Categories
мэдээ цаг-үе

Давосын цоо шинэ сэдэв “Блокчейн” хэмээх банкны систем байлаа

2017 оны нэгдүгээр сарын 17-20-ны хооронд Швейцарь улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцоод ирлээ. Энэхүү чуулга уулзалт нь анх 1971 оны нэгдүгээр сарын 29-нд профессор Клаус Шваб гэдэг хүний санаачилгаар ашгийн бус байгууллага бий болж одоог хүртэл 46 дахь жилдээ зохиогдож байна. Уг чуулга уулзалтад улс орны тэргүүнүүд урилгаар оролцдог бол дэлхийн тэргүүлэх том корпораци, компанийн төлөөлөл болон бизнесийн нэрт зүтгэлтнүүд тодорхой хэмжээний төлбөр төлж оролцдог байна. Альпийн нурууны энэ жижиг тосгонд жилдээ нэг удаа дэлхийн томчууд цугларч дэлхийн эдийн засаг болон бусад тулгамдсан асуудлуудыг бодлогын түвшинд ярилцаж, шийдэл олох гэж, өнгөрсөн жилийн ажлаа тайлагнах гэж, ирэх жилийнхээ хийх ажлыг тодорхойлох гэж гурван өдрийн турш хуралдаж нэгэн дээвэр доор цуглардаг билээ.

Давост Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болдгоос гадна Швейцарь улсын хамгийн том цанын бааз байдаг тул аялал жуулчлал болон өвлийн спорт өндөр хөгжсөн юм. Хажууханд орших Сайнт Мориц тосгонд хоёр ч удаа өвлийн олимп зохиогдож байсан. Сайнт Мориц болон Давос хот байрлах Альпийн нурууны үзэсгэлэнт байгалийг дэлхийн өв соёл хэмээн үзэж 2008 онд ЮНЕСКО-д албан ёсоор бүртгэсэн юм.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын гол зорилго нь хувийн хэвшил болон Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж дэлхийд тулгамдсан асуудлуудыг шийдэхэд оршдог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, профессор Клаус Шваб, түүний гэргий хатагтай Хилда Шваб нарын хамт

Энэ жил Давост дэлхийн 99 орноос 3000 зочид төлөөлөгч ирсэн. Үүнд шинээр сонгогдсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антóнио Гутэррэс, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Дани улсын Ерөнхий сайд асан, Дэлхийн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын гүйцэтгэх захирал хатагтай Хэллэ Торнинг-Шмидт, Афганистан улсын анхны эмэгтэй найрал хөгжмийн удирдаач, мөн Колумби улсын алдарт дуучин Шакира, Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын ойрын туслах ноён Антоны Скарамуцци, БНХАУ-ын тэрбумтан “Алибаба” группийн үүсгэн байгуулагч Жак Ма, Сири улсын дүрвэгч, Бразилийн Рио де Жанейро-2016 зуны олимпийн усанд сэлэлтийн төрөлд “Дүрвэгчдийн багаас” өрсөлдсөн 18 настай Юсра Мардини гэх мэт дэлхийд танигдсан, алдартай хүмүүс оролцсон юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 11 дэх жилдээ Давосын Эдийн засгийн чуулганд оролцож байгаа боловч энэ жил тэрээр нэгдсэн улсын төрийн нарийнаар сүүлийн удаа орж байгаа юм байна. Тэрээр “Дэлхийн хэцүү үе дэх дипломат ёс” хэмээх сонирхолтой илтгэл тавьсан. Харин өмнөд хөршийн тэрбумтан, “Алибаба” группийн үүсгэн байгуулагч Жак Ма “Америк хүчирхэг гүрэн хэдий ч тэр их хүчиндээ асар их хөрөнгө мөнгө зарцуулж байна. Сүүлийн 30 жилийн дотор улсынхаа дэд бүтцэд биш терроризмтой тэмцэх дайнд 14 их наяд ам.доллар зарцуулсан” гэж хэлнэ лээ. Мөн тэрээр олимпийн хороотой 2028 он хүртэл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Яагаад олимпийн хороог, тэр дундаа багийн спортыг сонгосон юм бэ гэж асуусан сэтгүүлчийн асуултад “Сүүлийн 30 жил Хятад улс нэг хүүхдийн бодлоготой явж ирсэн, айлын ганц эмэгтэй хүүхэд яг л хатан шиг, эрэгтэй хүүхэд нь хаан шиг өсдөг юм. Тэд багаар ажиллах чадваргүй болж өсөж хүмүүждэг, тэднийг багаар ажиллуулж сургаж байж манай улс хүчирхэг, тэр дундаа нэг Хятад бодлого илүү хүчтэй болно гэж үзээд багийн спортыг Хятадад илүү хөгжүүлэх хэрэгтэй” гэж хариулж байсан. Харин Сирийн дүрвэгч 18-хан настай Юсра Мардини охин, “Намайг Юсра Мардини гэж бүү дууд. Миний нэрийг “Дүрвэгч” гэдэг, эх орноосоо дүрвэж өөр улсад цагаачилж амьдрах нь сонголт биш ээ. Гэхдээ Сирид гэртээ нас барахаас илүү” гэж хоолой зангируулан илтгэлээ эхлүүлж байсан.

Алдарт дуучин Шакирагийн хувьд хүүхдэд суурь боловсрол чухал, боловсролоор нь дамжуулж тухайн хүүхдийг сайн хүн болгож хүмүүжүүлж болдог, энэ тал дээр тэрээр байр сууриа илэрхийлж байсан. Мөн Холливүүдийн алдарт жүжигчин Мэтт Демон Давосын индэр дээрээс дэлхий нийтийг цэвэр усны хэрэглээндээ анхаарлаа хандуулна уу хэмээн уриалж байна лээ. Дэлхийн 170 оронд үйл ажиллагаа явуулдаг IBM буюу “International Busi­ness Machines” корпорацийн гүйцэтгэх захирал хатагтай Гинни Рометты хиймэл оюун ухааны талаар тун сонирхолтой ярилцлага хийсэн нь Давосын бас нэгэн онцлох үйл явдал байлаа.

Банк санхүүгийн нэгэн систем болох блокчейн Давосын хувьд цоо шинэ сэдэв байлаа. Блокчейн нь энгийнээр тайлбарлахад ямар нэгэн санхүүгийн гүйлгээ хийхэд гуравдагч итгээд буюу банк санхүүгийн байгууллагын оролцоо байхгүй, А-гаас Б рүү шууд гүйлгээ хийгдэнэ. Тэгэхээр уг аргачлал нь хоёр хүний харилцан итгэлцэл дээр суурилснаараа онцлог юм. Энэхүү шилжүүлгийн түүх цахим орчиндоо хадгалагдан үлдсэнээр блокчейны хэрэглэгч бүрт хэзээд ил харагдана. Үүнээс гадна блокчейн систем нь мөнгө угаах, авлигын хөрөнгө мөнгийг шилэн, ил байлгадаг гэнэ. Уг системийг цаашлаад сонгуульд санал өгөхөд ч ашиглаж болно мөн татвар төлөх дээр ч ашиглаж болох юм байна. Энэхүү санхүүгийн систем нь банкны хөгжлийн дараагийн үе хэмээн судлаачид үзжээ.

Давос-2017 Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь “Хариуцлагатай манлайлал” сэдвийн дор зохиогдсон юм. Хариуцлагатай манлайлагчдад тулгарч буй дөрвөн гол шалгуур бол Дэлхийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Эдийн засгийн өсөлтийг сэргээх, Капитализмыг шинэчлэх, мөн Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал буюу “Дижитал эрин” юм. Эдийн засгийн чуулга уулзалтад нийт 400 хурал зөвлөгөөн болсны дийлэнх нь буюу 200-гаад уулзалт хурал нь дээр дурдсан Хариуцлагатай манлайлалд тулгарч буй дөрвөн хүчин зүйлийг хэлэлцэж байсан юм.

Оролцогч улс орнуудын төлөөллийг харж байхад манай урд хөршөөс 92, хойд хөршөөс 62, Казахстан улсаас тав, хамгийн өргөн фронтоор оролцож байгаа нь АНУ-аас 836 оролцогч байх жишээний. Манай орноос хоёр оролцогч байсны нэг нь мэдээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нөгөөх нь хувийн хэвшлээс оролцож байна лээ.

Монгол Улсын хувьд Давосын эдийн засгийн чуулга уулзалтанд жил болгон идэвхтэй оролцдог. Энэ жилийн Давос-2017 чуулга уулзалт онцлог ихтэй болсон. Хамгийн ихээр яригдсан сэдэв бол дэлхийн манлайлалд байдаг АНУ-ын шинэ Ерөнхийлөгч тангараг өргөсөн явдал байлаа. Америкийн шинэ засаг захиргааны цаашдын баримтлах бодлого, дэлхийд манлайлах улс гүрний хувьд яах ийх нь чуулганд оролцогсдод тун чухал, мөн түүхэндээ анх удаа манай урд хөршийн төрийн тэргүүн, коммунист намын дарга Си Жиньпин оролцож нээлтийн үг хэлсэн, зүгээр ч нэг нээлтийн арга хэмжээний үг хэлсэнгүй, 45 минутын илтгэлээ тэрээр ямар нэгэн бэлдсэн тэмдэглэл харалгүйгээр ярьсан юм. “Си Жиньпин Дэлхийн эдийн засаг, чөлөөт худалдаа, глобалчлалыг дэмжиж Хятад улс дэлхийн гол тоглогч улс, манлайлах гүрэн гэдгээ баталлаа” хэмээн дэлхийн том хэвлэлүүд шуугив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд өнгөрсөн жилийн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг хэрхэн зохион байгуулсан тайлангаа тавин, өөрсдийн бүс нутгийн тогтмол оролцдог хурлууддаа Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа амжилттай оролцоод ирлээ. Манай улсын хувьд НҮБ-ын чуулга уулзалт, Давосын эдийн засгийн чуулга уулзалт хоёрт идэвхтэй оролцдог. Энэ нь Монгол Улс дэлхий нийтэд тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ жилдээ хоёр удаа, Нью-Йоркийн Манхэттан дахь нэгдүгээр өргөн чөлөөнөөс нөгөө нь Альпийн нуруунд орших Давос хотоос дэлхий нийтэд сануулдаг байх гэж боддог. Том хоёр гүрний дунд байдаг манайх шиг жижиг буурай орны хувьд тусгаар тогтнолоо хадгалж бүрэн эрхт улс гэдгээ харуулахын тулд олон улсын хурал чуулганд тогтмол идэвхтэй оролцогч байх нь тун чухал билээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүс нутгийн эрчим хүчний төслүүд болон торгоны зам, дэлхий дэх хариуцлагатай манлайлал, байгаль орчны хамгааллын бодлого, 2030 он хүртэл дэлхийн тогтвортой хөгжил, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэх мэт олон арван хурал зөвлөгөөнд Монгол Улсын баримтлах бодлого, байр суурийг илэрхийлж үг хэлсээр, нэг хурлаас нөгөө хурлын хооронд улс эх орныхоо нэрийг гаргаж, зарим нэг таарч уулзсан төлөөлөгчид нь Монголд заавал очиж үзэх улсынхаа жагсаалтанд ортол нь сурталчилж яваа харагдах юм.

“Торгоны зам” хэлэлцүүлэгт хэлсэн үг нь Давост хэрэндээ шуугиад өнгөрсөн. Тэрээр Торгоны замыг манай өвөг дээдэс их хаадын үед тэдний оролцоотой Еразийг холбосон худалдааны зам бий болгож байсан. Тиймээс Монгол Улс үүнд нэгдэн орох том амбицтай байна” хэмээн хэлсэн юм.

Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн болон бусад гадаад харилцааны яамны нөхдүүд мөн хамт явсан сэтгүүлчдийн багийнхан гээд бүгд л тэнд эрвийх дэрвийхээрээ эх орноо сурталчилж яваа харагдсан.

Эцэст нь хэлэхэд, Давос Монголоор дутахгүй ээ, харин монголчууд Давост илүү олон хүний бүрэлдэхүүнтэй очиж, бид энэ дэлхийн нэг хэсэг шүү гэдгээ жил ирэх тусам хүчтэй сануулж байх хэрэгтэй гэж санагдаж билээ.

М.БАЯНБУЛАГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *