Гадаад паспортыг олон улсын стандартад нийцүүлж, нууцлал бүхий чиптэй, өндөр зэрэглэлийн нууцлалтай болгохоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрынхан ажиллаж байна. Албаныхны мэдээлж буйгаар гадаад паспорт шинэчлэл ирэх оны нэгдүгээр улирлаас эхэлнэ гэж төлөвлөжээ. Ингээд 2019 он гэхэд Монголын Улсын иргэд цахим гадаад паспорттой болсон байхаар төлөвлөсөн гэв. Энэ талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү “Өмнө нь байсан нууцлалуудыг багтаахаас гадна олон улсын стандартад шаардлага хангахуйц бүх мэдээлэл, нууцлалыг багтааж байгаа. Үнэ нэмэгдэх эсэхийг хэлж мэдэхгүй байна, хэлэлцээр үргэлжилж байгаа учраас. Гэхдээ үнэ гэдэг зүйлээр барьцаалагдахаас илүү олон улсын шаардлагад нийцсэн гадаад паспортоор зорчино, хаана ч асуудал үүсэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Нууцлал сайтай учраас үнэ бага зэрэг нэмэгдэхийг үйгүйсгэхгүй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа учраас бага зэргийн үнийн нэмэгдэлд иргэд эсэргүүцэхгүй байх” гэж мэдээлжээ.