Ангийн хэсэг нөхөд Б.Батхүүгийн “Орчлон” тоглолтыг зохион байгуулахаар Багануур руу явж байгаа нь. 2001.04.20
Яруу найрагч болох чин хүсэлдээ хөтлөгдсөн залуусын цээжинд өөрөөс нь мундаг яруу найрагч байхгүй мэт ёстой л цанхтай азарга шиг омголон амьтад 2000 оны хонгор намар цуглаж байж. Тэр оны есдүгээр сарын нэгний өдөр Монголын зохиолчдын эвлэлийн дэргэд “Монголын нууц товчоо” хэмээх утга зохиолын дээд сургууль анх өрхөө татсан түүх бий. Утга зохиолд элэгтэй, яруу найргаар баахан өвчилсөн залуусыг Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсан хаа газраас цуглуулж анхны сэтгүүлч-утга зохиолын ажилтны ангиа нээж байсан нь тэр. “Монголын нууц товчоо” хэмээх энэ сургуулиас Монголын утга зохиол, сэтгүүл зүйн нэгэн цаг үеийнхэн яалт ч үгүй өндийсөн билээ. За даа, сэтгүүлч болно гэхээсээ өмнө өөрсдийгөө том яруу найрагчид тооцсон залуус л Зохиолчдын эвлэлийн гурван давхрыг бужигнуулж байсан аж. Тус сургуулийн сэтгүүлч-утга зохиолын ажилтны анхны төгсөлтийнхнийг энэ удаа “Нэг ангийнхан” буландаа онцоллоо. Ихэнх оюутнууд аравдугаар ангиа төгсөөд их сургуулийн босго алхдаг байсан бол тэдний хувьд 18-40 насны 30 оюутан анх элссэн ч арвуулаа төгссөн юм байна. Шүлэг бичих дуртай олон залуус элсэн орсон ч замын дундаас яруу найраг гэхээсээ илүүтэй өөр зүйлийг сонирхож “Утга зохиол гэдэг өөр зүйл байдаг юм байна” гэдгийг ухаарсан зарим нь өөр сургуульд шилжсэн байх юм. Хэнтийгээс Оросын Холбооны Улсын Буриад улсын алдарт яруу найрагч Мэлс Самбуевайгийн нэрэмжит олон улсын яруу найргийн наадмын гран при шагналт Б.Батхүү, Богд уулын баруун суганаас Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга нартай хамт шүлгээ дуудаж утга зохиолын хүрээнийхэнд эчнээ танил болсон Д.Гомбосүрэн, Өвөрхангайгаас Цэдэндоржийн Батбаяр, Түмэндалай, Өмнөговиос Уранчимэг, Завханаас Г.Золбаяр, Дорноговийн Алтанширээгээс Сэрдамбын Боргил, Санзайгалсангийн Ууганбаяр, Хөтөлөөс Ц.Бүдрагчаа, Эрдэнэтээс М.Отгонбаяр, Ховдоос Х.Насанжаргал, Урантуяа, Саруулжаргалант, 1997 оны “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тэргүүн байрын шагналт зохиолч Жагзамын Сарантуяа Дундговиос XX зууны шилдэг 100 хүүхдийн зохиолд “Бордоотой бороо”, “Сүүдэр хүү” зэрэг бүтээл нь багтсан нэрт зохиолч Самбуугийн Надмидын охин, хүүхдийн зохиолч Мандал, орчуулагч Туяа гээд утга зохиолд ойр явсан, үеийнхэндээ тоогдсон уран бүтээлчид энэ л ангиас төрөн гарчээ. Д.Гомбосүрэнгийн хэлснээр бол хөгшин голдуу оюутнууд сурч байсан юм байх. Ангийнх нь эрчүүд бол автобусанд голдуу туулайчилдаг, өвлийн хүйтэнд сургууль дээрээ хичээл давтах нэрээр хоночихдог сайн эрс байжээ. Энэ ангийнхны давуу тал нь нэрт судлаач Х.Сампилдэндэв, Ч.Билэгсайхан, Ардын уран зохиолч Д.Цоодол, П.Бадарч, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, Д.Чинзориг нараас номын дуу сонсож байсан азтай. Багш нараас хамгийн залуу нь “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо. Харин ангийн багш нь Төрийн шагналт яруу найрагч Дамбын Төрбат юм. С.