Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Нийгмийн даатгалын тогтолцоо эдийн засгийн алдагдлыг улам нэмэгдүүлж байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Та Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдэл, зарцуулалт, хадгалуулсан банк түүний хүүгийн хэмжээ болон цаашид энэ чиглэлээр хийгдэх ажлын талаар Ерөнхий сайдаас асуулга тавьсан. Яагаад ийм асуулга тавих болов?

-Би эдийн засагч мэргэжилтэй хүн. Өнөөдөр Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад орлогын зөв хуваарилалт чухал болж байна. Бидний зорьж буй нийгмийн нэг согог гэж хэлж болох өмчийн хуваарилалт дээр тулгуурласан баян хоосны ялгаа ихэссэн. Тэр дундаа дэлхийн улс оронд тухайн улсын баялгийн 90 орчим хувь нь нийт хүн амын 15 хувьд оногддог бол Монгол Улс дэлхийн чихийг дэлдийлгэх хэмжээнд хүрчихсэн. Манайд хүн амын тав хүрэхгүй хувь нь баялгийн 90 орчим хувийг эзэмшиж байна. Тэгэхээр орлогын тэгш бус хуваарилалтыг зохицуулах дунд болон урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн бодлогыг эргэж харах, эдийн засагт хүндрэл учруулж буй засч залруулах боломжтой зарим асуудлаа цаг үетэйгээ нийлүүлэн өөрчилж сайжруулах шаардлага тулгарч байна. Үүний томоохон үндэс нь болох Нийгмийн даатгал татварын томоохон суурь болж байгаа тул анхаарч ажиллахаас өөр аргагүй юм.

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө иргэдийн анхаарлын төвд байдаг хэдий ч яг хэдий хэмжээний хөрөнгөтэй нь тодорхой бус. Ерөнхийдөө ямархуу орлого, зарлагатай байдаг юм бэ?

-2016 оны байдлаар нийгмийн даатгалын орлого 1.4 тэрбум орчим, зарлага нь 1.9 тэрбум төгрөг байсан байна. 500 гаруй тэрбум төгрөгийн татаас авсан гэсэн үг. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2.2 хувьтай тэнцэж байгаа юм. 2017 онд бараг 600 орчим тэрбум төгрөгийн татаас авахаар байна. Хөгжингүй улс орнуудын жишгээс харахад нийгмийн даатгалын сан нь алдагдалтай байдаггүй, алдагдал байлаа ч сангийн менежмэнт нь зөв явагдаж, алдагдлаа нөхөж ашигтай гарсан байдаг. Эндээс харахад манай нийгмийн даатгалын тогтолцоо буруу байна. Санг удирдаж байгаа удирдлагын баг зөв менежмэнт явуулж чадаагүй. Энэ байдлаараа цааш явбал энэ алдагдал 2020, 2030 он гээд жил ирэх тутам өссөн дүн харагдаж байгаа.

-Өнөөдөр даатгалд хамрагдагчдын тоо хэд байдаг юм бэ. Төрийн болон хувийн хэвшилд ажиллаж буй хүн амын цөөнх дээр даатгалын сан тулгуурлаад байгаа юм биш үү?

-Яг тийм. Ганцхан тоо баримт дурдахад 2016 оны байдлаар нийгмийн даатгалаас давхардсан тоогоор зургаан сая орчим хүн үйлчилгээ авсан байдаг. Үүний 5.5 сая нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан гэвэл нэг хүн хоёроос доошгүй үйлчилгээ авсан гэсэн үг. Гэтэл нийт хүн амын 31 орчим хувь нь л даатгал төлдөг. Өөрөөр хэлбэл, 10 хүн тутмын гурваас нь даатгалын хураамж аваад буцаагаад 10 хүнд хуваахаар Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллах нь тодорхой. Энэ бол зохистой харьцаа алдагдаж байгаа хэрэг. Ажил эрхлэх насны хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн дийлэнх нь нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байна. Тэгэхээр хүн амын нэгдсэн бүртгэлийг сайжруулах, хүн бүрийг даатгалд хамруулах нь чухал.

-Хэрэв хөдөлмөр эрхэлж буй иргэн бүр татвар, даатгалаа төлбөл улсын төсөвт орлого нэмэгдэх үү?

-Хүн бүрийг хамруулж чадвал наанадаж улсаас татаас авахаа болино. Түүнчлэн сангийн мөнгөөр зөв менежмэнт хийж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгох, үр ашгаа өгөх эргэн төлөгдөх томоохон төсөл хөтөлбөрт эргэлдүүлэх, бонд, хувьцаа худалдаж авах гэхчилэн эдийн засгаа эрчимжүүлэхэд чиглэсэн олон асуудлыг шийдэж болно. Эдийн засаг эрчимжсэнээр даатгалын сангийн бааз суурь нэмэгдэнэ. Сангийн мөнгө бага байгаа нь нэг талаараа цалин орлоготой шууд холбоотой.

Тэгэхээр цалинг нэмэхийн тулд эдийн засгийг эрчимжүүлэх бүтээмжийг нэмэгдүүлэх замаар орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Цалин өссөнөөр даатгал болон татварын хэмжээ нэмэгдэж сангийн чадамж сайжирна. Өнөөдөр манайд нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 3600 орчим доллар бол Солонгост 26 мянган доллар, Япон 130 сая хүнтэй мөртлөө нэг хүнд ногдох нь 38 мянган доллар буюу манайхаас 10 дахин их байна. Манайд эдийн засгийн өсөлт хангалтгүй байгаа учраас нийгмийн даатгалын сан алдагдалтай байна. Манайхан эдийн засаг гэхээр л улс орны эдийн засаг, уул уурхай, бонд энэ тэр гээд их томоор боддог. Гэтэл иргэдийн ахуй амьдрал, нийгмийг тойрсон энгийн асуудлууд дээр эдийн засаг тулгуурлаж байдаг.

-Ер нь манай улсын иргэдийн дундаж цалин хэдэн төгрөг байдаг юм бэ?

-Өнөөдөр ажил эрхэлж байгаа иргэдийн 16 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгөөс доош цалинтай, 31 хувь нь 192-500 мянга, 38 хувь нь 500 мянгаас нэг сая хүртэл цалинтай, 15 орчим хувь нь нэг саяас дээш цалинтай байна. Цалин бага болохоор сангийн хөрөнгө бага байна гэж ойлгож болно.

-Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг харилцах болон хадгаламжийн хэлбэрээр байршуулдаг гэсэн. Хадгаламжийн хувьд хаана, ямар байдлаар хэдэн хувийн хүүтэй хадгалагддаг юм бол. Гадны банкны нэр сонсогддог юм билээ?

-Надад байгаа мэдээллээр өнөөдөр Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 885 тэрбум байгаагаас 57 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд жилийн 12 хувийн хүүтэй, 577 тэрбум төгрөгийг Төрийн банк, Чингис хаан банк, Улаанбаатар хотын банк, Капитал банк, Капитрон банк, Голомт банк, Хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Худалдаа хөгжлийн банкинд жилийн есөн хувийн хүүтэйгээр хадгалуулж байсан юм байна. Саяхан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөс жилийн хүүг нэмж 15 хувийн хүүтэй хадгалуулахаар зөвшилцөж тохирсон нь сайн хэрэг. Ийм боломж байсан байна.

-Жилийн хадгаламжийн хүүг Үндэсний зөвлөлөөс тогтоодог юм уу. Бас хадгаламж нээх банкийг яаж сонгодог юм бэ?

-Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл гэж есөн хүний бүрэлдэхүүнтэй удирдлага бий. Засгийн газрыг төлөөлөн НХХЯ-ны сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд, даатгуулагчийг төлөөлөн гурван гишүүн, ажил олгогчийг төлөөлсөн гурван гишүүнээс тус тус бүрддэг бөгөөд тус зөвлөлөөс тухайн жилд хадгалуулах мөнгөний хүү болоод банкуудыг сонгож байршуулдаг. Хадгаламжийн хүүний хувьд 2015 онд 11 хувийн хүүтэй хадгалуулж байгаад 2016 оны хавар есөн хувь болгож бууруулсан байсныг сая шинэ удирдлагын баг хуралдаад 15 болгосон байна. Эндээс харахад татвар төлөгч миний хувьд ч ойлгомжгүй зүйлүүд байна. Тэгэхээр энэ сангийн үйл ажиллагааг илүү тодорхой нээлттэй болгох, сангийн мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд мэдээлж байх, шилэн болгох, татвар төлсөн иргэд дансаа шалгая, мэдээлэл авъя гэхэд тэр нь хялбар байх гэхчилэн нээлттэй бодлого, хяналтын системийг сайжруулах шаардлагатай.

-Нас барсан иргэдийн нэр дээр тэтгэвэр авдаг, барилга байшин засвар үйлчилгээ, техник тоног төхөөрөмж авах нэрээр маш их мөнгө зарцуулдаг гэдэг?

-Яг хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон нь Нийгмийн даатгалын гурван байцаагч бусдын нэр дээр нийт 85.7 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийг хууль бусаар авсныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хохирлыг барагдуулсан гэсэн мэдээллийг албан ёсоор авсан. Энэ бол гэмт хэргийн шинжтэй тогтоогдсон зөрчил болохоос биш таны хэлдгээр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг асуудал байгааг үгүйсгэхгүй. Нийгмийн даатгалын тухай хуулинд тус байгууллагын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг Нийгмийн даатгалын сангийн орлогоос санхүүжүүлнэ гэж заасан байдаг тул үе үеийн шийдвэр гаргагчдын хувьд хэт үрэлгэн зардлыг гаргаж ирсэн нь жилээс жилд өсөж ирсэн зардлын тайлангаас тодорхой харагдаж байна. Дээр хэлснээр Нийгмийн даатгалын санг шилэн болгох, даатгуулагчид сангийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг харж болох тогтолцоог нэвтрүүлэх. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд татвар төлөгчдийн төлөөллийг түлхүү оруулах шаардлагатай. Өнөөдөр сонгууль болж засаг солигдлоо, өөрийнхөө намын хүмүүсийг томилно оо л гээд байхаас биш үр дүнг харж хянадаг систем алга. Өнгөрсөн хугацаанд ажилласан тайланг нь хэлэлцэх, шүүдэг журам алга. Зүгээр л чөлөөлөөд дараагийн хүнийг нь томилдог жишиг тогтчихсон. Тэгэхээр үйл ажиллагаа, зардлыг биш үр дүнг санхүүжүүлдэг системд шилжих хэрэгтэй гэх мэт зайлшгүй өөрчлөлт, шинэчлэлийг хийх ёстой.

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барилга байшин барих, засах гэхчилэн хөрөнгө оруулалтын зардал их гардаг юм билээ. Энэ хэр нийцтэй вэ?

-Нийгмийн даатгалын байгууллагын хөрөнгө оруулалтыг сүүлийн найман жилээр гаргасан тайланг харж байна. Үүнд барилга байгууламж барих, барилгын урсгал болон их засвар гэх мэт зардлууд жил тутам өссөөр 1997 онтой харьцуулбал 20 дахин өссөн. Хөрөнгө оруулалт, ДНБ-ий өсөлттэй зүй ёсоор холбогдох боловч нөгөө талаараа төсөв захиран зарцуулагчдын бодлого шийдвэртэй ч бас холбоотой. Өнгөрсөн хугацаанд бүх аймаг, зарим сумд өөрийн гэсэн байр байшин зарим нь бүр амралт сувиллын газартай ч болсон байна. Энэ бол буруу. Амралт сувилал хэрэгтэй бол тийм үйлчилгээ эрхэлдэг газраас үйлчилгээ авах хэрэгтэй.

-Буруу тийшээ яваад байгаа тогтолцоог яаж зөв чигт чиглүүлэх вэ?

-Өнөөдөр дэлхий нийтээр хүмүүсийн дундаж наслалт нэмэгдэж байна. Монгол хүнийх ч мөн адил. Төрөлт нэмэгдэж дундаж насжилт уртассан нь мэдээж маш сайн үзүүлэлт. Гэхдээ үүнийг дагаад ажиллах хүчний тоо буурч, жилээс жилд олгох тэтгэвэр тэтгэмж, халамжийн хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс бид нийгмийн даатгал, түүний санд зөв менежмэнт хийхгүй бол алдагдал улам нэмэгдэнэ. Яриад суух биш хийж эхлэх цаг нь болсон байна. Тухайлбал, тэтгэвэр дээр гэхэд байнга яригддаг тэтгэврийн зөрүүний асуудлаа цэгцэлье, тэтгэвэрт гарах насыг сонголттой болгоё. Нэрийн дансны тогтолцоогоо хэрэгжүүлье. Өнөөдрийн нийгмийн даатгалын тогтолцооноос харахад авч байгаа тэтгэвэр төлсөн тэтгэврийн зөрүү 1-4 дахин алдагдалтай байна. Өгч байгаа татвар, авах тэтгэврийн хэмжээ, насны зохистой харьцаа алдагдсан. Энэ бол тэтгэврийн тогтолцоо буруу явж байгаагийн жишээ юм. Хүн амын олонхийг бүрдүүлж байгаа залуучуудаа ажилтай, орлоготой болгож тэр хэрээр даатгалд хамруулах нөхцөлийг бий болгох шаардлагатай. Нийгмийн даатгалын татвар, хураамжийг татварын байгууллагаар дамжуулан авч, хяналт шалгалтыг нь давхар хийх замаар зардлыг бууруулах боломж байна. Өнөөдөр Нийгмийн даатгалын үйл ажиллагаанд жилд 19-20 тэрбум зардаг. Хэдийгээр 100 төгрөг олоод нэг төгрөг зардаг гэж байгаа ч үрэлгэн төсөв их байсан байна. Цаашид зардлыг танаж, бүтцээ цомхон болгох шаардлага бас байна гэж харж байна. Энэ мэтчилэн эдийн засгийг эрүүлжүүлэх, эрчимжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулахад энэ салбарт анхаарч ажиллана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *