Нэн ховор амьтны тоонд зүй ёсоор багтсан бөхөн гөрөөсний эврийг хууль бусаар тээвэрлэж явсан Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын харьяат Э гэгчийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Сэжигтэн Э 78 ширхэг эврийг бусдад худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан нь илэрсэн бөгөөд түүний уг үйлдэлд Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна.
Тэгвэл сэжигтэн Э дээрх эврийг гоц халдварт өвчнөөр үхэж, газарт булсан бөхөнгийн эврийг ухаж авсан байж болзошгүй аж. Саяхан мялзан өвчин дэгдэж олон тооны бөхөн үхэж байгаа талаар мэргэжлийн байгууллагынхан мэдээлсэн. Тэд ном журмын дагуу үхсэн бөхөнг усгтаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа хэмээсэн боловч эвэртэй нь булсан байна. Учир нь холбогдох байгууллагын мэргэжилтнүүд бөхөнгийн сэг зэмийг устгахдаа эврийг нь тусгай хяналттайгаар авч хадгалах талаар санал гаргаж байсан ч Онцгой комиссынхон тоогоогүй юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр уг хэрэгт сум орон нутгийн удирдлагууд ч холбогдоод байгаа гэнэ.
Дээрх сэжигтэн Э-д үүсгэсэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203.2-т заасан зүйл анги нь “Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалттай.
Дашрамд, Бог малын мялзан өвчний улмаас Говь-Алтай, Ховд аймагт 3000 орчим бөхөн үхэж, хорогдоод байгаа юм.