Categories
мэдээ нийгэм

Гиннест бүртгүүлэх Хүндэтгэлийн даалинг 6 сарын хугацаанд урлана

Монгол төрийн сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагт, Их дагина Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, хөөрөгний даалин нь өнөөдөр Богд хааны ордон музейд нээлтээ хийсэн “Хатгамлах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнгийн танхимд хүндтэй байр эзэлнэ.

Нүүдэлчдийн гайхамшигт соёлын өв болсон уран хатгамал, зээгт наамал, зоос ширээний сүлжмэлийн урлалын түүхийг тэр бүр олонд дэлгээд байдаггүй. Эдгээр сан хөмрөгийн ховор нандин үзмэрүүд болон өнөө цагийн 50 гаруй уран хатгамалчийн сор болсон 200 гаруй бүтээлийг энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн байв.

Тодруулбал, XX зууны эхэн үед Богд хааны ордны шилдэг урчуудын урласан Дондогдулам хатны маргад шигтгээтэй тоорцог, тамхины хавтага, манан тээгтэй аяганы хавтага, Богд хааны сувдан хээтэй хантааз, магнаг торгон ёст дээлийг дэлгэсэн нь хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байлаа.

Богд хааны торгон ёст дээл нь сав шим ертөнцийг дүрсэлсэн хээтэй, шар хоргой өнгөтэй, эржгэр хар хилэн хөвөө, хиаз захтай, магнаг торгон нударгатай, таван гуулин товчтой, дурдан дотортой тэрлэг дээл аж.

Мөн Богд хааны хар хилэн хөвөөтэй, улаан эмжээр, шар торгон сампинтай сандуй бурханы тоог бэлгэдсэн 32 ширээстэй хилэн малгай, язгуурын таван бурхант титэм, хөх торгон дотортой, дөрвөн буланд нь луу, хангарьд, дун, арсланг зүү ороож хатгасан шар торгон даалинг дэлгэжээ.

Дондогдулам хатны маргад шигтгээтэй тоорцог нь хар торгон суурьтай жижиг сувдан битүү дагнаас хээн дээр дунд зэргийн сувд давхар шигтгэсэн чимэгтэй, магнайд нь алтан суурьтай, очир эрдэнээр хүрээлсэн маргад чулуун шигтгээтэй шүрэн эм хас хээтэй сувдан сампинтай, улаан торгон дотортойг нь үзвээс хатгамалчдын урыг илтгэнэ.

Богд Хааны Ордон музейн захирал О.Мэндсайхан хэлэхдээ, “Монголын ард түмний гар урлал бол гайхамшиг юм. Түүхийн археологийн олдворуудыг харахад монголчуудын нүүдэлчин ахуй соёлтой холбогдон оёдол хатгамал гайхалтай хөгжиж ирсэн байдаг. Үзэсгэлэнгээс 100 гаруй жилийн өмнөх урлалын бүтээлүүдийг орчин үед хэрхэн хөгжүүлж байгааг харьцуулан харах боломжтой” гэв.

Энэхүү бүтээлээ Гиннесийн номонд нэр дэвшүүлэх үйл ажиллагааны эхлэл болгон өнөөдрийн үзэсгэлэнгийн үеэр хүндэтгэлийн даалинд уран хатгамалчдын төлөөлөл учиг шингээлээ.

Хүндэтгэлийн даалинг хүр хорхойн утсаар нэхсэн хамгийн тансаг торго, дээд зэргийн пүүсүүгээр шилдэг хатгамалчид зургаан сарын хугацаанд хамтарч урлах юм. Үүний зэрэгцээ хатгамалчид хамгийн хайртай дотны хүндээ зориулсан, сэтгэл шингэсэн даалинг урлан хүндэтгэлийн даалинг Гиннесийн номд бүртгүүлэх үеэр дэлгэн үзүүлэх юм.

Түүнчлэн Богд хааны ордонд үйл урлаж байсан уран гартай хатгамалчдын үр удам тасраагүй гэдгийг уг үзэсгэлэнгээс харах боломжтой.

“Эгнэшгүй санаа” төвийн тэргүүн, уран хатгамалч З.Цэнгэлсайхан хойч үедээ энэхүү үйл хэргийг залгамжлуулж, түгээн дэлгэрүүлж яваа нэгэн.

Тэрбээр, “Манай төв 2005 онд Дархан хотод байгуулагдсан. 1990-ээд оны үед уран хатгамал сонирхдог хүмүүс цөөрч, уламжлал алдагдаж байсан үед бид төвөө нээж байлаа. Сургалтаа эхлүүлснээр байдал жилээс жилд дээрдэж, охид бүсгүйчүүд уран хатгамлыг их сонирхдог болж байна. Миний хамгийн залуу шавь 9 настай бол хамгийн ахмад нь 76 настай. Нийт 3000 гаруй шавь сургаж төгсгөжээ. Сурах хүсэлтэй хүмүүсийн эрэлт хэрэгцээ их байгаагийн зэрэгцээ улам илүү ихийг сурах эрмэлзэлтэй болжээ. Анх зүү ороохыг зааж байсан бол одоо шат ахиулж үзүүр төгсгөл, сүлжээ, өнцөг булан хэрхэн хийх, өнгө будгаа тохируулах талаар нарийвчлан зааж байна. Манай төв уламжлалт талаа барьж сургалтаа явуулдаг. Манай хатгамалчид цорын ганц, хосгүй нандин бүтээлээ урласаар байна” гэв.

Сүүлийн үед техник технологи хөгжихийн хэрээр уламжлалт гар урлалын бүтээлүүд уусан алга болж, оёмол хатгамал бүтээлийг программчлан, компьютерт оруулж, амар хялбар аргаар, хэдэн мянгаар нь үйлдвэрлэх болсон. Гэсэн хэдий ч монгол хатгамлын зүү ороох оёдлыг хэзээ ч, ямар ч аргаар программчлах боломжгүй гэдгийг уран хатгамалчид хэлж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *