Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ийн сургалтын бааз эмнэлэг байгуулах ажил 7 дугаар сард эхэлнэ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд, “Манай эрүүл мэндийн салбар Япон Улстай хамгийн ойр ажиллаж ирсэн, ажлын түүхэн туршлагатай. Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу ЖАЙКА-тай хамтран төслийн бус буцалтгүй тусламж болон “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдал”-техникийн хамтын ажиллагааны төслийг тус тус хэрэгжүүлж байна. Ингэснээр энэ онд 11.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг гурван аймгийн 32 сумын эмнэлэгт олгох, ирэх онд АШУҮИС-ийн сургалтын бааз эмнэлгийг байгуулах зэрэг төсөл хэрэгжинэ” гэв.

Эдгээр төсөл хөтөлбөрөөс гадна Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт явуулж, эмэгтэйчүүдийн эмч болон эх баригч нарыг жирэмсний хяналт, төрөх үед үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах сургалтад багаар нь Япон Улсад суралцуулсан юм.

Элчин сайд Масато Такаока “Өмнөх оны сүүлээр томилогдон ирсэн. Сургалтын бааз эмнэлгийг байгуулах ажлыг энэ оны 7 дугаар сард эхлүүлнэ. Тухайн эмнэлэг ашиглалтад орсноор Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэв.

Мөн тэрбээр энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг дуулгаад энэхүү түүхт ойг тохиолдуулан хамтын ажиллагааг улам хөгжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Цаашид Япон Улсын уламжлалт эмчилгээ Жүдо бариа заслын аргыг нэвтрүүлэх, сургагч багш бэлтгэх төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Нагояагийн их сургуультай хамтран “Залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд докторантурын сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, ЖАЙКА-гийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар харилцан ярилцлаа гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *