Categories
мэдээ нийгэм

Д.Ариунболд: “Чалко”-ийн өрийг дөрөвдүгээр сард бүрэн төлөхөөр төлөвлөсөн

“Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийн ордынхоо үйл ажиллагааг эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 1.2 сая тонн хөрс хуулалтын ажил хийж, 400-500 мянган тонн нүүрс олборлож, 300 мянган тонн нүүрс нээлттэй сонгон шалгаруулалтаар борлуулжээ. Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболдоос тодруулав.

-Нээлттэй дуудлага худалдаагаар нүүрсээ хэдэн ам.доллараар борлуулсан бэ?

-Засгийн газраас Баруун Цанхийн ордын нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар борлуулах үүрэг өгсөн. Сонгон шалгаруулалтын гол шалгуур нь өндөр үнэ. Сонгон шалгаруулалтын дүнд нэг тонн нүүрсийг 71.5 ам.доллараар борлуулсан. 300 мянган тонн нүүрсийг 22.5 сая ам.доллараар борлуулсан гэсэн үг. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсанаас хойш хамгийн өндөр үнэ. Анх 2012 онд манай компани Цагаанхад боомт дээр нүүрсээ 70 ам.доллараар зарж байсан. Энэ боомт уурхайгаас 240 км-ийн зайтай. Өөрөөр хэлбэл, уурхайгаас гарсан нүүрсээ 240 км-т тээвэрлэх зардалд багагүй хөрөнгө зарж байсан. Харин нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд уурхайн аман дээрээс 71.5 ам.доллараар худалдлаа. Энэ үнийг бид дэлхийн зах зээлийн ханштай харьцуулж үзсэн. Тухайлбал, ӨМӨЗО-ны Баяннуур аймагт нүүрс угаах үйлдвэрт нэг тонныг нь 145 ам.доллараар авч байгаа. Баяннуураас хилийн боомт хүртэл 200 гаруй км. Энэ зайнд тээвэрлэлт хийх, Монгол, БНХАУ-ын гаалийн татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад зардлыг хасахаар 72-73 ам.доллар болж байгаа юм. Тэгэхээр бид үнийг 1-1.5 ам.доллараар татуу зарсан байна.

-Сонгон шалгаруулалтаар ямар компани шалгарсан бэ. Цаашид нүүрсний үнийг өсгөх чиглэлд хэрхэн ажиллах вэ?

-Нүүрсний үнэ зах зээлээс хамаарна. Нээлттэй дуудлага худалдаагаар зах зээлийн үнэд ойртуулж байна. Сүүлийн үеийн мэдээгээр нүүрсний үнэ олон улсад 30-иад хувиар буурсан. Манайд ч гэсэн өчигдрийн ханшийн мэдээллээр 100 юаниар унасан байна. Энэ нь БНХАУ хаасан уурхайнуудаа дахин ажиллуулж эхэлсэнтэй холбоотой.

-“Эрдэнэс Тавантолгой” 2017 онд хичнээн тонн нүүрс олборлох вэ?

-Компанийн ТУЗ-өөс 11.5 сая тонн нүүрс экспортлох чиглэл өгсөн. Энэ үүрэг даалгаврыг биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ экспортод зах зээлийн үнэ, зам, тээврийн дэд бүтэц зэрэг олон зүйлээс хамаарна.

-Нүүрсээ нэмүү өртөг шингээн борлуулах, угаах талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Компани нүүрсээ нэмүү өртөг шингээж борлуулах нь зөв гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр судалгаа хийж байна. Мөн “Энержи ресурс” компанид “Та бүхэн манай нүүрсийг зах зээлийн үнээр аваад, нэмүү өртөг шингээгээд гаргаж болно” гэсэн санал хүргүүлсэн.

-“Чалко”-гийн өрийн үлдэгдэл хэд байгаа вэ?

-“Чалко”-гийн өр 76.5 сая ам.доллар үлдсэн. Энэ сараас гуравдугаар сарын 31 хүртэл бид нэг тонн нүүрсийг 59.3 ам.доллараар бодож өгнө. Улмаар дөрөвдүгээр сарын 01-н гэхэд “Чалко”-гийн өрийг бүрэн дарахаар төлөвлөж байна.

-“Чалко”-д төлөх нүүрсний үнэ яагаад зах зээлийн ханшаас бага байна вэ?

-2011 онд анхны хэлцэл хийхдээ “Чалко”-д төлөх нүүрсний үнийг дөрвөн төрлийн индексээр бодно гэж заасан. 59.3 ам.доллар гэдэг нь 11, 12 сарын үнийн дунджийг индексээр тогтоосон ханш юм. Ер нь бол 60 ам.доллар давах байх гэж бодсон ч ханшийн нөлөөллийн улмаас 59.3 гарсан.

-Чалкод өгөх нүүрсний үнийг зах зээлийн ханшаар тогтоож болдоггүй юм уу?

-Эдийн засаг хямралтай үед өрөө бэлэн мөнгөөр төлөх боломж байгаагүй. Тиймээс нүүрсээр төлөхөөр тохирсон. Чалкогийн өрийг барагдуулж дууссаны дараа харилцан бодит үнэ тогтоох боломж бүрдэнэ. Тэгэхээр бидний үндсэн зорилго бол Чалкогийн өрийг дарах юм.

-“Чалко”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” бүгд нүүрсний үнээ өөрөөр тогтоодог. Үүнийг нэг түвшинд хүргэх асуудлыг бодлогоор зохицуулж болох уу?

-Олборлогч компаниуд нэг цонхны бодлого баримтлахаар тохиролцоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *