Улсын Их Хурлын хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 35 минутад 73.7 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Үүнд Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг багтлаа.
Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан юм. Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т “…нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн…” хэмээн заасны дагуу төслийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй нэг саналын томьёолол болон төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүй найруулгын шинжтэй саналуудыг боловсруулсан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлнэ гэсэн байдаг, гэтэл төрийн мэдлийн, төрийн үйлчилгээний, төрөөс олгож буй эрхийн асуудлаар дотоодын шүүхэд хандах эрхгүй болох эсэхийг тодруулаад, тус хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлж буй Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулах үндэслэл, шаардлагын талаар тодруулсан юм. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, зөвхөн шүүхээр маргаан шийдвэрлэх байсан зохицуулалтыг энэ хуулийн төсөлд арбитраар шийдвэрлүүлэх боломжийг нээж, сонголттой болгохоор тусгасан гэдгийг тайлбарлав. Мөн талууд маргаанаа арбитраар шийдвэрлүүлнэ гэж урьдчилсан тохирсон тохиолдолд л арбитр шийдвэрлэх онцлог зохицуулалт байгааг танилцууллаа. Уг төсөл батлагдсанаар Монгол Улсыг НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Загвар хуулийг нутагшуулсан улсын бүртгэлд бүртгэх, олон улсын болон дотоодын арбитрын ажиллагааны зохицуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх, Монгол Улсын шүүхийн ачааллыг бууруулах боломжийг бий болгох ач холбогдолтой болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт мөн тайлбарласан. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил нар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Ийнхүү Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлахыг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 75 хувийн саналаар дэмжлээ. Мөн тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Мөн хуралдаанаар 2016 оны аравдугаар сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Төслийн үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаарх танилцуулгыг холбогдох хуулийн байгууллага болон иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан болохыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулгадаа дурдав. Ажлын хэсэг хоёр удаа хуралдан, өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудыг албан үүргээ гүйцэтгэх үедээ гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэрээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглохоор заасан байсныг өөрчилж, зөвхөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан албан тушаалтнуудад хамааруулах тухай төсөлд тусгахаар санал боловсруулсан байна. Түүнчлэн дээр дурдсан албан тушаалд сонгогдох болон томилогдох нэр дэвшигч гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэрээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол сонгогдсон эсхүл томилогдсон өдрөөс хойш гурван сарын дотор зохих арга хэмжээ авна хэмээн тодорхой бус байсныг өөрчилж, гадаад улсын банкинд нээсэн дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг авч, өмчийн байдалд өөрчлөлт орсон орлогын талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдүүлэх асуудлыг төсөлд тусгах, мөн төсөлд дурдагдсан албан тушаалтнууд гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд хамаарахгүй байх зохицуулалт дээр нэмж “дээр дурдсан тохиолдолд тухайн улсын банкинд өөрийн нэрээр данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан талаар АТГ мэдэгдэл гаргах” гэсэн тусгах санал гаргасан байна. Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй долоон саналын томьёолол, дагалдах хуулийн төсөлтэй холбоотой нэг санал гаргаж буйгаа танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар зарим зүйлийг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь “Монгол Улс цаашид офшор данстай холбоотой эрх зүйн орчныг сайжруулж, бусад улс орны жишгийн дагуу татварын системтэй уялдуулан зохицуулах нь оновчтой. Мөн “гадаад улс орон” хэмээн хавтгайруулахгүйгээр Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкнаас гаргасан жагсаалтад тулгуурлаад ч юм уу офшор бүсийг тодорхойлох арга хэмжээ авах нь зүйтэй” гэсэн санал хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, энэ хуулийн төслөөр 300 гаруй албан тушаалтан АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэхийн зэрэгцээ гэр бүлийнхэн нь хөрөнгө орлогоо мэдүүлж, ил болгох юм гэдгийг тодруулан хэллээ. Үргэлжлүүлэн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ийнхүү Хууль зүйн байнгын хороо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.