УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлж буй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид өргөн барилаа.
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хуулийг 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөхөөр байсныг хуулийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, хуульд заасан аргачлал, журмыг батлах зэргээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүднээс 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болгосон билээ.
Хууль тогтоомжийн тухай хууль нь хууль тогтоомжийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн болон хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх зэргээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл явцыг хангахад ач холбогдолтой хууль болсон байна.
Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах явцад практикт тулгарсан хүндрэл бэрхшээл, сургалтад хамрагдсан албан хаагчдын санал, хүсэлт зэргийг нэгтгэн дүгнэж хуулийг хэрэгжүүлэхэд тулгараад байгаа зарим асуудлыг шийдвэрлэж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж хуулийн төслийг боловсруулжээ.
Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 3 зүйлтэй бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгож, үндсэн шийтгэлийг давхардуулан оногдуулахаар заасан зөрчлийг арилгах зорилготой юм байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд, эсхүл хуульд заасан үндэслэлээр жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлгэх хариуцлагыг “торгох” шийтгэл байхаар заасан байдаг.
Мөн хуулийн 27.3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд дахин “торгох” шийтгэл оногдуулахаар заасан нь хор уршиг, нийтэд учруулах аюул, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчил үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргээс хамааран харилцан адилгүй зөрчилд нэг төрлийн шийтгэл оногдуулах оновчгүй зохицуулалтыг бүрдүүлэхээр байгаа юм байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудаас хамааран харилцан адилгүй зөрчил тус бүрт нь тохирсон шийтгэл оногдуулах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн этгээдийн зан үйл, түүнд үзүүлэх хүмүүжлийн нөлөөллийг дээшлүүлэх зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.3 дахь хэсэгт заасан зөрчилд баривчлах шийтгэлийг дангаар нь оногдуулахаар уг хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлтэй уялдуулан Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.