Ууганбаяр Алтанширээ сумандаа мал маллаж байгаад Багшийн коллежид оюутан дүүгээ эргэхээр есөн сард ирэхэд нь “Миний нутаг сайхан” гээд яруу найргийн наадам болоход анх удаа тайзнаа гарч шүлэг унших завшаан тохиож. “Улаанбаатар” чуулгын байранд болсон тэр яруу найргийн наадамд “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж түрүүлж байсан юм. Шүүгчээр нь Х.Сампилдэндэв, Д.Төрбат, Б.Ичинхорлоо нар сууж, Д.Төрбат найрагч наадмын дараа Ууганааг “Хаана юу хийдэг хүүхэд вэ” гэхээр малчин гэтэл “Сурах хүсэл байвал хүрээд ирээрэй” гэчихээд яваад өгч. Дүүгийндээ нэлээд хэд хонож байтал сумынх нь сургуулийн багшаар дамжуулан ирж уулзах хэрэгтэй байна гэхээр нь Монголын зохиолчдын эвлэлийг хүнээр заалгаж аваад очсон тэр цаг үе нь оюутан болох эхлэл байж. С.Ууганбаяр “Манай С.Боргил л уруу татан оруулсан юм” гэтэл Д.Гомбосүрэн “Намайг ч гэсэн Боргил оруулсан юм. Дэнжийн мянга дээр мах зарах гээд бэлтгэлийн өмдтэй, өнөөх нь уранхай, хөлөндөө бахиал өмссөн, халамцуу чигээр минь охь, бохь нь ханхалсан амьтныг зохиолчдын хороон дээр дагуулж ирээд шууд л сургуульдаа оруулсан юм” гэлээ. Манай сургууль чинь авьяастай хүүхдүүдийг нээх зорилгоор авч ирсэн юм шүү дээ хэмээн “даналзана”. Аравдугаар сарын эхээр анх хичээлдээ ирсэн С.Ууганбаярын хичээлийн анхны өдөр “Хэнтийн” хэмээн нутаг усаараа овоглож, өөрийгөө савдагт хайрханд бодсон их эр “Орчлон” нэртэй шүлэг уншсан нь тун дажгүй санагдаж байсан аж. Ингэж л нөхөрлөл эхэлжээ.
С.Боргил, С.Ууганбаяр, Д.Гомбосүрэн, Б.Батхүү нар 2002 онд 1000 оюутны байрны зүүн талд Орос цэргийн оршуулгын газрын хашууханд таван ханатай гэрт хамт амьдарцгаажээ. 1000 оюутны байрны дэргэд байдаг болохоор “1004” оюутны байр хэмээн таван ханатай гэрээ нэрлэжээ. Тэр гэр нь Д.Гомбосүрэнгийнх (Гоёо) агаад тэдэн дээр нэмээд Гоёогийнх нь эхнэрийн дүү нар гээд ер нь бол өнөр өтгөн амьдарцгаажээ. Тэдэн дээр нэмэгдээд ангийнхан нь, яруу найрагчид гээд хөл толгой нь мэдэгдэхгүй шахам байх нь элбэг. Нэг өдөр мөнгөгүй болцгоож Д.Гомбосүрэн гэр бүлээ тэжээхээр Богд уул руу самранд явлаа гээд гарчээ. Үүрээр хөө хортог болсон хүн хар гөрөөс шиг юм нэг шуудай самар тэврээд ороод ирж. Ууганаа ч өөрийг нь тэжээхээр яваад ийм болоод ирсэн найзаа шоолж зүрхлэлгүй сууж байтал харин С.Боргил хөнжлийнхөө дээгүүр харж байснаа пөг пөг инээтэл Батхүү нь “Нэгийгээ зовж зүдэрч яваад ирэхэд шооллоо” хэмээн хавар цагийн эцсэн хонь шиг үс унгасаа цувуулсан хөнжилдөө цагариглаад хэвтэж байсан аж. Хүн хар гөрөөс шиг найзаа цэвэрлэж аваад хичээлдээ явах гэтэл унааны мөнгөгүй байсан тул Боргил нь уут дүүрэн самраа тэвэрч аваад зарахаар гарчээ. Төд удалгүй инээд алдсан хүн л гар утсаар яриулдаг эгчид бөөндчихлөө гээд орж ирснээр тэд мөнгөтэй залгаж байсан түүхээ ярьцгаав. Өнөө хэд мөнгөтэй болсон тул алийн болгон унаанд үнэгүй явахав гээд мөнгөө өгцгөөжээ. Батхүү, Боргил нар тролейбус руу харснаа “муу уяатай нохой дандаа хичээлээс хоцрооно. Өвөл нь хөргөгч шиг, зун нь жигнүүр шиг” гээд хэзээ ч дахин суухгүй мэт ярьж байтал мөнгөө төлөөгүй гээд тролейбуснаас хөөгдөхөд нь хараад хоцордог зүг нэг охин жуумагнан инээж байж. Өнөө хоёрынхоо өмнөөс баахан ичицгээжээ. Ийм дүр зургийг нь эвдэн өнөөх Гоёо автобусанд чанга дуугаар шууд л шүлэг уншаад эхэлж. Хүмүүс ч нэлээн гайхаж байсан байх тийм ээ хэмээн өөр хоорондоо инээлдэн суусан юм.
