МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн ахлах багш Д.Оюунчимэг пи арын тухай ярьсныг тоймлон хүргэж байна.
РR гэдэг нөлөөт толь шиг. Нөлөөт толины өмнө жижигхэн туулай очингуутаа чононоос том болж харагдана. Яг л тэр. Пи арыг хов хоосон дээр хийхгүй. Сэрээг хутга гэж гүрийж болохгүй. Ядаж л хумсны хутга байсан бол “Тэр аймаар хутга барьж дайрсан” гэж хэлж болох нь. Нэг хүний төлөө пи ар хийх гэхээсээ массын хандлагыг өөрчилдөг арга гэж ойлгож болно.
ЦАГАА ОЛОХ ХЭРЭГТЭЙ
Ерөнхийлөгч аргаа бараад шинэ жилээр аягатай сүү барьчихаад “Сүүгээ өргөе” л гэнэ. “Шинэ жилээр шампанск буудуулахгүй яах юм” гээд хүлээж авахгүй. Хүлээж авахааргүй үед хэлээд байгаа юм. Энэ чинь өрх гэрт ч байдаг үзэгдэл. Нөхөр наадмаар бөх үзэх гээд улайрчихсан сууж байхад нь “Хөөе, чи ханан дээр юм хадаад өг” гэвэл боож үхмээр юм болно биз дээ. Цагаа, эвээ олохгүй үе бий.
БАЙГАА ЮМАА БОРЛУУЛ!
Донжийг нь олох, хэтрүүлэхгүй байх учиртай. Зохицол чухал. Байгаа юмаа л борлуулна гэсэн үг. Хүмүүс “Хурдан морь зарна” гэхэд би атаархаад ямаа хөтөлчихөөд “Энэ аймаар хурдан” гэж болохгүй. Түүний оронд “Ямаа гэдэг дороо үрждэг юм. Ихрийн удамтай. Ноолуур арвинтай” гэх нь дээр. Манайхан болохоор “Хурдан морь л хэрэгтэй юм байна. Би бас морьтой болъё” гээд алалцаад байдаг юм.
НИЙГЭМ ЭМЭГТЭЙ ХҮНД ИЛҮҮ ӨНДӨР ШААРДЛАГА ТАВЬДАГ
Нийгэм эмэгтэй хүнд илүү өндөр шаардлага тавьдаг. Эмэгтэй хүн жаахан алдаа гаргавал сурвалжлагч нар, хүмүүс “Тэр бохь зажиллаа” гэдэг. Эрэгтэй хүнийг болохоор өөлж харахгүй. Эмэгтэйчүүд өөрсдөө ичээд байдаг. Хүүхдийг гижигдэхээр инээдэг. Яах ч үгүй хүнийг хэн ч гижигдэхгүй шүү дээ. Эрчүүд бол ичдэггүй. “Д.Оюунхорол үүрэглээд, хөгширчихсөн юм байна, тэтгэвэртээ гараасай” гэнэ. Энэ л хэцүү. Эмэгтэй хүмүүст хамгаалалт байдаггүй. Эмэгтэйчүүд улс төр, нийгмийн ямар ч ажилд багаараа явж байх ёстой. Эрэгтэй багш согтуу байвал “Хөөрхий, уучихаж, гэрт нь хүргээд өг” гэнэ. Намайг согтуу шалан дээр хэвтэж байвал арав, хорин жил ярина шүү дээ. Аягүй бол талийчихсан хойно “Нэг тийм багш байсан юм” гээд ярина даа. Л.Эрдэнэчимэг хэн ч төрсөн өдрөөрөө халамцаад хэлдэг үгийг л хэлсэн. Уг нь Л.Эрдэнэчимэг мөлхөө аргаар тойрогтоо гайгүй ажилласан юм. Мөлхөө арга гэдэг нь санал авах гэж байгаа биш би та нарын зовлонг хуваалцаж байгаа юм гэдэг байдлаар ажиллахыг хэлж байна. Гэтэл ганц тэр үгнээс болоод тэр их хичээл зүтгэл юу ч биш болсон. Эмэгтэй хүн алдаа гаргаж болдоггүй. Пи ар нийгмийн үзэгдэл үйл явцад хандах хандлагыг өөрчилдөг арга.
ПИ АРЫН МЭРГЭЖИЛТЭН ХҮМҮҮСИЙГ ХЭЗЭЭ Ч АЛБАДДАГГҮЙ
Хүнийг хүчилж болохгүй. Охин залуу хоёрыг гэрлүүлэх гэж байгаа бол “Та хоёрыг танилцуулмаар байна” гэвэл хэзээ ч танилцахгүй. “Тэр тэнэг охиноор чинь яах юм бэ” л гэнэ. Үүнтэй адилхан пи ар гэдгийг шууд тулгаад, улаан цагаан захиалгаар бичиж байгаа нь харагдаад байвал үр дүн багатай. Пи ар гэдэг уран бөгөөд чимхэх арга байдаг. Шургах чимхэх аргаар мессеж шидчих хэрэгтэй. Эвгүй зураг мессеж шидчихдэг. Донжийг нь олсон юм хүнд хүрдэг. Ямар нэг юмыг харах өнцгийг өөрчлөхөд пи арыг ашиглах хэрэгтэй. Хэнд юуг ямраар ойлгуулах гээд байгаа вэ. Хэнд зориулж мэдээлэх билээ. Намынхаа гишүүдэд юм уу, масст юм уу, оюутанд юм уу. Юуг ойлгуулах гээд байгаа вэ? Хөтөлбөр үү, хүнээ юм уу, арга хэмжээ юм уу? Ямраар ойлгуулах гэсэн юм бэ гэдгээ бодох хэрэгтэй. Өнцгөө олох хэрэгтэй. Хэзээ, хэрхэн гэсэн асуултанд хариулах учиртай. Өнөөдөр захиалга өгөөд, гурван сэтгүүлч суулгаж бичээд, маргаашийн сонин дээр гарч, тэр нь хүмүүст очоод, толгойд нь наалддаг юм биш. Барааг хүртэл сурталчилахдаа “Удахгүй гарч ирнэ”, “500…” гээд амь нь тэмцэхээр “Аа энэ нэг ундаа юм” гээд гаргаад ирэх жишээтэй. Хүлээлт үүсгэдэг. Хүлээж авахааргүй нөхцөлд хэлбэл сувгаа солино шүү дээ.
ДОНЖ, ӨНЦГӨӨ ОЛОХ, ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Дутааснаас хэтрүүлсэн нь бүр хортой. Ялгарах, хүний анхаарал татах үүднээс хэтрүүлэл хэрэглэж болно л доо. Агуулга дээр харин хэтрүүлж болохгүй. Пи ар моодонд орчихоод байгаа болохоос биш маркетинг дотор байдаг зүйл. Маркетинг борлуулалтаас үүссэн. Үүнийг яаж зарах вэ гэдгээс л үүссэн. Одоо бол маркетингийн цогц эрин зуун. Маркетингийн зарчим бол борлуулалтан дээр хэт хүч чармайлт гаргахгүй байх юм. Бүтээгдэхүүнээ борлуулахын тулд “Багш нартаа бөөний үнээр нь өгнө”, “Цалингийн оронд тараана” гэдэгтээ хүрч болохгүй гэсэн үг л дээ. “Хоёрыг авсан хүнд нэгийг үнэгүй өгнө” гэдэг дээрээ тулахгүйгээр би хувцасныхаа загвар бүх юмыг шийдчихсэн байх учиртай. “Энийг л авмаар байна. Энэ дэлгүүрт хүн таньдаг уу” гэж эрж хайх ёстой. Түүнээс биш “Хувцас оёчихсон чинь хүн авдаггүй ээ. Дэлгүүрт өгсөн чинь борлогддоггүй ээ” гэж болохгүй. Улс төр, сонин хэвлэлийн нийтлэл ч ялгаагүй хүний анхаарлыг татах мессеж өгөх хэрэгтэй болдог. Олон бассейн байлаа гэхэд яаж ялгарах вэ?
Усны ариун цэврийг байнга хянадаг, орж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг хянадаг эмчтэй гэдэг ч юм уу, халтирахааргүй сайн чанарын дэвсгэртэй, усаа байнга сольдог гэх мэт онцлогийг нь сурталчилж болно. Хүмүүсийн эмзэг ханддаг асуудал зөндөө бий. Уснаас гараад арзайгаад явахгүй, үсчинтэй ч гэж болно. Асуудлыг судлаад түүн дээрээ дөрөөлөөд “Би ганцхан шүү” гэдгээ гаргаж ирэх учиртай. Сурталчилах гэхээсээ судлах, өөрчлөлт хийх чухал. Хэрэглэгчээ судлах хэрэгтэй. Бассейнд хүн бүр очихгүй. Очиж байгаа хэсгээ судлах ёстой. Судалгаа гэхээр манайхан санал асуулга авах юм уу, орж гарсан хүмүүсээр бөглүүлээд авчихдаг. Тийм биш. Бусад газар орж байгаа хүмүүсийг татахаар судалгаа хийнэ л гэсэн үг.
Анхны рекламуудыг хүмүүс санадаг л даа. Сансилк ч билүү шампунь гарсан чинь “Яаж энийг олж авна аа” гэсэн гэдэг. Анх “Их хурд” болоход гадныханд захиалаад маш хүчтэй сурталчилгаа хийсэн. “Буянтай нь үзнэ. Бусдад нь сонсогдоно ч” гэдэг билүү. Тэгэнгүүт манай хэдэн багш нар машин барьж чаддаггүй хүн хүртэл машин асаагаад явж байлаа.
НОХОЙ ЯАГААД СҮҮЛЭЭ ХӨДӨЛГӨДӨГ ВЭ?
Анхаарлыг татах хэрэгтэй. Хэрвээ сүүл нь нохойноосоо ухаантай байсан бол нохойгоо савчих байсан гэдэг. Нохой нь ухаантай болохоороо сүүлээ хөдөлгөнө гэсэн үг. Удирдлага хамт олноо савчуулахгүй сүүл шигээ сайхан хөдөлгөх ёстой гэсэн үг. Хэзээ ч сүүл байж болохгүй, нохой байя.
Хар пи ар гэж ярьцгаадаг. Пи ар юмыг зөв ойлгуулахад хэрэгтэй. Хэрэгцээ байдаг. Олон нийтийн хандлагыг өөрчлөх хэрэгцээ бий. Нийгэмд ойлгуулах мессеж олон. Гэр бүлийн хүчирхийлэл, гудамжны хүчирхийлэл, сургуулийн хүчирхийлэл гэх мэтээр нэр өгөөд байж болохгүй. Хүний эрхийн асуудал шүү дээ. Нэг хүн нөгөөгөө дээрэлхэж байгаа асуудал. Жендэр гэхээр эр, эм хүйсийг 50х50 болгох гэж ойлгоод байдаг. Гэтэл 30х70 гэсэн харьцаа шүү дээ. Аль нэг хүйс 70 хувиас дээш байж болохгүй л гэсэн үг. Манай байгууллагаас эмэгтэй хүн яваад байна, эсвэл эрэгтэй хүн тогтохгүй байна гэвэл би юм бодох ёстой болно. Энэ мэтчилэн нийгмийн олон асуудлаар зөв хандлага бий болгохын тулд бид пи арыг ашиглах ёстой шүү. Олон нийтийн санаа бодолд нөлөөлөх хэрэгцээ бий гэсэн үг.
Өнгөрсөн сонгуулиар их сургууль төгссөн залуугаас ээж нь “Сонгуулиа өгсөн үү” гэж асуусан чинь “Ямар хөгшин хүн биш та л очдог юм байгаа биз” гэж хариулсан байна лээ. Сонгууль бол өвөө, эмээ нарын ажил гэсэн ойлголт яваад байна шүү дээ. Оюутнуудаас “Яагаад санал өгөөгүй вэ” гэхээр “Найман нэр дэвшигч надад бүгдээрээ таалагдахгүй байсан” гэсэн. Миний шаардлагад нийцэхгүй байна гэсэн үг. “Тэгвэл хамгийн муу нь гарчихна ш дээ. Арай бага мууг нь гаргах хэрэгтэй ш дээ” гэхээр “Тэгж хэлсэн бол би очиж саналаа өгөх байсан” гэх жишээтэй. Гэтэл сонгогчдын оролцоо муу байгаа шалтгааныг нарийвчилж гаргахгүй. Аргаа бараад нэгж өгөх тухай ярьдаг.
ОНОСОН ГАНЦ ҮГ БАЙНДАА ТУСДАГ
Пи ар багадахгүй. Манай сургуулийн эмч вино, пиво ч ууж чаддаггүй. Насаараа согтууруулах ундаа амсч үзээгүй эмч хүнийг хүртэл шоконд ортол хэлсэн байгаа юм. Хөдөө явж байгаад тэр олон хүний дунд “Аа, сүртэй юм уучих даа” гэсэн бол уухгүй ш дээ. Гэтэл санаа алдаад “Иш, чи минь яасан буянгүй хүн бэ” гэчихсэн чинь “Яаж нэг аяга пиво ууж сурдаг юм билээ” гээд явж байсан. Тэгж байгаад чи мартана биз дээ” гэсэн чинь “Насаараа мартахгүй” гэж байгаа юм. Энэ чинь хүнийг архинд оруулах аймаар муухай үг байгаа биз. Үг цөөдөхгүй. Хүнийг эргүүлэхийн тулд олон үгээр яншаад хэрэггүй. Оносон ганц үг байндаа тусдаг үе бий. “Малаа яаж маллахыг марксизмаар заалгахгүй” л гэнэ. Цагтаа заалгаж байсан шүү дээ. Зөндөө зөвлөгөө гардаг, отор нүүдэл хийхийг заадаг. Өөхөн тарга хэзээ авахуулахыг ч заадаг байсан. Манай аав нэгдлийн дарга байсан болохоор би сайн мэдэж байгаа юм. Марксизмаар заалгасан байхгүй юу. Зуны турш хэд нүүдгийг нь ч тоолдог байсан. Үнэн худал нь хамаагүй, донжийг нь олоод хэлчихсэн үг нийгмийг эргүүлэхэд айхавтар нөлөөлж байгаа юм.
Пи арын албаны чиг зорилго бол байгууллагын корпоратив имижийг бүрдүүлэх гэдэг. Нэг сумын эмнэлэг муу гээд бичигдэхээр сумын эмнэлэгт хүн үзүүлэхээсээ айдаг. Хүйсийн, мэргэжлийн корпоратив гэж байдаг. “Нягтлан хүмүүс нарийн шүү” гэхээр би ч нарийндаа ороод л явчихна. Багш хүн гэхэд материаллаг зүйлээр анхаарал татахгүй байх учиртай. Багш ямар гоё ээмэг зүүчихсэн юм бэ гээд хараад байвал хичээлээ ойлгохгүй. Ярьж байгаа юманд нь анхаарал хандуулах л чухал.
МЭРГЭЖЛИЙН ХҮНД ХАНД
Хэн таныг хамгийн сайн мэдэх вэ гэдэг асуултанд “Миний хань сайн мэднэ”, “Эхнэр сайн мэднэ” гэж хариулдаг. Тийм биш. Огт танихгүй ч мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Пи ар мэргэжлийн багт кризисник (хямралын мэргэжилтэн), спиндоктор (эргүүлэх), цуурхлын мэргэжилтэн, хэвлэлийн нарийн бичиг гээд бүхэл бүтэн баг ажиллах учиртай. Асуудалд орлоо гэхэд өөрөө үзэлцээд бай гэсэн үг биш. Мэргэжлийн хүмүүсээр үзэлцүүлдэг. Муу бэр гэсэн бол хадам ээж хамгаална, нөхөр, хүү хамгаална. Эмэгтэй хүн багтай байх ёстой. Баг нь мэргэжлийн хүмүүсээс бүрдэх учиртай. Түүнээс биш найз нөхөд хамаатан саднаас бүрдсэн баг найдвартай биш. Цуурхлын мэргэжилтэн гэхэд Монголд их хэрэгтэй. Кризисник гэхээр хямралыг далимдуулж нэр хүнд хийдэг. “Скандал” гэдэг кинон дээр гардаг Оливия гэдэг эмэгтэй кризисник. Хаана ямар хүндрэл гарна тэрний хувьд бүр олз болдог. Хэрвээ би эмнэлэгийн дарга байлаа гэхэд эмнэлэг дээр хүндрэл үүсч, хүүхдүүд өвдөж, шалан дээр хэвтээд, эм дуусч, ажлаасаа халагдах гээд байна гэж бодъё. Эвээ олохгүй бол би эцэг, эхчүүдийг загнаад “Чи хүүхдээ яах гэж өвчин тусгасан юм, хохь чинь, гэрээсээ ор авчир” гээд аавыг нь уурлуулна. Эвийг нь олох юм бол эцэг, эхчүүдтэй ярьж байгаад нэг өрөө тохижуулаад авчихаж болно. Асуудлыг шийдэж нэр хүнд олно.
Бусад улс оронд нэг их ашиглагдахгүй юм шиг хэрнээ манайд бол их ашиглагддаг ажил цуурхлын мэргэжилтэн. Ойлгоход амархан жишээ хэлье. Москва хотын даргын суудлын төлөө нэг профессор өрсөлджээ. Ядуу гуйлгачин профессор элэнцгээ хийдэг юм гээд хүмүүс авч хэлэлцэхгүй байсан чинь “Энийг яах вэ” гээд мэргэжилтэнд хандаж л дээ. Гэтэл тэр нэр дэвшигчийн зусланд хулгай орсон чинь тийм тийм үнэтэй эдлэл алдагдсан гэсэн мэдээ хэвлэлд гарчээ. Профессор болохоор өөрөө “Мэдэхгүй, манай зусланд хулгай орсон гэж хэн бичсэн юм” гэнэ. Юутай ч тэр ядуу биш болж харагдсан.
Ганцхан пи арчин гал болдоггүй. Багаар ажилладаг. Баг фокус бүлэг дээр судалгаа хийж, баруун аймагт бол ийм үг хүлээж авдаггүй юм байна гэх мэтээр дүгнэлт хийнэ. Манайд ийм баг бүрдүүлж чаддаггүй учраас нэг хүн олон ажил хавсарч хийдэг.
Хэлэх үгээ бичүүлнэ гэхээр хоёр туйлшрал байдаг. Нэг бол өөрөө их ухаантай хүн болох гээд бүх хэлэх үгээ бичих гэж оролддог. Эсвэл хүний бичсэн үгийг буруу зөвгүй уншаад зоо гэхэд нь 300 гэж унших юм болдог. Аль нь ч биш. Би илтгэлийнхээ санааг бичдэг. Ийм таван бүлэг үг яримаар байна гээд мэргэжлийн хүнээр бичүүлээд, эргээд өөрөө уншихад миний санаа буухгүй байж болно. Ингэж харилцан ярьж бичдэг. Нэг бичсэн юм аа залуус дээр очсон ч яриад, малчид дээр очсон ч уншаад явдаг. Тийм байж болохгүй.
Спиндоктор эргүүлэх, эмчлэх гэсэн үг. Жишээлбэл манай нэг оюутан. Ш.Отгонбилэг гуайг амьд байхад “Яана аа, зууны луйварчин дээр ажиллах захиалга ирлээ” гээд явж байсан. “Яваач дээ, наад хүн чинь -10 оноотой бол хасах тэмдгийг нь л өөрчил” гэсэн. Тоог яаж ийгээд нэмэх тэмдэг болгож болдог. “Чи үнэхээр луйварчин гээд итгээд байгаа юм уу” гэсэн чинь “Үгүй л дээ” гэсэн. Хэн ч танихгүй 0 цэг дээр байснаас бүр -15 байсан ч тэмдгийг нь өөрчилчихвөл +15 болчихно. Эргүүлэх гэж үүнийг хэлж байгаа юм.
ЮУГ ЮУГААР ДАРАХ ВЭ ГЭДЭГ ЧУХАЛ
Пи ар хүмүүсийн харилцаан дээр тулгуурладаг. Олон салбар шинжлэх ухааныг ашигладаг. Цуурхал судлал, дохио тэмдэг, утга зохиолын онол, домог судлал, хэлэлцээрийн онол, нийгмийн сэтгэл зүй зэрэг олон салбар шинжлэх ухаануудын уулзвар дээр үйлчилнэ.
Зөрчлийг шийдвэрлэх үндсэн аргыг гадарладаг байх ёстой. Цаг хугацаа, орон зай, бүтцийн, нөлөөллийн харьцааны аргууд байдаг.
Цаг хугацаа гэхээр өнөөдөр буруу ойлгогдсон юм маргааш зөвөөр ойлгогдож болно гэсэн үг. Гэрэлт цамхгийн жишээ байдаг. Том уран барималчийг гэрэлт хөшөө босгоход хаан хөшөөн дээр нэрээ сийлэхийг шаардсан байгаа юм. Гэтэл барималч өөрийнхөө нэрийг сийлмээр санагдаад байж. Ямар арга хэрэглэсэн гэхээр нэрээ сийлээд гадуур нь бүрж тэр нь хэсэг хугацааны дараа унаад, өөрийнх нь нэр үлдэхээр хийсэн байх жишээтэй.
Бүтэц гэхээр өөр нэг жишээ хэлье. Хоёр систем нөлөөллийн дайн явуулж байсан. Зөвлөлтийн эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан баримтат киног Америкт хасч таналгүйгээр гаргах зөвшөөрөл өгөх шаардлага тулгарсан юм байж л дээ. Оросууд трактор бариад, онгоцонд суугаад юу эсийг хийх вэ. Яана даа гээд мэргэжлийн хүмүүст хандахаар болсон. Гэтэл энэ баримтат киноны араас шууд Америк эмэгтэйчүүд Маяами арал дээр амарч байгааг гаргасан. Зөвлөлтөд эмэгтэйчүүдээ зарц боол шиг зарж байдаг гэсэн ойлголт төрүүлэхээр болгосон. Юуг юугаар дарах вэ гэдэг чухал.
Нөлөөлөл гэхээр амархан жишээ бий. Колончилсон улсуудыг амархан буулгаад авсан гэж болохгүй. Африкт очоод тайван унтаж амрах хэрэгтэй. Шууд буу бариад очиж болохгүй.Цагаан арьст хүн хэзээ ч үзээгүй бол цочно. Цагаан арьст хүн арай өөр, бурхнаас ирсэн гэдгийг ойлгуулахын тулд эхлээд лам хуврагууд очуулсан. Тэднээс өмнө Засгийн газраас нь илбэчин очуулж байсан гэдэг. Манайд ч гэсэн Хатанбаатар дайтаж ирээд дээлээ тайлахад өврөөс нь сум асгардаг гэх мэт домог байсан. Арван мянган гамингийн өөдөөс хэдхэн зуун хүн байлдах гээд байдаг. Айлгачихвал жалга уруудаад зугтаачихна. Яасан гэхээр өөрөө пи ар хийсэн. Түүнээс биш зальдаж байгаад өргөл барьц авах гээгүй. Гучин хэдэн оны эсэргүү бослогын үеэр ч ялгаагүй нэг зангиа өгөөд “Чи үхэхгүй яв” гэдэг чинь нөлөөллийн уран арга байсан. “Чи залуу охин байж үсээ ямар тэнэг засдаг юм бэ, ямар мангар гар утас барьдаг юм бэ” гэдэг чинь ч нөлөөлөл. Бид мэдээллийн, хэрэглээний асар их нөлөө, дарамтад байгаа.
Хүмүүст нөлөөлөх аргууд албадах (хичээлээс хөөх, торгоно шийтгэнэ), манипуляци хийх (зальдах, хуурах бохир арга) хамтын ажиллагаанд татан оролцуулах юм.
Пи арыг эерэг зүйлд ашиглаасай гэж хүсдэг. Хэнд юу тохирох вэ гэдгээ сонгох хэрэгтэй. Би овооны наадам хэсээд явбал Б.Бат-Эрдэнэ аваргатай адил нэр хүнд ирэхгүй. Манайхан хиймэл юм хийх гэж оролддог. Миссийн тэмцээнд ороод гэв гэнэт хогийн цэг дээр байгаа хүүхдэд хувцас өгдөг. Хиймэл гэдэг нь мэдэгддэг. Зориуд намайг хошигруулах гэж байна гэвэл оюутан байсан ч миний хичээлийг хийхгүй. Аргаа олох хэрэгтэй. Хичээл дээр гар утас дуугарахад багш нар “Хөөе, чи наадхаа унтраа” гэдэг. Харин би “Бүх оюутнуудын өмнө гарч ирээд уучлал гуй” гэдэг. 170 хүүхдийн өмнө гараад “Та нар намайг уучлаарай” гэсэн оюутан дахиж гар утас асаахгүй. Ичдэггүй хүүхэд гэж байхгүй, эвгүй байдалд ордог. Багш загнаад байвал багшийн нүдийг хариулаад гүйцээ. Өөр дээрээ галын цэг татах хэрэггүй.
УЛС ТӨРИЙН ПИ АР АРГУУД
Золигт гаргах буюу золиослох (даргынхаа өмнөөс шадар туслах нь бурууг өөртөө хүлээх), сүүдэртүүлэх, гэрэлтүүлэх, бүдгэрүүлэх, шилжүүлэх, хүний өмнөөс хийх, үгээр хуурах (цалинтай ээж гэхээр сонсоход сайхан), дүрээр хуурах гэх мэт аргууд хэрэглэгддэг.