Categories
мэдээ нийгэм

Францын компани Монголд нарны цахилгаан станц барих санал тавьжээ

“Монгол Улс бол нарны эрчим хүчний диваажин” гэж гадны мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл бид цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 2-3 хувийг л сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж байгаа. Нүүрсний баялагтаа эрдсэн цамаархал, эдийн засгийн нөхцөл байдал гээд олон шалтгаан үүний ард бичигдэх нь гарцаагүй. Тэгвэл 40 жилийн өмнө Америкт нарны цахилгаан станц ашиглалтад орж байсан нь нефтийн хомсдолоос үүдэлтэй. Харин өнөөдөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, агаар мандал дахь нүүрсхүчлийн хийг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний оролцоо идэвхжиж, энэ бодлогод дэлхийн 150 гаруй улс орон нэгдээд байгаа аж. Манай улсын хувьд ч мөн энэ бодлогыг дэмжиж, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 30 хувьд хүргэх томоохон зорилт тавиад буй. Үүнийг Эрчим хүчний сайд П.Ганхүү онцолж, “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг”-ийн VII чуулганд оролцох үеэрээ мэдэгдэв.

2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 45 хувьд хүрнэ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо уг чуулга уулзалтад дэлхийн 150 гаруй орны Эрчим хүчний сайд нар Засгийн газраа төлөөлж оролцсоноороо онцлогтой. Чуулганы үеэр дэлхийн эрчим хүчний салбарын шилжилтийг хурдасгахын тулд хөрөнгө оруулалт харамгүй зарцуулах, технологийн шинэчлэл хийх болон инновацийн асуудлыг голчлон хөндсөн байв. Тиймээс ч “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг”-ийн ерөнхий захирал Аднан З.Амин чуулганы нээлтийн үеэр “Дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хөгжил асар хурдацтай байна. 2015 онд гэхэд 47 ГВт-ын нарны цахилгаан станц, 63 ГВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станц ашиглалтад орсон нь нийт 270 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт болжээ. Таван жилийн дотор сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал жилд 15-25 хувиар өссөн. Харин 2030 он гэхэд 45 хувьд хүрэхийг манай REmap судалгаагаар тодорхойлоод байна” гэж онцлон хэлж байв.

Исланд улсын газрын гүний дулааны эрчим хүч ашиглаж буй туршлагаас хуваалцав

Уулзалтын хүрээнд ноён Аднан З.Админ, Исланд Улсын Ерөнхийлөгч асан Олафур Рагнар Гримссон, Абу Даби хөгжлийн сангийн дарга удирдлагуудтай тусгайлсан уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Тухайлбал, ноён Аднан З.Админтай уулзахдаа нийслэл Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд агаарын бохирдлыг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний технологи буюу газрын гүний дулааны насосыг ашиглах, Нарны цахилгаан үүсгүүртэй хосолсон Литий-ион цэнэг хураагуурын системийг нэвтрүүлэх загвар төслийг санхүүжүүлэх асуудлыг хөндсөн байна. Мөн Исландын Ерөнхийлөгч асан Олафур Рагнар Гримссонтой уулзахдаа тус улсын газрын гүний дулааны эрчим хүч ашиглаж буй туршлагаас хуваалцаж, монголд төсөл хэрэгжүүлэн, хамтран ажиллах тухай ярилцжээ. Исланд улс нь сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангагдсан орон юм. Түүнчлэн чуулганы хүрээнд Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулах сонирхолтой гадны хувийн хэвшлийн төлөөлөгчдийг Эрчим хүчний сайд П.Ганхүү хүлээн авч уулзсан байна. Тухайлбал, Францын эрчим хүчний “Терраватт” компанийн ерөнхий нарийн бичгийн дарга ноён Жан Паскал ФамБатай уулзахад нарны цахилгаан станц монголд барьж, үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчийг 10-аас доош америк центээр нийлүүлэх санал тавьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *