Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башё буюу нэгдүгээр сарын барилдаан болж өчигдөр өндөрлөсөн. Хацү башёд “Тагоноүра” дэвжээний Озэки Кисэносато ганцаараа нэг унаатай тэргүүлсээр анх удаа Эзэн хааны цом хүртсэн билээ. Озэки Кисэносато 15 жилийн турш сумод барилдахдаа ганц ч удаа башё өнжиж үзээгүй бөгөөд дэд байрт 12 удаа шалгарч, Озэки цолтой таван жил буюу 31 башёд барилджээ. Түүнд энэ башёд түрүүлбэл аварга цол өгнө хэмээн амласан байсан юм.
Тэгвэл Мэргэжлийн сумогийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өнөөдөр хуралдаж, түүнд их аварга цол олгохоор шийдвэрлэжээ.