Тэд оюутан байхдаа нэг өдөр ярилцаж байгаад Монголын утга зохиолд нэрнийхээ үсгээр “БаГомБоУу” хэмээх шинэ урсгал оруулж ирье гээд ярьтал Батхүү “Тэр нь ямар шүлэг байх вэ” гэснээр эрлээ эхлүүлж шөнийн нойроо барсан гэдэг. Тэр шүлэг нь мөр бүхэн нь есөн үгтэй, есөн мөртэй 81 үгнээс бүтэх ёстой гээд сүрхий яриа болсон ч олигтой үр дүнд хүрээгүй тул тэгсгээд бүлгэм татан буугджээ.
Тэднээс арай амьжиргаатай нь Д.Гомбосүрэн. Амьжиргаатай гэдэг нь ангийнхаа гурван найзыг тэжээхийн дээр гэр бүлээ хамтад нь авч явдаг сүрхий эр байсан гэнэ. Бүх эрх мэдэл Гоёогийнх нь гарт байдаг, ер нь түүний хэлснээр бүгд яах ийхээ зохицуулна. Гэр бүлийнхээ төсвийг захиран зарцуулагч нь Гоёо тул өнөө хэд нь дагахаас өөр аргагүй. Одоо харин Богд уулынхаа баруун энгэрт малаа маллан, шүлгээ бичсээр суудаг аж. Д.Гомбосүрэн нь оюутан байхдаа “Олон намрын бүсгүй” гэж гайхалтай шүлэг тэрлэсэн юм байх. С.Ууганбаяр “Гоёогийн энэ шүлэг миний мэдэхийн 10 гаруй эзэнтэй. Энд тэнд явж байхдаа нэг бүсгүйд очоод чамд ийм нэг шүлэг зориулж бичлээ гэдэг. Орой нь эхнэртээ очоод ханьдаа зориулж ийм нэг шүлэг биччихээд ирлээ” гэж байгаад л уншиж өгдөг байсан гэнэ. Тухайн үед энэнээс өөр гайгүй шүлэг байдаггүй байсан юм уу, энэ шүлгээ л уншаад явдаг байсан гээд хүд хүд инээнэ.
Дөрвүүлээ нэг өдөр тойрч суугаад “Ингэж амьдарч бүтэхгүй нь” гэж ярилцаад байшин барихаар болж. Цаахна талд нь “Цайз” зах байдаг тул морин тэргээр зах зөөж, шар шавраар шавахаар тохироод байсан гэнэ. Банзнуудаа буулгачихаад байж байтал С.Боргил “Би унд хийж байя” гээд гэр рүү яваад орсон байна. Өнөө гурав ч гортиг, чиг ус юм болж байгаад овоо том байшин барихаар болж. С.Боргил нь унд бэлдчихээд өнөө хэдийгээ дуудахаар гараад иртэл байшингаа бараг босгочихсон байжээ. Энэ талаараа С.Ууганбаяр “Боргилыг гараад ирэхэд бид бараг байшин барьчихсан байсан юм. Гэр барихаас хурдан байшин барина гэж юу байхав. Бас болоогүй наран талдаа хоёр том цонхтой, зах банзаараа бас тасалгаа хийчихсэн” гээд инээмсэглэв. Дранкаа хадаж, шар шавраараа шавахчаа аядсан байна. Ер нь бол байшин барих ямар ч төсөөлөлгүй дөрвөн нөхөр ингэж байшингийн зах зухаас зууралдаж байгаад мөнгөгүй болоод ажил нь зогсчээ. Намар Ууганаа нь Дорноговиос гэрээ авч ирэн хамар хашаанд нь шахам барьж өрх тусгаарласан гэнэ. Өвөл нь түлээгүй болж Гоёо, Ууганаа хоёрынх өнөө дутуу барьсан байшингаа буулгаж түлээд нэг өвлийг дааралгүй давсан байх юм. Бас л хөөний эрс байсан байгаа биз.
Шүлэг, яруу найргаар өвчилж явсан тэдний ангийнхан яруу найргийн наадмуудад их оролцдог ч нэгийн даваанд голдуу хасагдана. Орой гэртээ харихаар цахилгааны мөнгөө төлөөгүй гээд тогийг нь тасалчихсан байдаг тул лаагаа асааж аваад байр эзлээгүй яруу найргийнхаа наадмын талаар, тэргүүн байрт шалгарсан найрагчийн шүлэг тааруухан байсан тухай ярьцгааж сэтгэлээ амраагаад унтацгаадаг байж дээ гэцгээнэ.
Оюутан байхдаа ангиараа “Тамгатай айраг” хэмээх яруу найргийн цэнхэр номоо гаргаад “цэнхэр ус”-аар даруулаад жигтэйхэн байцгаасан нь 2003 он хавьд аж. Д.Пүрэвдорж багшийнхаа хичээл дээр юм үзээгүй царайлж бүгдээрээ номоо эргүүлж суутал багш нь “Шинэ ном гарахад үнэр нь хүртэл сайхан байдаг юм. Та нар ч мэдрэхгүй л дээ. Мэдрэх шинжтэй шүлэг наад номонд чинь алга байна лээ” гэснээр ангиараа алгадуулаад авах шиг болжээ. Ангийн найз Ц.Батбаяр нь хичээлээсээ нэлээд хоцрон орж иртэл Пүүжээ багш нь “Манай Өвөрхангайд нэг дарга байсан юм. Түүн дээр ажилтан нь орж ирэхэд “Даш минь чиний наад гутал дээр тариа тарихаар болжээ” гэсэн гэдэг” хэмээн битүү хатуухан гутлаа цэвэрхэн өмсөж байхыг сануулж байсан гэдэг. С.Боргил, Д.Гомбосүрэн хоёр араас нь орж иртэл Боргилд хандан “Өөрийгөө аугаа их гээд бодчихоор алс хэтдээ цааш явахад газар олдохгүй чамд л хэцүү байна даа. Яагаад хичээлийн цагаар архи уугаад байна” гэхэд “Би уугаагүй Ш.Цогт ахын шарыг нь тайлах гэж нэг шил авч өгсөн” гэтэл Д.Пүрэвдорж агсан “Чи Цогтод шил архи авч байгаа юм бол Явуу, Гайтавт ёмкосоор нь авч өгөх үү. Гомбосүрэн гэж нэг хөөтэй төлөг шиг юм байна. Одоо бүр эргүү хурга шиг боллоо. Хүний хөл гүйцдэг хүн тэр хүнтэйгээ явдаг юм” гээд л банга хүртээж. Үүнийг сонсож суусан Ж.Сарантуяа хамт суугаа охинтойгоо юм ярин инээж байтал “Сарантуяа гэж үрээ байдас дагуулсан зөнгөр гүү шиг юм. Чамд ном сурах шинж байна уу” гээд л хандыг нь дарж байсан тухай ярьцгааж мундаг хүн байсан даа хэмээн захирал багшаараа бахархана. Энэ мэтчилэн хөөтэй зүйлс их болдог байжээ. Уг нь бол Пүүжээ багшаас нь өөр хүн хичээл орвол С.Боргил “Тэнгэрийн шувуу шиг эмнэг цагаан заяа Тэнгисийн салхи шиг зоргоороо цыган бүсгүй” гээд л, Гоёо нь “Аяа миний хайр Авдрын ууланд аргалаа түүж яваа Асах галын дөлийг Ар нуруундаа тээж яваа”, Б.Батхүү “Орчлонгийн гоёл магнайдаа байдаг Одод тэнд нь чуулдаг” гэх мэтчилэнгээр шүлгээ уншаад хичээлийг ерөнхийдөө хийдүүлдэг байцгаажээ.
Нэг өдөр Пүүжээ багш нь нэрт судлаач Ч.Билэгсайханы хамт ирээд шүлгээ унших боломж олгоход бүгдээрээ л уншицгаасан юм байх. Д.Гомбосүрэнг “Шүлэгтэй өтөлж яваа юм, хөөрхий”, Хөтөлийн Ц.Бүдрагчааг “Юу ч уншихгүй, чи яаж шүлэг бичдэг юм”, Эрдэнэтийн М.Отгонбаяр гэх бүсгүйг “Чи айлын нөхөр харсаар яваад дуусч байгаа хүн үү”, Ууганааг “Намайг алдахын тоогоор чулуундаа цав авч зовсоор Намхан болсон толгод минь” гээд унштал “Тэр муу хөөрхий толгодод бүтэн чулуу үлдээгүй байх даа, энэ Ууганбаярын царайг хараад байгаарай” гээд бараг л дахин шүлэг бичмээргүй болтол нь зад шүүмжилжээ. Х.Насанжаргал харин “Балчирхан байхдаа би халтархан жаал байсан Багана тэвэрч айлын боорцог горьддог байсан” гээд уншихад нь “Ядаж өөрсдийнхөөрөө байж сур” гээд Насаад нь гурав, бусдад нь онц муу дүн тавьсан тийм ээ, хэмээн хөхрөлдөцгөөнө.
Тэд ямар ч хичээл орсон шүлэг бичээд суудаг, шүлгээс өөр зүйлийг тэр бүр тоогоод байдаггүй хэнэггүйхэн, хээрийн салхи шиг эрх дураараа явж. Аминдаа тулахаараа шалгалтаа аргалаад өгчихөө мэднэ. Сэтгүүлчийн ангийн яруу найрагч оюутнууд энд тэнд очиж тоглолт их хийдэг байж. Уг нь ашиг олох гэж тоглолт хийдэг ч олсон юм нь гавьж байгаагүй юм билээ. 2001 онд Хэнтийн Батхүү нь Багануурт “Орчлон” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн юм байна. 2004 онд сургуулиа төгсөөд ангийнхан нь нутаг нутаг руугаа амьдрал хөөн явсан тул хотод ойроороо С.Ууганбаяр, Д.Гомбосүрэн, Б.Батхүү, Н.Мандал, Ж.Сарантуяа нар сэм уулзалддаг гэнэ.
Нэг өдөр англи хэлний шалгалт авч байтал нэгэнт хэл мэдэхгүй юм чинь зүгээр сууж байхаар гээд С.Ууганбаяр “Харийн хэл сонсож
Хэлгүй болсон Ууганаа
Холын аялгуу сонсож
Дүлий болсон Гоёо
Гадаадад очсон шиг
Гайгүй болсон Боргил
Балар цагийн сармагчин шиг
Балай болсон Батхүү
Бидэн дөрвийн заяа
Бийрийн үзүүрт байна уу
Багшийн тавьсан дүнд байна уу” гэхчилэн бичиж байтал Гоёо шалгалтын цаасыг багшид нь аваачиж өгснөөр хэрэг мандах байх гэтэл багш нь харин ч хадгалаад үлдсэн байна лээ гэцгээнэ.
Ангийхнаасаа Сэрдамбын Боргилтой 2007 оноос хойш хэн ч уулзалдаагүй юм байна. Усанд хаясан чулуу шиг ор сураггүй болсон гэдэг. Монголын утга зохиолын хүрээнийхэн хүртэл түүнийг хаачсан талаар нь одоо болтол сураг ажиг тавьсаар байдаг билээ. Өнгөрсөн цаг хугацаа тэдний амьдралд уран бүтээлд унаж, боссон он жилүүд байжээ. Гуниг баяр нь хүртэл ижилхэн мэт нөхдөө он цагийн цаанаас дурсахад хөнгөн инээмсэглэл зүрх уясган тодордог хэмээцгээж байсан билээ.