Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэд хордсон байдалтай амь насаа алдсантай холбогдуулан нийслэлд шуурхай ажлын хэсгийг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас энэ сарын 17-ны өдрийн 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан Улаанбаатар хотын цагдаагийн дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн өчигдөр уг тогтоолын хэрэгжилтийн биелэлт болон нөхцөл байдалтай танилцлаа.
Эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа гээд салбар чиглэл бүрээр тусгай штаб байгуулагдан ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийнхэн штабуудаар орж цагийн байдлын мэдээлэлтэй танилцсан. Нэмж хордсон гэх дуудлага ирээгүй байгаа, гэмт хэргийн гаралт, дуудлага эрс багасч тайван байгааг штабын жижүүрүүд мэдээлж байлаа. Өчигдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт нэг дэлгүүр согтууруулах ундаа борлуулж байсан нь илэрсэн байна. Мөн саатуулах байранд хоёр хүн эрүүлжүүлэгдэхээр хүргэгдэн ирээд байлаа. Түүнчлэн Баянгол дүүрэгт нэг аж ахуйн нэгж архи согтууруулах ундаагаар үйлчилж байсныг хяналтын байгууллагаас илрүүлэн зохих арга хэмжээг авсан.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн нийтийн хэв журмын тасгийн дарга, Цагдаагийн хошууч Б.Ганзориг “Энгийн өдрүүдэд манай хэлтэст гэмт хэрэг, зөрчлийн 60-120 дуудлага ирдэг. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарсанаас хойш өнөөдрийн байдлаар нийтдээ 13 дуудлага хүлээн авсан. Эрүүлжүүлэх, саатуулах байранд хүн хүргэж өгөөгүй байна. Мөн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хариуцсан нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа эрхлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалган ажиллаж байна” хэмээлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан “НИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан тогтоолтийг иргэд, аж ахуйн нэгжүүд хэрхэн хэрэгжүүлж байгаа байдалтай шуурхай ажлын хэсэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран шалгаж, танилцаж байна. Нийт гэмт хэрэг, зөрчлийн тоо нийслэлийн хэмжээнд 50-иас дээш хувь буурсаныг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Тогтоолын хугацаа буюу энэ сарын 20-ныг дуустал архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхгүй байх тогтоолын хэрэгжилт сайн байна. Тэргүүлэгчдийн тогтоолыг иргэд, аж ахуйн нэгжүүд маш сайн ойлгож дэмжин ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд хийж байгаа ажил. Гарсан шийдвэртэй холбогдуулан бухимдал дургүйцлээ илэрхийлэхээсээ өмнө хамтран ажиллах нь нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлж буйг ойлгох хэрэгтэй. Иргэд, аж ахуйн нэгжүүд гарсан шийдвэр, тогтоолын дагуу хамтран биелэлтийг хангаж ажиллах нь эерэг үр дүнд хүрч байгааг харуулж байна” гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.