Categories
мэдээ цаг-үе

Р.Бурмаа: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг өргөн барьсан нь өөрөө хууль зөрчжээ

-ӨМНӨ БАЙСАН ХУУЛЬ , ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ЭНЭ САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН БАЙНА-


Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан билээ. Уг төслийн талаар УИХ-ын гишүүн асан Р.Бурмаатай ярилцлаа.


-Та бол Сонгуулийн нэгдсэн хуулийг батлахад ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байсан хүн. Тэгэхээр энэ хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг салгаж авч шинэчлэн найруулсан төсөл өргөн баригдсан. МАН-аас боловсруулсан уг хуулийн төсөлтэй танилцав уу. Хэр зэрэг шинэчлэгдсэн байна?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 2012 онд шинэчлэгдээд 2013 оны сонгуульд хэрэглэгдсэн. Тэр үедээ ямар нэгэн маргаан гараагүй. Энэ бол сонгууль зохион байгуулах процессыг нэлээд нарийвчлан баталсан хууль байгаа юм. Ажиглагчид тухайн үедээ Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга сайн боллоо гэж дүгнэж байсан. Тэгэхээр уг хуулийн процесс, зохион байгуулалт дээр тулгуурлаж Сонгуулийн нэгдсэн хууль бичигдсэн. Өмнөх парламент энэ хуулийг батлахдаа хоёр жил гаруй хугацаанд олон намын төлөөллийн саналыг авч экспертүүд, иргэний нийгмийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлж саналыг нь тусгаж байсан. Тухайн үед олон намын төлөөлөлтэй парламент Сонгуулийн нэгдсэн хуулийг батлахад 60 гаруй гишүүн оролцож байв. Тэр дундаа МАН-ын 15 гишүүн дэмжсэн байдаг юм. Одоогийн Их хурлын дарга М.Энхболд, гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Д.Сарангэрэл, Д.Хаянхярваа, Н.Энхболд, Д.Даваасүрэн нар Сонгуулийн нэгдсэн хуулийг дэмжин баталж байлаа. Гэтэл яагаад энэ хууль болохгүй болоод Ерөнхийлөгчийн хуулийн шинэчилсэн найруулга хийхээр болчихов. МАН-аас өргөн барьсан төслийг 2016 онд баталсан хуультай харьцуулж харлаа. Сонгуулийн нэгдсэн хуулиас сугалж авсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 97 хувь нь өмнө баталсан хуультай адил байна. Уг нь өмнө байсан Хууль, хуулийн төсөл өргөн мэдүүлэх журмын тухай хууль болон энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хууль тогтоомжийн тухай хуулийн аль алинд нь “Шинэчилсэн найруулга бүхий хуулийн төсөл өргөн барих юм бол 51 хувиас дээшгүй өөрчлөлт хийсэн байх ёстой” гэж заасан байгаа. Тэгэхээр энэ төсөл нь өөрөө хууль зөрчин өргөн баригдсан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой байсан болохоос бүхэлдээ шинэчилсэн найруулга хийх шаардлагагүй байсан байна. Иймд хуулийг зөрчин байж энэ төсөл өргөн баригдаж болохгүй л дээ. Хэрэв энэ хуулийг хэлэлцээд, батлаад явах юм бол өөрөө хуулиа зөрчсөн, түүнийг хэрэгжүүлэх процедур, дагаж мөрдөх журмыг зөрчсөн явдал болно. Дээрээс нь энэ төсөлд ямар ч судалгаа, экспертүүдийн санал алга.

-Өнгөрсөн жил болсон УИХ, орон нутгийн сонгуулиар Сонгуулийн нэгдсэн хуулийг хэрэгжүүлэхэд ганц нэг алдаа гарсан тухай мэдээлж байв. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тэр асуудлуудыг засч залруулж уу?

-2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар сонгуулийн нэгдсэн хуулийг хэрэглэх явцад сонгууль зохион байгуулагчдын зүгээс гаргасан алдаа бий. Тухайлбал, Сонгуулийн нэгдсэн хууль дээр сонгогчийн саналын нууцлалыг хамгаалах тухай сонгуулийн үндсэн зарчим болгон хангаж өгсөн байдаг. Гэтэл үүнийг сонгууль зохион байгуулж байгаа байгууллага хангаж ажиллаж чадсангүй. Жишээлбэл, саналын хуудас нимгэн, дээр нь эсгий балаар тэмдэглэгээ хийсэн нь гэрэлтэж харагддаг. Сонгогч тэр саналын хуудсаа аваад автомат машин руу явах замд нь ажиглагчид бүгд харж хэн, хаашаа саналаа өгснийг нь мэдэх боломжтой байсан. Тэгэхээр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар СЕХ-ноос журам гаргаад сонгогчийн саналын нууцлалыг хадгалж чадаж байсан. Тэр үед сонгогчийн санал өгөх бүхээгийн тоотой хавтсууд байсан. Сонгогч тэр хавтсан дотроо саналаа хийгээд автомат машинд очиж уншуулдаг байлаа. Харин өнгөрсөн сонгуулиар ийм хавтсыг үгүй болгоод, сонгогчийн саналын нууцлалыг алдагдуулсан. Энэ нь ямар аюултай вэ гэхээр санал худалдаж авсан этгээдүүд эргээд сонгогчийг дарамталдаг. “Чамд мөнгө өгсөн, чи тийшээ саналаа өгсөн байна” гэх зэргээр. Эсвэл санал авах байранд ажиллаж байгаа хорооны ажилтнууд ядуу амьдралтай иргэдийг хэнд санал өгөхийг нь ажиглаж байгаа нөхцөлд иргэд дараа нь халамж, тэтгэлэг тэтгэмжээс хасагдах вий гэсэн айдастай байна. Тэгэхээр сонгогчийг хаашаа саналаа өгч байгаа гэдгийг мэдэж, тэрүүгээр нь эргээд дарамтлах нөхцөлийг бүрдүүлсэн санал хураалт болсон. Энэ алдаа бол сонгуулийн хуульдаа биш, зохион байгуулж байгаа байгууллагуудын хийж буй санаатай юм уу, санаандгүй хийсэн үйлдлээс болж байна л даа. Үүнийг заавал хууль шинэчилж байж засах шаардлагагүй. СЕХ, Иргэний бүртгэлийн газарт даалгавар өгөөд зохицуулах боломжтой асуудлууд байна л даа. Өнгөрсөн сонгуулиас гарсан алдааг УИХ-аас анхаараад сонгуулийг зохион байгуулж байгаа байгууллагуудад даалгавар өгөх хэрэгтэй байна.

-Тэгэхээр энэ хуулийн төсөлд дээрхээс гадна ямар асуудлуудыг нэмж тусгах шаардлагатай байна вэ?

-Өнгөрсөн жилийн сонгуулиас ажиглагдсан бас нэг том зөрчил нь сонгогч шилжихдээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх ёстой байсан тэр зохицуулалтыг замбараагүйтүүлсэн. Нэг хүн арав, хорин хүний шилжүүлгийг хийж болдог, шилжиж ирсэн сонгогч хурууны хээгээ үзүүлэхгүйгээр, иргэний үнэмлэхгүйгээр саналаа өгөх боломжийг бүрдүүлсэн байгаа. Хурууны хээ бол дахин давтагдашгүй болохоор сонгогч нэг л саналын байранд саналаа өгөх давхар зохицуулалт хуульд байгаа. Гэтэл энэ хуулийн зохицуулалтыг сонгуулийн санал авахад хэрэгжүүлэхдээ хассан байна. Энэ нь юу вэ гэхээр хурууны хээг шалгахгүйгээр шилжиж очсон хүн саналаа өгч болно гэсэн зохицуулалт. Тэгсэн мөртлөө шилжүүлэг хийгээд хасагдсан газраа дахиад сонгогчийн нэр давхар бичигдсэн. Тухайн сонгогч хэд хэдэн газар давхар бичигдэж санал өгөөд, эсвэл түүний өмнөөс өөр хүн санал өгөх боломжийг бүрдүүлсэн байгаа. Хуулийг ингэж гажуудуулснаас саналын хуудас нь дутах, батлагдсанаас өөр саналын хуудсаар санал өгүүлэх зэрэг зөрчлүүд гарч байсан. Энэ нь өөрөө сонгуулийн дүнд нөлөөлөхүйц зөрчил болсон. Яагаад гэвэл нэр дэвшигчдийн ялж, ялагдаж байгаа тоо нь арав, зуу гээд хэдхэн саналын тоогоор зөрүүтэй байсан. Гэтэл хэдэн мянгаар нь шилжсэн гэдэг нэрийн дор сонгогчийн нэрсийн жагсаалтыг будилуулсан зөрчлүүд гарсан байгаа. Тэгэхээр үүнийг сонгууль зохион байгуулсан байгууллага санаатай хийсэн бол хариуцлага тооцдог, санаандгүй зөрчил гарсан бол дахин давтагдахгүй байх арга хэмжээ авах нь зүйтэй. Энэ асуудал өөрөө хуульд өөрчлөлт оруулах шалтгаан биш. Яагаад гэвэл хуульд байгаа заалтыг хэрэгжүүлэхдээ гаргасан алдаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн 97 хувьд нь өөрчлөлт ороогүй байна гэлээ. Үлдсэн гурав орчим хувьд нь оруулсан өөрчлөлт нь юу байна вэ?

-Үг үсгийн алдаа ч юм уу, нэг заалтад байгаа заалтыг хоёр болгож хуваах зэрэг байдлаар өнгөц додомдсон байгаад байдаг. Бас дордуулсан заалт ч харагдаж байна. Нэрсийн жагсаалтыг хянахын тулд сонгогчоос гадна гэр бүлийн гишүүд хянаж болдог. Дээрээс нь ажиглагчид хянадаг. Нэг айлын нэр дээр баахан олон хүнийг нэмээд биччихдэг тохиолдол ч гарч байсан. Сонгогчийн нэрсийн жагсаалтыг өөр өөр субьектууд гаргадаг байснаас хоорондоо ингэж зөрдөг байлаа. Энэ байдлыг Сонгуулийн нэгдсэн хуулиар төрийн болон төрийн бус байгууллагууд хянадаг байх нөхцөлийг бүрдүүлсэн байв. Гэтэл энэ хяналтыг шинэ хуулийн төсөлд авч хаясан байна. Нэрсийн жагсаалтыг сонгогч сонгууль болохоос олон хоногийн өмнө интернэтээр хянадаг байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, нэрсийн жагсаалтыг эцэслэсний дараа хянах боломж нь хаагдмал байдалтай болгосон хууль гаргах нь байна шүү дээ. Үүний цаана нэрсийн жагсаалтаар ашиглаж сонгуулийг луйварддаг байсан энэ хууль бус явдлаа дахиж нээж өгөх оролдлого гэж харагдаж байна. Мөн Сонгуулийн нэгдсэн хууль дээр байсан шударга байх гэсэн заалтыг авч хаясан байгаа юм. Сонгуулийг мөнгөний хүчин зүйлээс бага байлгах гэснийг ч болих заалт оруулжээ. Тухайлбал, ухуулагч, туслагчид өдрийн хоол, утас, унааны гээд үйл ажиллагааны зардал авдаг байсан. Тэгвэл уг хуулийн төсөлд ухуулагч, шадар туслагчдыг бүр цалингийн доод хэмжээгээр цалинжуулж ажиллуулах тухай нэмж өгсөн байна.

-Сонгуулийн зардал асар их гарахаар санал боловсруулсан гэсэн үү?

-Мөнгөний хүчин зүйлийг нэмж өгсөн байна. Мөн сонгуульд зориулж 9000 орчим машиныг ашиглаж болохоор зохицуулалт тусгажээ. Сонгуульд машин ашиглаж байна гэдэг нэрээр хүмүүсийн саналыг худалдаж авах оролдлого ч хийхийг үгүйсгэх аргагүй. Шинэжээчдийн нүдээр харахад сонгуулийг шударга явуулахад нийцэхээргүй заалтууд оруулсан байна л даа.

-Үндсэн хуульд парламентад суудалтай намын гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж заасан байдаг. Бие даагч гишүүдийн хувьд аль нэг намд элсэж байж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болох уу?

-2016 оны сонгууль мажоритар буюу хүнийг сонголоо. Тэгж сонгогдож байгаа тохиолдолд бие даагч гишүүд бусад гишүүдтэй адил байх боломжит эрхтэй. Тухайлбал, бие даагч гишүүн нам байгуулаад, аль нэг намд элсээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх нь Сонгуулийн нэгдсэн хуулиар нээлттэй байсан. Энэ зохицуулалтыг хаах санаатай хуулийн төсөл байна.

-Тэгэхээр МАН-аас өргөн барьж байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл ганц, хоёр хүнд зориулагдсан болж таарч байна уу?

-Энэ төслөөс одоогийн эрх барьж байгаа МАН өөрсдийнхөө эрх ашигтаа нийцүүлсэн, өрсөлдөгчдөө цөөн байлгах гэсэн санаа харагдаж байна. Бие даагч гишүүдийн Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг хаалаа. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг ч бас нэр дэвшихэд нь хориг тавьж байна. Энэ тухай хуулийн төсөлд гадаадад зургаан сараас дээш хугацаатайгаар эмчлүүлэхээр явсан бол нэр дэвшүүлэхгүй гээд заагаад өгчихөж. Тэгэхээр эрх барьж байгаа МАН өөрсдөдөө тааламжтай байдал бий болгосон, өрсөлдөгчдөө Үндсэн хуульд заагдаагүй нэмэлт шалгуур шаардлагаар хасах гэсэн оролдлогууд, далд санаатай байна л даа. Ийм далд санааг биелүүлэхийн тулд ямар ч шаардлагагүйгээр Сонгуулийн нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг татаж авах гэж оролдож байна. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэдгийг дахин хэлье.

-Ингэхэд сонгуулийн хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө баталсан байх ёстой биз дээ?

-Тийм ээ. Энэ тухай баталсан УИХ-ын тогтоол одоо ч гэсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сард болсон. Дөрвөн жилийн дараа тогтмол болох ёстой. Тэгэхээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сард болно. Үүнээс өмнө хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй. Хэрэв хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах байсан бол нэмэлт өөрчлөлтийн хэмжээнд 2016 ондоо багтааж хууль батлагдах ёстой. Аль болох олон намын саналыг авч, нээлттэй ил тодоор хэлэлцдэг. Хулгайн замаар байх ёсгүй. Дээрээс нь зөвхөн өөрсдийнхөө нэр дэвшигчид таатай болгохоор УИХ-д олон суудал авсан болон эрх мэдлийн давуу талаа ашигласан үйлдэл байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *