МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг шалгаруулах сонгон шалгаруулалт журмын дагуу явагдаж Үндэсний зөвлөл өнөөдөр шийдвэрээ гаргалаа. Олон нийтийн дунд нээлттэй зарлан явуулсан сонгох шалгаруулалтад есөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс Лувсандашийн Нинжжамц олонхийн саналыг авч Ерөнхий захирлаар томилогдлоо.
Үндэсний зөвлөлд битүүмжлэн ирүүлсэн есөн нэр дэвшигчийн материалтай ажлын хэсэг танилцаж, сонгон шалгаруулалтыг явуулжээ. Эхний шатны сонгон шалгаруулалтаас Б.Ундраа, сэтгүүлч Д.Цондовдорж, Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нинжжамц нар тунаж үлдсэн юм. Эдгээр хүмүүс дээр нууцаар санал хураалт явуулж, ерөнхий захирлыг шалгаруулсан байна.
Лувсандашийн Нинжжамц нь хууль зүйн ухааны магистр, Гадаадын орнуудад олон нийттэй харилцах чиглэлээр сурч төгссөн, Монголын хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажилласан туршлагатай. 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор, 1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2009-2010 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2010-2011 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, 2011-2016 оны зургаадугаар сар хүртэл “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байв.