Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар 2017 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо, хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгаж Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн зөвлөмжийг дараах байдлаар гаргахаар тогтов. Үүнд:
Үхрийн мах 38 мянга тонн, адууны мах 20 мянган тонныг экспортлохоор, харин хонь, ямааны махны хэмжээнд хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн улаанбуудайн гурил 15 мянган тонн, хүнсний улаанбуудайг 10 мянга тонныг экспортолно гэлээ.
Харин үхрийн мах 500 тонн, хуурай сүү 4240 тонн, үрийн буудай 10 мянга тонн импортолж, шингэн сүүний импорт хийхгүй байх нь зүйтэй гэж үзлээ.
Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг экспортлоход Монголын талаас шалтгаалах бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулж, экспортлогч аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллахыг ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газарт тус тус чиглэл болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.