Categories
мэдээ нийгэм

Монголын зах зээлд “Оюу толгой” компани 6 тэрбум гаруй ам.доллар нийлүүлжээ

“Оюу Толгой” компани 760 сая ам.долларын гэрээний 83 хувийг нь дотоодын компаниудтай байгуулсан хэмээн “Оюу Толгойн Далд уурхайн бүтээн байгуулалтын ханган нийлүүлэгчдийн форум”-ын үеэр тодотголоо.

Тус компани 2016 оны эцсийн байдлаар 990 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласаны 623 нь үндэсний компани юм байна.Тодруулбал үйл ажиллагааны худалдан авалтын 62 хувийг дээрх компаниуд хариуцаж байгаа аж.

Шангри Ла зочид буудалд болж буй “Оюу Толгойн Далд уурхайн бүтээн байгуулалтын ханган нийлүүлэгчдийн форум”-аар тус уурхайн ашиглалтын хугацаанд шаардах бараа, үйлчилгээг тасралтгүй нийлүүлэх дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэх, ирээдүйн боломжит хувилбарыг танилцуулж байна. Дотоодын болон гадаадын ханган нийлүүлэгчдийн түншлэл, хамтын ажиллагааг дэмжих зорилготой тус форумд 675 ханган нийлүүлэгч байгууллагын 1200 төлөөлөгч оролцож байна.

Оюу толгой ХХК-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Стивэн Жонес форумын үеэр хэлэхдээ, “Өнөөдөр энэхүү танхимд 600 гаруй компанийн төлөөлөл хүрэлцэн ирсэн нь манай компани Монголын ханган нийлүүлэгчидтэй нягт хамтын ажиллагаа хөгжүүлж буйн тод жишээ юм. Ханган нийлүүлэлтийн хоёр дахь удаагийн форум нь импортын худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгч, нэмүү өртөг шингэсэн үйлчилгээний бүтэцтэй ханган нийлүүлэлтийн сүлжээг байгуулах бололцоог нэмэгдүүлэх, түүнд тэмүүлэх сэдлийг олгож байгаагаараа онцлогтой. “Оюу толгой” нь аюулгүй ажиллагаа, өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлэх, асар ирээдүйтэй зэсийн уурхайн нэг. 2010 оноос хойш “Оюу толгой” компани 6 тэрбум гаруй ам.долларыг ханган нийлүүлэгчдэд төлсөн төлбөр, татвар, рояалти, цалин зэрэгт зарцуулсан. Зөвхөн 2016 онд гэхэд 279 сая ам.долларыг дотоодын ханган нийлүүлэгчдэд зарцуулж, 210.6 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газарт татвар, хураамж бусад төлбөрт төллөө. Эдгээр амжилт нь Монгол Улсад ханган нийлүүлэлтийн тогтвортой сүлжээ бий болгох чиглэлээр тусгайлсан, урт хугацааны стратеги баримталж ажилласны үр дүн юм. Хамтран ажилладаг Монгол компаниудын тоо жил ирэх тусам нэмэгдэж, аюулгүй ажиллагаа, чанар, үнэ цэнийг хүргэхийн төлөө хамтдаа хичээнгүйлэн ажиллаж байна. Ингэснээр бидний зарцуулж буй 10 төгрөг тутмын 8 төгрөг нь дотоодод зарцуулж, 2 төгрөгийн худалдан авалт тутмын 1 төгрөг нь үндэсний компаниудад ноогдож буй юм. Өнөөдрийн арга хэмжээ өндөрлөхөд, дараачийн амжилтыг бүтээх компаниуд энэ танхимаас төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсыг олон улсын тавцанд таниулах үүргээ биелүүлэхэд бид таны итгэлтэй түнш байх болно” хэмээн онцлов.

2013 оноос хойшхи Үндэсний худалдан авалт:

“Оюу Толгой” ХХК-ийн Засгийн газар олон талт хамтын ажиллагаа хариуцсан Ерөнхий менежер Л.Оргил: “Өнөөдөр бид өнгөрснөө харж, ирээдүйгээ хэлэлцэж байна. Томоохон төслүүдийн нэгэн адил “Оюутолгой”-н туулсан зам дардан байгаагүй. Гэвч Монгол Улсын хувьд “Оюутолгой” төсөл дэлхийд нэрээ таниулах олон бизнесийн түүчээ нь болж чадсан. Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” нь уул уурхайн салбартаа аюулгүй ажиллагааны сайн үзүүлэлтээр тэргүүллээ. Баяжуулах үйлдвэр ажиллаж эхэлснээс хойш гурван жилийн дотор олон улсын зах зээлд гурван сая орчим тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн нийлүүлээд байна. Гүний уурхай ашиглалтанд орсноор “Оюу толгой” нь дэлхийн зэсийн салбарын хамгийн чухал төслүүдийн нэг болно. Бид Монгол зэсийг дэлхийд хүргэж, гэрлийн шил, гар утас, хиймэл дагуулыг бүтээлцэн, хүн төрөлхтөний амьдралд ул мөрөө үлдээж буй нь бахдалтай” хэмээв.

Ажлын байр болон орон нутгийн эдийн засаг:

Ийнхүү гүний уурхайн малталтын ажил үргэлжлэн эрчимжиж буй энэ үед үйл ажиллагаанд шаардагдах бараа, үйлчилгээний эрэлт аль хэдийнэ эхэлжээ. Тодруулбал гүний уурхайд шаардлагатай бэхэлгээ, бетон зуурмаг, агааржуулалтын тууз, өндөр нягттай полиэтилен шугам хоолой, насос зэрэг олон бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой юм байна.

“Оюу Толгойн Далд уурхайн бүтээн байгуулалтын ханган нийлүүлэгчдийн форум”-ын гадна ханган нийлүүлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *