Categories
мэдээ цаг-үе

Д.Алтай: Д.Трамп терроризмыг уг үндсээр нь устгахын тулд ОХУ-тай харилцаагаа сайжруулна

– Д.ТРАМПЫН БОДЛОГО АНУ БОЛОН ДЭЛХИЙ ДАХИНД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХ ВЭ –

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын хэрэгжүүлэх бодлогын талаарх судлаачийн ярилцлагыг сонирхуулъя. Энэ удаад ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Дэлхийн бодлого судлалын секторын эрхлэгч доктор, профессор Д.Алтайтай ярилцлаа.


-“АНУ-ыг аугаа болгоно” гэж гарч ирсэн Д.Трампын бодлого тус улсад болоод дэлхий дахинд ямар өөрчлөлт авчрах вэ?

-АНУ-ын энэ удаагийн Ерөнхийлөгчөөр насан туршдаа үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байсан тэрбумтан сонгогдсоныг дэлхий дахинд мэдэж байгаа. Тэрбээр эцгийнхээ үл хөдлөх хөрөнгийн салбарын бизнесийг маш амжилттай үргэлжлүүлж их хөрөнгөтөн болж чадсан. Үнэндээ Д.Трампыг БНН-ынхан өөрийнхөө намаас нэр дэвшүүлэх хүсэлгүй байв. Учир нь түүнийг гарч ирнэ гэдэгт итгээгүй юм. Анхан шатны сонгуулиар БНН-аас олон хүн нэр дэвшүүлэхэд Д.Трамп ялалт байгуулаад байсан болохоор арга буюу түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн хэрэг. Цөөн тооны судлаач, ажиглагчид Д.Трампыг ялна гэж үзэж байсан. Харин АНУ-ын CNN, ABC, NBC зэрэг сувгууд Хиллари Клинтоныг ялна гэж мэдээлж байлаа. Эцсийн дүнд Д.Трамп ялалт байгуулсан. Энэ хүн улс төрийн хүрээнд ажиллаж байгаагүй, бизнесмэн гэдэг утгаараа Америкийн улс төрийн амьдрал болоод тус орны хөгжил ирээдүйг өөр хандлагаар харж байгаа.

Америкийн дотоод амьдралд маш олон тулгамдсан асуудлууд байдаг. Тухайлбал, эдийн засаг, татварын бодлого цагаачлалын асуудал, бусад улс орнуудтай байгуулсан худалдааны гэрээ хэлэлцээрүүдийн алдагдал зэргийг шийдвэрлэхэд Д.Трампын дэвшүүлсэн санаа, амлалтууд нь түүнийг ялалт байгуулахад нөлөөлсөн. Мөн АНУ-ын гадаад харилцааны асуудалдаа хэд хэдэн зорилтыг хэрэгжүүлснээс нь харахад дэлхий дахины, олон улсын харилцаанд нэлээд өөрчлөлт бий болох нь тодорхой байна. Д.Трамп Ойрхи Дорнод болон томоохон их гүрнүүдийн хоорондын харилцаанд өөр өнцгөөр хандаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэлхий дахины олон улсын харилцааны өнөөгийн байдалд өөрчлөлт гаргахыг хүсч байгаагаа тэрбээр удаа дараа хэлж байсан. Ялангуяа ОХУ-тай таатай харилцаатай байхыг хүсч буй. Мөн дэлхийн номер нэг асуудал болсон терроризмтой тэмцэхэд АНУ нь ОХУ-тай хамтрах бололтой. 2011 оноос хойш үргэлжилж байгаа Ойрхи Дорнодын хямрал, Сирийн дайн, бусад бүс нутгийн зөрчил мөргөлдөөнтэй асуудлуудыг томоохон гүрнүүдийн зайлшгүй оролцоотойгоор хамтарч хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ үүднээс нь аваад үзэхэд Д.Трамп ОХУ-ын удирдлагатай хэл амаа ололцоод тогтоосон харилцаагаа хэвийн болгохын төлөө ажиллана гэдгээ илэрхийлж ирсэн. Тиймээс Д.Трампын энэ бодлого дэлхийн III дайн гарч болзошгүй гэсэн айдсыг өөрчилж чадна гэх найдлагыг төрүүлж байгаа юм.

-Ер нь Д.Трамп олон улсын терроризмтой тэмцэж, Исламын улсыг устгах тухай сонгуулийн кампанит ажлынхаа үеэр нэлээд ярьсан байх аа?

-Тэрбээр “Том, жижиг, гэлтгүй бүх улс орон хамтын хүчээр терроризмтой тэмцэх ёстой. Ялангуяа Аль Кайда бүлгийг устгана. Энэ террорист байгууллагуудыг санхүүжүүлдэг эх үүсвэр болох “Хамас”, “Хезболлах” зэрэг бүлэглэлүүдийг Осама бен Ладенг устгасантай адил үгүй хийнэ. Үүний төлөө АНУ тууштай тэмцэнэ, тэгэхдээ ОХУ зэрэг бусад оронтой хамтран тэмцэнэ” гэсэн. Лалын үзлийн хэт даврагчдыг дэврээхгүйн тулд олон улсын бага хурлыг хуралдуулах санаачилгыг гаргана гэж Д.Тармп мэдэгдэж байсан.

-Д.Трамп АНУ-ыг удирдсанаар олон улсын эдийн засаг болоод улс төрийн харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ?

-Д.Трамп гарч ирснээр олон улсын харилцаанд маш их өөрчлөлтүүдийг авчирна. Америкийн төрд эцэг, хүү Бушийн эсвэл Клинтоны гэр бүл ноёрхож байлаа шүү дээ. Тэднээс залхсан Америкийн ард түмэн сонголтоо хийсэн. “Өөр онцгой чадвартай хүн гарч ирлээ” хэмээн түүний хэрэгжүүлэх бодлогод итгэл найдлага тавьж байна. Д.Трамп бол бизнесмэн хүн. Тиймээс худалдаа наймаа, мөнгийг хэрхэн үржүүлж болох ухаан тэр хүнд байгаа шүү дээ.

Д.Трамп АНУ-ыг удирдаж байх хугацаанд тус улс Хятадтай нэлээд түвэгтэй харилцаанд орж магадгүй. Учир нь ам.долларын ханшийг унагахад Хятад валютын манепуляци хийсэн гэж үздэг. Валютын ханш хэлбэлзэхэд Хятад маш сайн тоглож чадаж байгаа юм. Үүнд Д.Трамп бизнесмэн хүн учраас эмзэг хандсан.

Эдийн засгийн хувьд Д.Трамп маш зоримог шийдвэрүүдийг хийхээ амласан. Тухайлбал, гадаадад ашиг олж байгаа Америкийн том, том үйлдвэрүүдээ эх орондоо татахын тулд татварын уян хатан бодлого явуулна. Мөн Америкийн гадаад худалдааны хэлэлцээрүүд ашиггүй байгаа. Тиймээс хойд Америкийн “Чөлөөт худалдааны гэрээ” гэж 1994 онд АНУ, Канад, Мексиктэй байгуулсан гэрээнээс гарна гэдгээ Д.Трамп тодотгосон. Сүүлийн үед Ази, Номхон далайн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах талаар Обама маш их ярьсан. Үүнийг АПЕК-ийн орнууд дэмжиж байсан. Харин Д.Трамп хэрэггүй гэж үзсэн. АНУ олон орнуудтай худалдаа хийдэг. Гэвч эндээс ашиг олж чаддаггүй. Иймд энэ алдагдалтай худалдааг эргэж харна гэж байгаа. Хятадын эдийн засгийн өсөлт саараад байгаа энэ үед Америк тус улстай хийх худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд өөрчлөлт гарч болзошгүй.

-Америкийн Төрийн тэргүүн НАТО-д нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ тухай тодруулахгүй юу?

-АНУ-ын гол түнш бол НАТО, Европын холбоо. Ази, Номхон далайн хамгийн гол түнш нь Япон байгаа. НАТО-г санхүүжүүлэхэд АНУ маш их хөрөнгө мөнгө, цэрэг зэвсэг, хангамж өгч байгаа. Д.Трамп НАТО-д маш их мөнгө зарцуулж байгаад шүүмжлэлтэй хандаж буй.

Мөн тэрбээр НҮБ-ыг юм хийдэггүй улсуудын зугаа цэнгээний газар гэж хүртэл хатуугаар шүүмжилсэн. Харин АНУ-ын үрэлгэн, хөрөнгө мөнгөө зарцуулж байгаа явдалд чанга хяналттай байж, ашиггүй зүйлд санхүүжилт өгөхгүй гэсэн прагматик байр сууринаас хандаж байгаа юм. Бас Солонгост байгаа 30 мянган америк цэргийн зардлыг Солонгосын Засгийн газар гаргах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Д.Трамп бизнесийн хүн байсан болохоор ашиггүй, хэрэггүй зүйлд хэзээ ч хөрөнгө зарахгүй нь ойлгомжтой.

-Тэрбээр Америк дахь хууль бус цагаачдыг эх орноосоо гаргана гэж байсан. Энэ асуудлыг яаж хэрэгжүүлэх бол?

-Америк, Мексикийн хооронд хана байгуулна. Урд зүгээс маш олон цагаач АНУ-д орж ирж байгаа учраас энэ асуудалд өөрчлөлт хийх нь гарцаагүй юм. Өнөөдөр АНУ-д 11 сая хууль бус цагаач амьдардаг гэсэн судалгаа бий. Тэдний тал хувийг ойрын хугацаанд АНУ-аас гаргана гэдэг хатуу бодлогыг Д.Трамп хэрэгжүүлнэ. АНУ-д хэт их цагаач орж ирснээр тус улсын нийгэмд түвэгтэй байдал тулгараад байгаа. Энэ асуудалд Б.Обама өөр бодлого хэрэгжүүлж байсан. Цагаачдын амьдрах эрх олж авах боломжийг нь хөнгөвчлөх арга хэмжээ авсан шүү дээ. Гэтэл Д.Трамп эсрэгээрээ хатуу арга хэмжээ авна. Хэрвээ гадаадын улс орнууд АНУ-д хууль бусаар орогнож буй өөрсдийн иргэдээ буцааж авахаас татгалзах юм бол тэдгээр орнуудын хувьд ч хатуу арга хэмжээ авна гэсэн амлалт өгсөн.

-Тус орны хууль, эрх зүйн бодлого яаж өөрчлөгдөх вэ?

-Д.Трамп энэ асуудалд маш олон шинэлэг зүйлийг ярьж явсан. Жишээлбэл, хар тамхины төрлийн марихуаны бодисыг хууль ёсны болгоно гэсэн. Мансууруулах бодистой тэмцэх бодлого хэтэрхий чанга байснаас хар тамхи хэрэглэдэг хүмүүс нууцаар хэрэглэж, энэ байдал дэлгэрч байна гэж үзсэн. Тиймээс АНУ-д хөнгөн чанарын мансууруулах бодисыг ил болгох, худалдахыг нь зөвшөөрөх юм байна. Холбооны 50 мужийн үзэл бодлоос шалтгаалан худалдаалах зөвшөөрөл олгоно гэж байгаа. Ингэж мансууруулах бодисыг ил худалдаалснаар ашиг олох боломжтой гэдгийг Д.Трамп харсан байгаа юм. Ер нь бол хөнгөн төрлийн хар тамхийг эрүүл мэндийн зорилгоор хэрэглэхийг зөвшөөрсөн Европын өндөр хөгжилтэй орнууд байдаг л даа.

Хууль засаглалын хувьд цаазлах ялыг хэвээр үлдээнэ гэж байгаа. Мөн Б.Обамагийн үед хэрэгжүүлсэн “Иргэд буу, галт зэвсэг эзэмших байдлыг хориглоно” гэсэн санаачилгыг Д.Трамп дэмжихгүй. АНУ-ын хуульд иргэн хүн өөрийгөө болон өмч хөрөнгөө хамгаалахын тулд буу хэрэглэж болно гэдэг заалт байдаг. Энэ заалтыг Д.Трамп хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн. Цаазын ялын тухайд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, терроризмтой холбоотой хүмүүст үйлчилнэ. Сүүлийн үед АНУ-ын цагдаа нарыг буудаж амь насанд нь халдах хэрэг их гарч байгаа. Хууль сахиулагчдыг хөнөөсөн гэмт хэрэгтнийг цаазлах нь зөв гэсэн байр суурийг Д.Трамп илэрхийлж буй юм. Мөн энэ хүн АНУ-ыг удирдаж байх хугацаанд шоронгуудыг хувьчлах асуудал хэрэгжиж магадгүй. Харин Куба дахь “Гуантанамо” шоронг хувьчлахгүй. Тэнд террорист хэрэгт холбогдсон хүмүүсийг хатуу аргаар байцаах тул хэвээр байлгана гэж үзсэн. Б.Обама энэ шоронг байхгүй болгоно гэж амлаж байсан ч хэрэгжээгүй. Гэхдээ хүмүүсийг нь нэлээд сулласан тал бий.

-Авлига, албан тушаалтай холбоотой асуудалд ямар байр суурь баримтлах бол?

-Төрд байгаа авлигатай хатуу тэмцэж, хууль цаазыг шударгаар биелүүлэхийг амласан. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн хязгааргүй эрх мэдлийг сулруулна гэсэн. Нэр зааж, CNN, NBC, ABC зэрэг Ардчилсан намын нэр дэвшигчдийг шууд дэмжиж байсан хэвлэлүүдийг онцолсон. Хэвлэл мэдээлэл бол дөрөв дэх засаглал гэдэг утгаараа биеэ даасан байх ёстойг ярьж байгаа юм. Д.Трампын хамгийн гол санаа нь бизнес, улс төр хоёр хэтэрхий сүлэлдэж болохгүй, бизнес бол бизнесээрээ, улс төр нь улс төрөөрөө байх ёстой гэдэг. Үүнд нэг сонирхол татаж байгаа зүйл нь хэдэн ч удаа сонгогдож болдог АНУ-ын Конгрессын гишүүнд тодорхой хязгаар тавихаа хэлсэн. Мөн төрийн албанд хүнд суртал байна, хэт нүсэр байна гэж үзээд тоог нь цөөрүүлэхээ амлаад байгаа. Гэхдээ шууд цомхотгол явуулахгүй. Харин тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчдын оронд шинээр хүн авахгүй байдлаар төрийн албан хаагчдын тоог цөөрүүлнэ гэдгийг заасан. Гэхдээ энэ бодлого батлан хамгаалах, аюулгүй байдал, эрүүл мэнд гээд нийгмийн үйлчилгээний чухал салбаруудад хамаарахгүй юм билээ. Авлигын ёс зүйтэй холбоотой асуудалд Конгрессын болон Америкийн засаг захиргааны өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс төрийн албанаас буусныхаа дараа таван жилийн дотор лобби хийж болох албан тушаалд томилогдох явдлыг хална гэсэн. Дээрээс нь АНУ-ын сонгуульд гадаад орны улс төрчид мөнгө цуглуулж, хандивлахыг хориглоно. Саяын сонгуульд Хиллари Клинтонд ийм явдал тохиолдож байсан. Кувейт, Ойрхи Дорнодын сангууд түүний сонгуулийн зардалд мөнгө хандивласан гэдэг асуудал гарсан шүү дээ. Тиймээс энэ байдлыг болиулна гэсэн. Төрийн албатай холбоотой хэд хэдэн ийм багц бодлогыг хэрэгжүүлнэ.

-Тэгвэл АНУ-ын эдийн засаг ямар болох вэ?

-Уул уурхайн зарим олборлолтыг нэмэгдүүлэх, шинээр зам гүүр байгуулах, зарим ажлын шинэ байр бий болгох зэрэг томоохон ажлуудыг дотоод эдийн засагтаа хийнэ. Ингэснээр Америкийн эдийн засаг сэргэнэ гэж үзсэн. Д.Трамп юуны өмнө татварыг бууруулахаа амласан. Өсөн нэмэгдэх татварын шатлалыг гаргасан байна лээ. Үүн дээр хүн амын орлогын албан татварын жилийн орлого хамгийн дээд талын түвшин 39 мянган ам.доллар байсныг 33 мянган ам.доллар болгож бууруулсан. Хүн амын орлогын албан татварын хувьд жилдээ 29 мянган ам.доллараас доош орлоготой бол татвараас бүрэн чөлөөлөх юм билээ. Жилийн орлого нь 29-59 мянган ам.доллар бол 12 хувь, 59-154 мянган ам.доллар бол 25 хувь, 154 мянган ам.доллараас дээш орлоготой бол 33 хувийн татвар төлнө. Орлого багатай хүмүүсийг дэмжих замаар ийм шатлал явуулж байна. Ер нь бол АНУ-ын эдийн засаг 2008-2009 оны хямралын дараа нэлээд суларсан. Б.Обамагийн үед гадаад өр ихэсч, төсвийн алдагдал нэмэгдсэн. Үндэсний орлого 2016 оны эхний хагаст 2,4 хувь байсан. Гэтэл ХХ зууны сүүлийн 30 жилд үндэсний орлого жил болгон 6,3 хувьтай байж. 2008-2010 оны хямралын жилүүдэд бүр ч сөрөг үзүүлэлттэй байсан юм билээ. Тэгэхээр Америкийн эдийн засаг 2000 он гарснаас хойш уналтын байдалтай байгаа. Тиймээс Д.Трамп Америкийг дахин аугаа болгоё гэдэг зорилт дэвшүүлсэн.

-Д.Трамп нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт шинэлэг өөрчлөлт хийх үү?

-Б.Обамагийн үед хэрэгжиж эхэлсэн эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрийг байхгүй болгоно гэдгээ Д.Трамп хэлсэн. АНУ-д 1965 оноос хойш “Эмнэлгийн туслалцаа үзүүлэх хөтөлбөр” хэрэгжиж ирсэн. Энэ хөтөлбөрөөр Холбооны мужууд харьяаныхаа өндөр настай, эмзэг бүлгийнхэндээ ямар халамж үзүүлэхээ өөрсдөө шийддэг. Үүнийг бол Д.Трамп өөрчлөхгүй юм билээ. Харин эмийн үнийг хөөрөгдүүлдэг компаниудтай нэлээд хатуу тэмцэх бололтой. Эрүүл мэндийн салбар нь эмийн компаниудаас эмийг нь худалдаж аваад даатгалын журмаар иргэдэд олгодог юм байна. Тиймээс Д.Трамп эмийн компаниудын үнэ бүрдүүлэх үйл явцыг ил тод болгоно.

Тэрбээр боловсролын салбарт тун сонирхолтой бодлого хэрэгжүүлнэ. Орлого багатай хүмүүс хүүхдүүдээ ямар сургуульд суралцуулахыг хүсч байна, тэрийг нь дэмжинэ гэж байгаа. Үүний тулд холбооны 20 тэрбум ам.долларын грант хандив бий болгоно гэдгээ амласан. Ядуу боломжгүй айлын ухаантай хүүхдүүдийг дээд сургуульд суралцах боломжийг нээх гэж байна. Мөн Америкийн дээд сургуулиуд бизнес хийж байгааг таслан зогсоохоо мэдэгдсэн.

-Энэ сарын 20-нд Д.Трамп тангаргаа өргөж засаг захиргаагаа байгуулна. Судлаач хүний хувьд та Д.Трампын томилгоог хэрхэн ажиглаж байна вэ?

-Саяын сонгуулиар БНН парламентад олонхи болчихлоо. Тиймээс хоёр танхимдаа тус нам олонхи учраас Засаг захиргаагаа шууд бүрдүүлээд явна. АНУ Ерөнхийлөгчийн засаглалтай болохоор Төрийн тэргүүн Ерөнхий сайдынхаа үүргийг давхар биелүүлдэг. Ерөнхийлөгчийн мэдлийн сайдууд, Төрийн нарийн бичгийн дарга нараа нэр дэвшүүлсэн байгаа. Тэднийг Конгрессоор батална. Төрийн нарийн бичгийн даргад нэр нь явж байгаа нөхөр бол нефтийн том компанийн захирал. ОХУ-тай нефтийн асуудлаар нэлээд гэрээ хэлэлцээр хийж байсан хүн л дээ. Оросуудтай гэрээ хэлэлцээр хийж чаддаг хүнийг Төрийн нарийн бичгийн даргаар томилно гэдэг бол нөгөө талаар оросуудтай хэл амаа ололцоход боломжтой гэдэг байдлаар тавьсан байх. Д.Трампын томилгооноос харахад дандаа төрийн ажилд туршлагатай хүмүүсийг сонгосон байна лээ.

-Бизнесээ хүүдээ өвлүүлсэн гэл үү?

-Д.Трамп анхны хэвлэлийн бага хурлаа өнгөрсөн долооо хоногт хийсэн. Гурван хүүхэдтэйгээ хамт ирсэн байсан. Энэ үеэр өөрийнх нь компани тэр чигтээ хоёр хүүд нь шилжиж байгааг дуулгаад “Би компаниа удирдах ажилд огт оролцохгүй, хүүхдүүд нь зөвлөгөө ч авахгүй” гэж хариуцлагатайгаар мэдэгдсэн. Энэ хэвлэлийн хурлаар маш олон зүйл ярихаар төлөвлөсөн байсан ч сэтгүүлчид АН-ын сонгуулийн штабыг оросууд хакердсан тухай асуусан юм билээ. Ер нь мань эр хакер ажиллагаа хийгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Америкийн тагнуулын газрыг Оросоос муу ажиллаж байна гэдэг байдлаар шүүмжилсэн.

-Ингэхэд америкчууд Тэргүүн хатагтайдаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Америкт төрөөгүй гэдэг утгаар нь ард түмэн сайнгүй хандлагатай байгаа бололтой. Ер нь Д.Трамп америк хүнтэй гэрлэж байгаагүй. Том гурван хүүхдийнх нь эхнэр чех гаралтай байсан. Дараагийн эхнэр нь бас л гадаадын иргэн. Харин одоогийн эхнэр нь словен гаралтай юм билээ. Тэрбээр Европт төрсөн АНУ-ын анхны Тэргүүн хатагтай гэдгээрээ түүхэнд бичигдэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *