Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн суурь хураамжийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдлаа

МУИС-ийн оюутны төлөөллийг өнөөдөр БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Хуулийн хэлтсийн дарга П.Чулуунбаатар нар хүлээн авч уулзлаа. МУИС оюутнуудаасаа улиралд 112 мянган төгрөг, жилд 224 мянган төгрөг, магистрт суралцаж буй хүмүүсээс жилдээ 336 мянган төгрөгийг хураамж болгон авдаг байна. Үүнийг цэвэрлэгээ, үйлчилгээ, интернетийн холболт зэрэгт ашиглаж байгааг хууль бус үйлдэл хэмээн үзэж оюутнууд жагсаж байгаа аж.

МУИС-ийн “Оюутны холбоо”-ны тэргүүн Ц.Хасбаатар уулзалтын үеэр хэлэхдээ “Оюутнуудаас суурь хураамж авч буй нь хуульд нийцэхгүй байгаа нь аудитын шалгалтаар илэрсэн. МУИС-ийн оюутнууд тав дахь жилдээ сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж төлж байна. Хамгийн гол нь биднээс авч буй мөнгөө үр ашигтай зүйлд зарцуулж байвал эсэргүүцэх шаардлагагүй юм. Гэтэл сургуулийн захиргаа оюутнуудаас хурааж авсан мөнгөө юунд зарцуулж байгааг огт тайлагнадаггүй. Бидний хүсэлтийг аргацаасан хариулт өгсөөр удаж байна” гэв. МУИС-ийн 2012-2015 оны төсөв, санхүүгийн нөхцөл байдал түүний зарцуулалт, гүйцэтгэлд Үндэсний аудитын газар өнгөрсөн онд шалгалт хийжээ. Улмаар аудитын газраас суурь хураамжийг хуульд нийцэхгүй байна хэмээн дүгнэлт гаргаж, зөрчлийг арилгахыг сургуулийн удирдлага, Удирдах зөвлөлд хүргүүлсэн байна. БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг “Өнөөдөр БСШУСЯ-ын сайд оюутнуудын болон сургуулийн “Багш нарын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Бид оюутнуудынхаа санал, хүсэлт, эрх ашигт хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс ч шаардлагыг нь хүлээн авч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ. МУИС-ийн суурь хураамж бол төлбөрийн бүрэлдэхүүн хэсэгт хамаардаг. Сургалтын төлбөрийг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг. МУИС-ийн Удирдах зөвлөл өчигдөр /2017.01.31/-нд хуралдаж, суурь хураамжийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт оюутан, багш нарын төлөөлөл багтсан. Хамтдаа асуудлыг хэлэлцэж, хамтдаа шийдвэрлэнэ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *