Categories
гадаад мэдээ

Д.Трамп, Т.Мэй нар харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар хоёр талын харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцсон боловч Оростой хэрхэн харилцах тухайд харилцан адилгүй байр суурьтай байна.

Д.Трамп баасан гарагт Цагаан ордонд хатагтай Т.Мэй-г хүлээн авч уулзсан байна. Т.Мэй нь өнгөрсөн долоо хоногт Д.Трамп тангараг өргөснөөс хойш АНУ-д айлчилж буй гадаадын улсын анхны удирдагч юм. Их Британи Европын Холбооноос гарахаар болсонтой холбоотойгоор хоёр талын худалдааны гэрээ байгуулах, “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг дарах арга хэмжээ авах зэрэг асуудлыг тэд хэлэлцжээ.

Уулзалтын дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэр Д.Трамп хэлэхдээ “манай хоёр улс бол онцгой харилцаатай улсууд.Манай улс Их Британитай бизнесийн болон бусад салбарт харилцаагаа бэхжүүлэхийн тулд хамтран ажиллана” гэжээ.

Харин Т.Мэй хэлэхдээ “хоёр улсын ашиг сонирхолд нийцсэн хоёр талын худалдааны хэлэлцээр байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна. Тэрбээр Д.Трампыг энэ оны сүүлчээр Их Британид айлчлахыг урьжээ. Д.Трамп урилгыг хүлээн авсан аж.

Оросын тухайд Д.Трамп хэлэхдээ “Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах тухай ярихад хэтэрхий эрт байна гэж би бодож байна” гэжээ. Гэхдээ тэрбээр цааш нь хэлэхдээ “ОХУ-тай сайн харилцаатай байх нь маш чухал ач холбогдолтой” гэжээ.

Тэгвэл Т.Мэй хэлэхдээ “Украины зүүн нутагт гал зогсоох хэлэлцээрийг ОХУ бүрэн дагаж мөрдөх хүртэл хориг арга хэмжээг цуцлахгүй байх хэрэгтэй” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *