Categories
мэдээ улс-төр

АН-ын даргаар С.Эрдэнэ тодорсныг албан ёсоор зарлалаа

Төрийн ордонд АН-ын даргын сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулах хэвлэлийн хурал боллоо. АН-ын дарга З.Энхболд, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Эрхэмбаяр, АН-ын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар хэвлэлийн хуралд оролцлоо.

АН-ын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар ийнхүү мэдээлэв.

-Нийтдээ 176 мянган гишүүн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан. Үүнээс 120 703 гишүүн сонгуульд оролцох саналын эрх нь нээгдсэн. Үүний 78,2 хувийн ирцтэйгээр сонгууль явлаа. АН-ын сонгуулийн дүн гаргасан онцлог шууд сонгогчдын авсан саналаар гаргаагүй, сонгогчдын өгсөн саналыг онооны системд хөрвүүлж дүнг гаргасан. Нийт улсын хэмжээнд авбал зохих нийлбэр оноо нь 8350 оноо. Үүнээс таван нэр дэвшигчийн хэн нь хамгийн өндөр оноо авав гэдгээр энэ сонгуулийн ялагч тодорсон. Өчигдөр 22 цагт сонгуулийн санал авч дууссан. Санал тоолох үйл ажиллагаа хэсгийн хороод дээр нээлттэй ил тод байдлаар сонгуулийн хорооны ажилтнууд, ажиглагч нарыг байлцуулж, саналын хуудсыг нэг бүрээр нь гаргаж ирж камерт харуулж, тоолсон онцлогтой сонгууль болсон. Ингээд нэр дэвшигчдийн авсан саналыг эцсийн байдлаар танилцуулья.

Өглөөний таван цаг хүртэл аймаг орон нутгаас дүнг авч нэгтгэсэн. Ингээд төв аймаг, Сонгино хайрхан дүүргийн дүн ялигүй удааширсан учраас өнөө өглөө тухайн салбар хороодоос дүнг авч АН-ын даргын сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар та бүхэнд зарлахад бэлэн боллоо. Монгол Улсын хэмжээнд нэр дэвшигчдийн авсан нийлбэр оноогоор Н.Алтанхуяг 2033, Ж.Батзандан 1110, Л.Гантөмөр 1417, С.Эрдэнэ 2920, Д.Эрдэнэбат 857 оноо тус тус авсан байна. Хамгийн өндөр оноо авсан С.Эрдэнийг ялагчаар тодруулж байна гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *