийн албанд насаараа ажилласан хүний хувьд, УИХ-ын гишүүн байхдаа Төрийн албаны тухай хуулийг санаачилж байсны хувьд энэ асуудлыг хүмүүст нээлттэй байлгая гэдэг санаачилгыг гаргасан юм. Хүмүүс маш их мөнгө зарж гадаадад өндөр үнээр сургаж байна. Гэтэл эх орондоо буцаж ирээд ажиллах гэхээр ямар нэгэн намын харьяалалгүй, танил талгүй бол төрийн албанд орж чадахгүй байна гэх гомдол их ирдэг. Хот бол төрийн албаны том орон зай. Тиймээс гадаад, дотоодод магистр хамгаалсан шаардлагатай нарийн мэргэжлийн жагсаалтыг гаргасан. Үүнд хүн өөрийн чадлаараа орно. Ямар ч арын хаалга байхгүй. Айхавтар өндөр шалгуур тавихгүй. Цаашдаа ч энэ ажлын байрыг нээлттэй зарлаад явах бодолтой байгаа.

-Та бүхэн Улаанбаатарыг аз жаргалтай хот болгоно гэж байсан. Хотын иргэдийг яаж аз жаргалтай байлгах юм бэ?

-Аз жаргалыг хүн өөрөө бий болгодог. Өнөөдөр манай нийгэм яарч, сандарсан бухимдалтай байна. Тиймээс хотын иргэд маань аз жаргалтай байхын тулд илүү хөдөлмөрлө, илүү сайхан сэтгэлтэй бай, бие биедээ хүнлэг хандаж бай гэж байгаа юм. Хүн өөрөө өөртөө аз жаргалыг бий болго. Төрийн зүгээс иргэдээ аз жаргалтай байлгах бүх зүйлийг бололцооны хэрээр хийнэ. Хотын зүгээс иргэдээ эрүүл байх, ажилтай байх нөхцөлийг хангая. Ажилтай, орлоготой эрүүл иргэдийнхээ төлөө хийх ажлууд маань тэднийг аз жаргалтай болгох.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны улс төрийн гараагаа яаж эхлүүлж байсан тухай асуумаар байна. Мөн таны аав мундаг уяач хүн байсан. Та аавынхаа энэ уламжлалыг өвлөж авч явж байна уу?

-Би дээд сургуулиа төгсөөд л төрийн алба хашсан. Улс төрийн карьер маань төрийн албанаас эхэлсэн. Өөрийнхөө ажлыг сайн хийж, хүмүүст танигдсан. “Энэ залууг нэр дэвшүүлж ажиллуулах юм бол итгэл даах юм байна” гэсэн тэр итгэл үнэмшлийг өөрийнхөө ажил амьдралын замналаар олж авсан даа. Одоо бол улс төрийн карьерийг өөрөөр эхэлдэг болжээ. Миний өөрийн амьдрал, улс төрийн амьдрал маань ч Төв аймгаас эхлэлтэй. Намайг ажил амьдралын хувьд өдий зэрэгт хүргэсэн манай Төв аймгийн төрийн захиргааны ахмадууд, хамт ажиллаж байсан улсууд, намайг удирдаж байсан хүмүүсийн хичээл зүтгэл байгаа гэж боддог. Мэдээж сайн эцэг, эхийн нэр байгаа. Тэд маань нутаг орондоо нэр хүндтэй улсууд байлаа. Энэ бол миний улс төрийн карьерт нөлөөлсөн. Одоо миний морь уях гэж юу байхав дээ. Зав болохгүй юм. Миний том хүү ах нартайгаа нийлээд морио уядаг. Би бол зүгээр хошуу нэмэрлэнэ. Наадам зохион байгуулах ажил хийдэг болохоос яг мориныхоо уяан дээр сууж чадахгүй байгаа. Би өөрөө уяач хүний хүүхдийн хувьд юу боддог вэ гэхээр морь уях эрдэм соёл, монгол уламжлалыг авч явах ёстой. Төрийн албан тушаал хашиж байгаа хүний хувьд энэ соёлыг зөв голдрилоор нь өвлүүлж үлдээх ёстой гэсэн бодол сэтгэл тээж явдаг даа. Морь уях эрдэм бол хэдхэн хүний дунд биш, нийт монголчуудын эв нэгдлийн бөгөөд өөрсдийнх нь хүсэл сонирхлын баяр байгаасай гэж хүсдэг. Унааны ганц морьтой нь ч, мянган адуутай нь ч уралдаж болдог байх үндэсний хэмжээний спорт хэвээрээ байх ёстой. Морь уядаг эрдэм бол монгол өв соёл, монгол эр хүний шинж чанартай салшгүй холбоотой. Үүнийг монголчуудад хэвээр нь үлдээж, өв соёлыг нь дэлгэрүүлэхийн тулд энэ спортын төлөө зүтгэж явдаг даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *